“Бид чадныхан” гэж шог нэршилтэй хэсэг бүлгийн тухай бид хаяадаа хөнгөхөөн явуулж ярьдаг. Энэ бүлэгт техникийн зах хавиар хэдэн түлхүүр атгачихаад “Машинаа засуулах уу. “Бид чадна шд” гээд явж байдаг нөхөд багтана. Хүний машин эдийг хайр гамгүй задалж хаячихаад учраа олохоо боливол бултчихдаг хэнэггүй нөхдүүд цөөнгүй бий. Амьдрал дээр яг үүн шиг өөрийн эрүүл мэнд, бие эрхтэндээ гамгүй ханддаг талаасаа бол бид бараг бүгдээрээ “Бид чадна шд” буюу “энэ биеэ яасан ч яадаг юм ” гэдэг бүлэгт багтахаар буруу дадал зуршилтай. Халуурлаа шууд аспиран давхарлаад уучихна. Хөл гар нь хавдлаа, давстай усаар шавшчихна, хоолой нь идээлж үрэвслээ эмийн сангаас амбуцлин тариагаар аваад булчиндаа шахчихна. Хэтрүүлж хэлбэл тархи хөдөлчих шиг болбол урдах ширээгээ зөөлөн мөргөөд оруулчихья гэж ч магадгүй. Энэ мэт сөрөг үйл дадлаараа эрүүл сайхан бие, ариун цусыг вирус халдварын сүлжээнд өөрсдөө нээж өгч байгаа хэрэг. Сүүлийн үед бол турах гэснээсээ болоод цусаа шүүртэл бумба гэдгийг тавиулах, бусдаас ялгарах гэсэндээ шивээс хийлгүүлэх, баталгаагүй зүү хануураар байнга биеэ хатгуулах, гэрийн нөхцөлд тариа хийлгэх зэргээр ариун цусандаа дэндүү болгоомжгүй халдах нь ердийн зүйл болоод байгаа. Баталгаагүй зүү тариураар хатгуулах бүрт “С” гэх вирусыг цусандаа нэвтрэх боломжийг 100 хувь нээж өгч байгаа хэрэг. Яг л өнөөх бид чадныхан шиг эрүүл бие эрхтнээ эрсдэлд оруулдаг. Энэ нь ердийн нэг зүйл болж хэвших хандлага бий болж байгаа нь нэн аюултай гэж эрүүл мэндийн салбарынхан сануулж байна.
ө
1996-2013 онд янз бүрийн түвшинд нас хүйс, тодорхой бүлгийн ялгавартайгаар “C” вирусын тархалтын судалгааг эмч мэргэжилтнүүд хийжээ. Албан хуудсанд тэмдэглэгдсэнээр бол С вирусын 14 удаагийн судалгаа бүртгэгджээ. Үүнээс Б.Бэхболд нар нэг агшны ийлдэс судлалын шинжилгээ бүхий судалгаагаар С вирусын халдвар тээгчдийн тоог тооцоолох оролдлого хийсэн байна. Үүнд 98 мянган хүн архаг “С” вирусын халдвартай гэсэн тооцоог гаргаж байжээ. С вирусын халдвар авсан хүмүүсийн 60-70 хувь нь элэгний өвчин үүсэх эрсдлийг дагуулдаг гэдгийг насанд хүрсэн хүн бүр ямар нэг хэмжээгээр мэдэж сонссон байдаг. Энэ вирусын 5-20 хувь нь элэгний хатууралд шилжиж, 1-5 хувь нь элэгний хатуурал эсвэл элэгний хавдрын улмаас нас баралтад хүргэдэг байна. Нэгэнт өвчин үүсгэгч вирусын талаар ярьж буй болохоор цааш дэлгэрүүлэн бичвэл сайн юм ер гарахгүй. Тийм болохоор цааш хар түүвэр буулгалгүй орхиё.
ө
Хүний биед халдварласнаар өөрийгөө тун сайн далдалж, удаан хугацаанд нууц байж чаддагаараа энэ вирус онцгой аюултай болохыг эмч нар хэлдэг. 14-180 хоног ямар ч шинж тэмдэггүй байсаар архагшиж, 20 жилийн дараа үхлийн аюул дуудаж элэгний хатууралд хүргэдэг гэхээр тун аюултай. Гэхдээ нөгөө талд энэ вирусээс халдварлахгүй байх бүх боломж хувь хүний гарт байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлсээр байдаг. Энэ вирусээс яаж сэргийлэх вэ, одоо юу хийх хэрэгтэй вэ гэдэг асуулт дээр бид өнөөдөр сүрхий тогтож ярилцаж байна. Салбарын хоёр сайдын зөрүүтэй мэдэгдлээр өндөр авсан нэг эмээр “С” вирусыг “гялс” дарж авах мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олны анхааралд байлаа.
ө
Ер нь бол манай төр засагт “ Вирус гепатиттай тэмцэх үндэсний стратеги 2010-2015" гэж байдаг юм байна. А вирус гепатитын эсрэг вакциныг үе шаттай нэвтрүүлэх, В ба С вирусын тархалтыг хязгаарлах, тандалт болон оношлогооны чадавхийг сайжруулах зэрэг зорилтыг нэгтгэсэн хөтөлбөр юм байна. Ерөнхийдөө энэ хөтөлбөрийн хүрээнд зарим вирусын халдвар тээгчийн хувь тодорхой хувиар /5 хувь / буурсан гэж дүгнэжээ. Одоо бодит байдалд С вирусыг яаж дарж авах талаар яригдаж байгаа санал байр сууриудыг харья.
ө
С вирусын тухайд бол ямар нэг вакцин байхгүй гэж байна. Хүүхдийг төрөнгүүт сувилагчийн “шиб ” хийлгэчихдэг тариан дунд С вирусын эсрэг дархлаа тогтоох вакцин бол байхгүй. ДЭМБ-аас элэгний С вирусын халдвартай өвчтнийг эмчлэх 4 төрлийн эмчилгээг тодорхойлжээ. Манай орны хувьд сүүлийн байдлаар Пегинтерферон, Рибавирин, Софосбувир гэсэн эмүүдийг хослон хэрэглэх нь үр дүнтэй гэж үзжээ. Эдгээрийн нэг болох АНУ-ын “ Geliad Science” компанийн манайд санал болгосон “ Софосбувир” эмтэй холбоотой зөрүүтэй байр суурь, тайлбар бүхий мэдэгдлүүд гарсан байгаа. Энэ эмийн талаар ямар баримт байна.
ө
“ Geliad Science” компани Access буюу нийгмийн хариуцлагын “Хүртээмж” төслийнхөө хүрээнд өөрийн Софосбувир эмийг нийлүүлэх саналаа 2014 оны 7-р сард манай улсын ЭМЯ-нд танилцуулжээ. Энэ компани хөгжиж байгаа орны ядуу, нэн ядуу иргэдэд Софосбувир эмийг нийлүүлэхдээ хэд хэдэн хатуу болзол тавьдаг ба үүнийгээ манайд улсад ч мөн нэг мөрдөх хэрэгтэйг давхар хэлсэн юм байна. Хөнгөлөлттэй үнээр эм нийлүүлэх нийт 7 зүйлт энэхүү болзолд анхаарах хэд хэдэн зүйл байгаа харагдлаа. ...Хөнгөлөлттэй үнээр санал болгож буй Софосбувир эмийг улсын бүртгэлд түргэвчилсэн хэлбэрээр бүртгэх ... Санал болгож буй эмийн зардлыг 100 хувь Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө гаргахаа эрх бүхий байгууллагаар баталгаажуулах... Жилд 10-15 мянган хүнийг хамруулах, санал болгож буй эмээр зөвхөн ядуу, нэн ядуу иргэдийг эмчлэх.. Уг эмийн ханган нийлүүлэлт, хувиарлалт түгээлтийг ганцхан “ Geliad Science” компани зохион байгуулах эрхтэй байх болно зэрэг болзол санал дотор нь байна. Хоёр компанийн хувьд байж болох ч Засгийн газар, компани хоёрын дунд харвал бас л хатуу заалтууд энд байгаа хэрэг.
ө
“ Geliad Science” компанийн эмийн хөнгөлөлттэй үнэ гэдэг нь нийтдээ хэдэн төгрөг вэ?. Одоогийн тавьж буй саналын хүрээнд Софосбувир эмэнд Засгийн газрын шууд гаргах мөнгө нь 34 тэрбум төгрөг юм байна. Яахав Засгийн газар шийдээд энэ их мөнгийг гаргаад С вирусийн халдвар тээсэн иргэддээ эмийг аваад өгчихлөө гэж харья. Дээр өгүүлсэн болзол ёсоор бол эмийг зөвхөн ядуу, нэн ядуу иргэдэд өгөх ёстой. Та С вирустэй байсан ч дунд түвшний болоод хөрөнгөлөг хэсэгт багтаж байгаа бол энэ эмийг уух ёсгүй гэсэн ялгаварлал гарч ирнэ. Энэ мөнгийг гаргачихлаа гэхэд өнөөх ядуу, нэн ядуу иргэд маань эм уухын өмнөх шинжилгээ болон заавал хамт хавсарч уух ёстой дагалдах хоёр эмэнд дахин мөнгө “босгож” өгөх ёстой болно. Урьдчилсан тооцоогоор бол энэ эмийг уух эрх авсан нэг иргэн шинжилгээ болон хавсарч уух эмэнд дор хаяж 6.6 сая төгрөгийг хэтэвчнээсээ гаргах хэрэгтэй болох юм байна. Ер нь бол энэ эмийг бүртгэх, дараа нь оруулж ирэх, хувиарлах, түгээхийн өмнө урьчилан харж тооцох асуудал их байгаа л гэж харагдаж байна. Зарим иргэдийн хувьд яаран тарсан шидэт эмийн сургаар 1800 ам.долларт багтааж С вирусээ нам болгох хүлээлттэй болсон байх. Гэхдээ аль аль талаа бодоод гэдэг шиг Geliad Science” компани Access буюу нийгмийн хариуцлагын “ Хүртээмж” төслийн хөнгөлөлттэй эм нийлүүлэх санал тавьсан болзолд харах зүйл байна. Жил бүр 10-15 мянган иргэндээ 34 орчим тэрбум төгрөг зарцуулж эм аваад өгөх нь яриад байвал тийм бүтэхгүй мухардсан санаа биш. Харин бичлэгийн эхэнд дурдсанаар бид С вирусын халдвар авах “түмэн” болохгүй, болгоомжгүй зуршлаа татаагүй цагт халдвар авагчдын тоо өсөөд байвал яах уу. Жилд 10 мянган ядуу иргэдээ шидэт эмээр эмчилж өвчнөөс салгахын ард жил бүр халдвар авагчийн тоо мянга мянгаар өсөөд байх суурь хөрс, амьдарлын буруу дадал зуршил, баталгаагүй эм тариур, мэс ажилбарын эрсдлийн шалтгаан байгааг яах уу. Египет улс жил бүр 50 мянган хүнийг С вирусын эсрэг эмээр эмчилж байдаг. Харин нөгөө талд нь 150 мянган хүн шинээр С вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллага нь саяхан тогтоожээ. Энэ жишээн дээрээс тодорхой тооны халдвар авсан иргэдээ эмчлэхийн зэрэгцээ С вирусын илрүүлэлт хийдэг өндөр хүчин чадалтай лаборатори баазтай болох, иргэдийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, халдвар хамгааллынхаа дэглэмийг сайжруулах, аюулгүй тарилгыг нэвтрүүлэх зэрэг нь үр дүнтэй. Энэ ажилд төр бодлого гаргаж “ Geliad Science” компанид өгч болно гэж үзэж байгаа 34 тэрбумаасаа бага мөнгө хаяж илүү үр дүнд хүрнэ гэж үзэх хэсэг одоогоор Эрүүл мэндийн салбартаа олонх байгаа юм байна.
ө
Онцгой болзол заалт дор Засгийн газрын хөрөнгийн баталгаагаар Монголд орж ирэхээр шуугиан мандуулсан Софосбувир /Sovaldi / эмийн ард ядуу буурай олон оронд нэг хүлээлт байгаа гэж байна. Sovaldi төрлийн эмтэй адил вирусын эсрэг онцгой үйлчлэлтэй эмийг ДЭМБ-аас өөр олон оронд лицензээр нь үйлдвэрлэн олдоц хүртээмжийг нь нэмэгдүүлэн үнийг нь хямдруулж түгээдэг юм байна. Ямар нэг шинэ вакцин, эм бэлдмэлийг иймэрхүү арга хэлбэрээр олон улс орны иргэдэд хүргэх нь ДЭМБ-ны нэг бодлого ч байдаг байх. Үүнийг хүлээх хэрэгтэй гэдгийг ДЭМБ-аас манай талд анхааруулсан бололтой юм. Төгсгөлд хэлэхэд энэхүү эмийг оруулж ирээд ядуу иргэдээ С вирусээс салгая гэсэн Ж.Амарсанаа дэд сайдын зүтгэл санаачилга цагаа олсон хэрэг бөгөөд огт бүтэхгүй бас таг мухардчихсан хэрэг биш юм байна. Юу юугүй шуугиад талцаад байх ч зүйл энэ асуудлын тойрогт алга. Одоогоор саналын хэмжээнд асуудал тавигдаж байна. Эм нийлүүлэхийн тулд тухайн эмийг улсын бүртгэлдээ бүртгэх ёс журамтай. “ Geliad Science” компаний эмийн бүртгэлийн бүрдүүлэлтэд хэд хэдэн зөрчил байгааг манай ЭМЯ-наас Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч Омбол ХХК-ны төлөөлөгч нарт нь энэ оны 9-р сард мэдэгдсэн гэж байна. Манайд ирүүлсэн эмийн нэр болон АНУ-ын эм, хүнсний зохицуулалтын агентлагаас /FDA/ “ Geliad Science”-ны компанид олгосон гэрчилгээн дээрх нэр нь зөрсөн болон бүртгүүлэхээр ирүүлсэн эм нь үйлдвэрлэсэн орондоо 3-с доошгүй жил хэрэглэсэн байх зэрэг эм бүртгүүлэхэд тавигдах хэд хэдэн заалтуудыг хангаагүй байна гэсэн манай талын шаардлагыг хүлээн авч “ Geliad Science” компани эмээ бүртгүүлэхээр өгсөн бүх материалаа буцаан авсан байгаа юм байна.
б
Энэ бүхнээс харахад С вирусын эсрэг Софосбувир /Sovaldi / эмийн асуудал судлагдаж яригдаж байгаа хэрэг. Тийм болохоор бид мөнхийн шидэт ус ирж байгаа мэт энэхүү эмийг авна авахгүй, ууна уухгүй гэж талцах, нэг бол уух эрх олж авахын тулд ядуу, нэн ядуу түвшин рүү шилжих, үгүйдээ л ийм тодорхойлолт авах, бүртгүүлэх гэж томоогүйтэх хэрэггүй юм. Харин элдэв баталгаагүй зүү тариураар хатгуулж, хорт муу зуршлаа дэвэргэж дархлаагаа алдагдуулахаас өдөр бүр сэргийлж байвал С вирусээс хамгаалагдаж 100 дөхөж наслах нь бараг “баараггүй” болно байх.
ө
Пүрэвжавын Баярхүү /тоймч/