Ард түмэн бид яахав. Төрөө дээдэлдэг жаягаараа намууд энэхүү улс төрийн толхилцооноо хэрхэн шийдэхийг нь тэвчээртэй харж сууна. Энэ өдрүүдэд хэдэн сэтгүүлч ам.доллар өссөн буурсан амьжиргаа хүндэрсэн гэж хааяа ярихаас өөрөөр иргэдийн тогоон доторх шөлний чанар хэр муудаж цэхийснийг ярих “бие төлөөлөгч” байхгүйтэй адил байна. Уг нь бүгдээрээ л төрд нэг төлөөлөлтэй тэднээрээ дамжуулан төрийн эрх барилцах үндсэн хуультай оронд амьдарч байгаа. Гэхдээ шинэ цагийн депутатууд маань иргэдээ төрд төлөөлөхөөс гадна төрийн дээр гарчихсан намаа “нам” дагах хөшүүргэнд орчихсон байгаа болохоор одоо ид улс төр хийгээд хөлсөө ч арчих завгүй, хааяа нэг цамцаа сэвчихээд ордны өрөө буланд хуйвалдаан хийж яваа юм. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлыг эрх зүйн талаас нь харвал аль ч нам хүчин хууль зөрчөөгүй. МАН хуулинд заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах шаардлага өргөн барьсан. Шударга ёс эвсэл хуулийн заасан хэмжээнд энэ асуудлаар завсарлага авсан. АН мөн хуулинд зөвшөөрөгдсөн боломжоо ашиглаж залгамж завсарлага авчихаад байна.
1
Одоо ингээд асуудлаас бултах хуулийн хэмжээ боломж нэг юм тулж энэ лхагва гарагт Ерөнхий сайд унах эсэхийг шийдэх болж байна. Төрийн нэг институци эрх баригч нам дотроо дарга Ерөнхий сайдаа аврах уу, түлхэх үү гэсэн амин чухал асуудлаар бүлгээ хуралдуулж долоо хоног дамнан шоудлаа. Шоудсан гэж хэлэгдэх учир нь зарлагдсан байнгын хороодын хурлыг тасалдуулан байж хуралдаж байгаа юм. Нам гэдэг үнэхээр төрийн дээр завилаад суучихсан нь эндээс харагдана. Зүйрлэвэл бохирдсон усанд шарваганах жараахайнуудаас нэгийг нь амьд гарч ирэхийг хүлээхтэй адил юм болж байна. Ялалтын туг нь ч гомдож бөхийвөл бөхийхөөр дотроо хийлцэж хагаралдаж байгаа АН-ын энэ аяг олны тааллаас гажаад явчихаж байгааг мэдэрвэл мэдрэхээр л хугацаа өнгөрөөд байна. Ард түмнээс бүрэн эрхээ авчихсан парламент нэг намын аяыг харж суудагт бид бүгдийн нүд чих үнэхээр их дасчээ. Хууль тогтоох байгууллага нь нам гэдэг институцид дарлуулж суух нь бидний анх баталсан ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаа мөн үү дээ гэж асуумаар байна.
1
Хэд хоног үргэлжилсэн АН-ын бүлгийн энэ хаалттай хурал /зөвшилцөөн гэж хэлж болно/-ын цаана Ерөнхий сайдаар барьцаалсан хэдийгээ аргадах ажиллагаа явагдаад байгаа ч юм шиг. Тэрслүү хэд нь аятайхан санал сонсож атгасан гараа тэнийлгэхийг нь бид Монгол даяараа хүлээгээд байгаа ч юм шиг хөгийн санагдахаар үйл явц үргэлжилсээр. Яг л удаан үйлчилгээтэй хор залгисан мэт намууд ялзарч байгаа нь харагдаж байна.
1
Намрын чуулганы эхэнд улс төрийн том зодоон болно гэдгийг бүгд л ярьж таамаглаж байсан. Харин ийм удаан сунжирч иргэдийн тэвчээрийг барна гэж арай ч төсөөлөөгүй байх. Төсөв яаж ийгээд нэг хуулийн хоногтоо баригдаж хүчээр батлагдана. Төсвийн төслийн хууль цаг тулж хуумгай батлагддаг нь шинэ үзэгдэл биш. Энэ өдрүүдэд төсөв яанаа, ард түмэн хүлээж байна гэж ярьж байгаа улстөрчид үүсч болох энэхүү бухимдал, цаг хугацааг тооцон байж Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг өргөн барьсныг хэн ч мэдэж байгаа. Чуулган дөнгөж эхэлж Засгийн газрын шинэ бүтэц гэж хэрэлдэж байх үедээ сөрөг хүчнийхэн нэг мөр огцруулах бичиг шаардлагаа өргөн барьж болох л байсан. Тэгсэн бол өнөөдөр болж буй цаг барсан улс төрийн махчилсан ажиллагаа, хуулийн хоног завсарлага хэмжээндээ тулж Ерөнхий сайдын асуудал нэг тийш болчихсон байх байсан. Өнөөдөр нэг хоногийн өмнө ч болов төсвийн хэлэлцүүлгээ арай тухтай хэлэлцээд сууж байх байлаа. Энэ талаасаа сөрөг хүчин ч мөн яг адилхан бохирдсон усан дотор үсчихдээ төрийн тогоо руу бохир ус үсэргэж байгаатай адил. Намуудын хувин яагаад ийм ихээр бохирдов гэсэн асуултыг одоо сонгогч бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй болж байна. Энэ бол улс төрийн намуудын хууль, сонгуулийн хууль гээд улстөрчдийг төрийн эрх мэдлийн өндөрлөгт шууд хөтөлдөг хуулиудад их засвар хэрэгтэй байгааг л бидэнд хэлж өгч байна. Н.Алтанхуяг гэдэг хүн ялсан намын даргын хувьд ч Ерөнхий сайдын хувьд ч хариуцлагын нэхэл дээр ирчихээд байна. Тэр унавал унаг, үлдвэл үлдэг. Ард нь залгаад босох улс төр одоогийнхоос огт дээрдэх юмгүй үргэлжинэ. Улс төрд таныг төлөөлж биш нам бүлэглэлээ төлөөлж орох замыг нээсэн хуулиар энэ парламентын тал нь шахуу бүрдсэн тул ирээдүйд ямар нэг тайван оршлыг хүлээх нь гэнэн итгэл болно. Цаашид улам өргөжих хандлагатай байгаа намуудын хууль давсан үйл ажиллагаа, дотоод эрх ашгаа дагасан энэ хатуу гарын аяыг даах тэнхээ одоо Монголын минь ард түмэнд үлдсэн үү гэдгийг улстөрчид нэг тооцож хараасай.
1
Хэн ч Ерөнхий сайд болсон засгийн эрхийн төлөөх одоогийн увайгүй тэмцэл үзүүргүй хөврөнө. Хариултыг дээр хэлсэн. Бид олигархиудыг өлгийдөж бөөцийлсөн хуулийн орчинд хагартлаа хөрөнгөжсөн намуудын аясаар бөмбөг шиг бөмбөрч, заримдаа чулуу шиг шидүүлж давхар давхар хулхидуулсан сонгууль хийсээр ирсэн. Үүн дээр нам дамжсан байр суургүй нөхдүүдэд зам засч өгсөн алдаатай хуулийн үр дагавар ил гарч засаг төрийн ажилд гацаа үүсчихээд байна. Яг үүнтэй давхцаад нэгэн цагт сөрөг хүчнээс нууц элчээр өгүүлж АН-д залгиулсан эв эвдэх хор одоо гадагшилж их хагаралдаан бас нүүрлээд байна.
1
Энэ бүхний эцэст 2012 оны хавар, зуны хамгийн хүндтэй хүмүүс байсан эрхэм сонгогчид та бид харин юу ойлгов. Нэг нам нь хямраагаад байх л зорилготой байгаа бол нөгөөх нь албан тушаал, сайдын сэнтийг харуулсан багцын тэмцэлд улайраад дотроо хагаралдан түвшин замаар төр барьж чадахгүй байна. Яс юманд төрийн ордонд хойморлох аль ч нам нь ирэх жилийн төсвийн тухай биш түүний дараа жилийнх нь сонгуулийн тухай санаа зовниж байгаа нь нууцгүй харагдлаа. Ийм л улс төрийн хүчнүүдээр төр бариулж байгаагаа бид харж байна. Урьд нь нэг их дээрдэх юмгүй л байсан. Одоо бол шогшроод ам хатахын нэмэр. Ер нь бол АН-ынхан Н.Алтанхуяг даргатайгаа хариуцлага тооц. Энэ намын дотоод асуудал. Харин хуулийн дээр гарч дотоод асуудлаа төрийн ажил гацаан байж хэлэлцэх нь зохимжгүй. Иргэдэд бол ёстой хамаа нь үгүй боллоо. Хэн нэг нь хувин дотроос үсрэн гарч ирж Ерөнхий сайдын соёмбот тамгыг атгаг яахав. Дахиад нэг содон гуншинтай шинэ засгийн газар босог, хамаа алга. Гэхдээ хөөрхий тэр Ерөнхий сайд намынхаа бүлэглэл, фракцуудын атганаас гарахгүй л байхгүй юу даа. Бохирдсон усан дотроос цэвэрхэн жараахай гарч ирэхийг хүлээх иргэдийн гэнэн итгэл намуудын энэ увайгүй шоугаар бүрэн унтрах гээд байгааг улстөрчид мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Одоо улс төрийн намуудын шинэ хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг энэ парламент яаж хийхийг л харах үлдлээ.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/