Эрх баригч хүчин улс төрийн шийдвэрт хүрч чадахгүй хуралдаж, хоног хугацаа үргэлжилсээр. Юун ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл батлах вэ, дотроо учраа ололцож чадахгүй байхад. Эрх ашиг гэдэг мөнхийн нөхөрлөлд цэг тавьж, мөнхийн дайсныг нэгтгэж чаддаг хүчтэй эд. Нэгэн цагт нэгэн зүгт зорилго нэгтэй явсан хүмүүс ч эрх ашгийн үүднээс зам замаа хөөн салан одоцгоосон байдаг. Манай улс төрд ч ийм үзэгдэл нүдний өмнө, далд мөн ч олон давтагдсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг М.Энхсайхантай нийлэхэд УИХ-ын гишүүн, Хуульзүйн экс сайд Ц.Нямдорж “Бид хоёрын олон жилийн нөхөрлөл, хамтын ажиллагаа таныг М.Энхсайхантай гар барин хөтлөлцсөнөөр дуусгавар боллоо. Надад битгий гомдоорой, баяртай” гээд гарч байсан гэдэг. Үүнтэй агаар нэгэн үйл явдал АН-д тохиож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гар барин, гарын үсэг зурж хоёр намын хооронд урт хугацааны хамтын ажиллагаа тогтоосноор АН-ын гишүүд намын даргадаа “Таныг бид Ерөнхий сайд хүртэлх албан тушаалд дэвшүүлсэн. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяртай нийлснээр энэ бүхэн дуусгавар болж байна. Бидэнд битгий гомдоорой, албан тушаалаасаа татгалзаж, чөлөөлөгдөнө үү” гэсэн шаардлагыг тавьж байгаа.
1
Тэр дундаа үүнийг чанга дуугаар, цээж түрэн мэдэгдэж байгаа хүн бол Улсын баатар, Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл. Тэрбээр Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хоёр намын хоорондох хамтын ажиллагааны гэрээг эсэргүүцэхээс гадна Засгийн газрын үйл ажиллагааг, тэр дундаа ирэх оны төсвийн төслийг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тиймээс ч орон нутагт ирэх шилжүүлсэн нэрийдлээр хууль нь өөрчлөгдөөгүй байхад нягтлан бодох бүртгэлээр тооцоолсон хууль бус улсын төсвийн төсөл өргөн барилаа хэмээн ихээхэн бухимдалтай яваа. Цаашлаад тэрбээр бухимдахдаа “Н.Алтанхуяг, Н.Батбаяр хоёр төрийн залилан хийж, Чингис бондын мөнгийг хувийн хөрөнгө шиг зарцуулж байна” хэмээн байнгын хорооны хуралдаан дээр ширүүхэн үгээр дайрч байна лээ. Э.Бат-Үүлийг “шударга” гэж журмын нөхөд нь хэлдэг, өрсөлдөгч нар нь ч баталдаг. Тиймээс “төсвийн төсөл хууль зөрчсөн, төрийн залилан, бондын мөнгийг хувийн хөрөнгө шиг зарцууллаа” гэх үгсийг уурын мунхгаар гаргаагүй байх.
1
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар нэр бүхий 28 гишүүний гарын үсэг зурсан төсөлд УИХ дахь намын бүлгүүд дараалан засварлага авсаар байна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага авсан тав хоногийн хугацаанд тус намын бүлэг гурвантаа хуралдаж, амралтын өдрүүдэд намын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан хэдий ч өнөөдөр гишүүд зарчмын нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэл үгээ ололцож, эв түнжингээ нэгтгэх бүү хэл, асуудал ар араасаа ундарч хагарал дээд цэгтээ хүрсэн гэх.
1
Эрх баригчдыг ийнхүү мэтгэлцэж байх хооронд өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар 2015 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх эсэхийг шийдээд, хууль санаачлагчид нь буцаасан. Чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх үед эрх баригчид байсан хэдий ч хэлэлцэж байсан асуудалдаа хайнга хандсан уу, дотоод асуудалдаа хэт анхаарсан уу, гишүүдийн олонхи нь дэмжээгүйгээс хуулийн төсөл буцсан. Мэдээж дээрх хуулийн төсөлд сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байсан болохоор дэмжээгүй. Үүн дээр эрх баригчдын зүгээс дэмжигдээгүй санал нэмэгдсэнээр хуулийн төсөл “унасан” хэрэг.
1
Ирэх 2015 оны улсын төсвийг батлахад 10-аадхан хоногийн хуулийн хугацаа үлдээд байна. Гэтэл цаг хугацаагүй шахам болж буй энэ үед дагалдах хуулийн төсөл буцаагдсан нь эрх баригчдын цөөнхөд “өвдөг шороодсон” үзэгдэл үүсээд байна. Нөгөөтэйгүүр АН-ын жирийн гишүүд ч талцаж, нэгэн хэсэг чимээгүй байсан фракц, бүлэглэлийнхэн ч ичээнээсээ гарч эхэллээ. “Орон нутгийн намын гишүүд ажлаа л хийх хэрэгтэй. Тэнд Ерөнхий сайдыг огцор гэж ордны асуудалд оролцоод яах вэ” гэж АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн болохоос үнэн үг л дээ. Гэхдээ л “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг энэ.
1
За ямартай ч эрх баригч хүчин өнөөдөр Ерөнхийлөгчийн хоёр, УИХ-ын, орон нутгийн сонгуулийг удирдан намдаа ялалт авчирсан АН-ын даргаа албанаас нь буулгах уу, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах уу, аль нэгийг нь хашуулах уу гэдэг талцал дээр маргалдаж байна. Н.Алтанхуяг өнгөрсөн таван жилийн хугацаанд АН-ыг удирдахдаа хуулийн цоорхойг ашиглаад ч болох нь ээ, эрх ашиг, эв нэгдлийг нь эвлүүлэн, нам дахь фракц бүлэглэлүүдийг “гагнан” чирч ирж. Харин өнөөдөр “гагнасан гинж”-нүүд тасрах магадлал тун өндөр байна.
1
Н.Энх