1996 -2000 онд төр барьсан сургамжаас нь Ардчилсан намынхныг ард түмэн дэмжихийн зэрэгцээ залуу байна, халуун байна гэж давхар “цэнэж” парламентад дангаар олонх болох боломжийг дахин өгөлгүй 12 жил болсон байдаг.
ө
Засгийн газар, ерөнхий сайдаа дараалан унагааж сөрөг хүчний наадгай болж төрөө хямраасан томоогүй занг нь харгалзан 12 жил парламентад бор зүрхээрээ өгсөх сонголтонд АН-ыг үлдээж байсан хэрэг. Хориод жилийн хугацаанд АН улстөрийн тавцан дахь байр сууриа тогтвортой хадгалж, 1992, 1996, 2000, 2004 онуудын парламентад тодорхой суудал авч төр барилцаж өгөө аваатай явж ирсэн ч бодит хандлагаас харахад нэг нам ноёрхсон улстөрийн дэглэмд шилжиж байгаа дүр зураг бий болж эхэлсэн байдаг.Энэ нөхцөл байдалд 2012 оны сонгуульд АН-ыг олонх болгож МАН-ыг намыг сөрөг хүчинд суух хувиарлалтыг ард түмэн өгсөн. Бүхэл бүтэн 12 жилийн дараа тэднийг томоогүй насаа үдэж буйр суусан гэж үзсэн хэрэг. Нэгэн гишүүн нь “сум хоч ” авч, Ордон дотор архиддаг гэж муулуулж явсан тэр жилүүдийг бодвол одоо АН –д тэрбумтан гэсэн тодотголтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн учраа мэддэг лидерүүд олон болсон. Олон лидерийг дагасан олон фракц бүлэглэл бас бий.
аө
Энэхүү фракцуудыг муулах адлах нь зохимжгүй. Хуучны МАХН- шиг нам дотроо альтернатив үзэл санааг /фракци/ дэмждэггүй, харизматик лидерийг шүтсэн, дотооддоо ардчилсан төвлөрлийг баримталсан, төрийн санаачлагыг боогдуулах, бодлогын шинэчлэлд саад болох, өөртөө төвлөрсөн үйл байдлыг тэтгэх зэрэг олон сөрөг байдалд орохгүй тулд фракц гэдэг нь байх л ёстой байх. Улстөрийн намуудын хувьд дотооддоо ардчиллыг бэхжүүлж байдаг нэгэн шинж бол альтернатив сонирхлыг илэрхийлэгч фракцыг дэмжсэн бодлогыг нам дотроо нээлттэй болгохоор хуульчилах явдал гэж үздэг хүмүүстэй хувьдаа санал нэг байдаг. Гэхдээ одоогийн АН доторх фракцуудын үйл ажиллагааг харахад нам доторхи шинэлэг үзэл санааны үзэгдэл гэхээсээ илүүтэй фракцууд нь бүлэглэлийн шахааг дэмжсэн улс төрийн ашиг харсан шинжтэй байна. Сүүлийн үед моодонд ороод байгаа хэллэгээр бол “түгжилдэх ” ажиллагаа болоод байгаа гэж хэлж болно.
а
Өчигдөр бараг бүх байнгын хороодын хуралдаан хойшилж төрийн ордонд ганц асуудлаар яриа шивнээ явагдсан нь тодорхой. Н.Алтанхуяг даргатайгаа хариуцлага тооцох нэрээр шахаа үзүүлж юм юманд хүрчихмээр бяр нь амтагдсан АН-ын гишүүд байгаа нь улс төрийн хүрээнд ч бус олон нийтэд одоо ил боллоо. Н. Алтанхуяг ерөнхий сайдын хувьд нам нь олонх байхад төр барьсан азтай гэмээр цаг үед байвч олон фракцуудын аманд тавьж өгөх амлалтад шахагдсан зовсон сайд болоод байгаа харагдана. Нам дотроо Алтан гадас гэсэн хуяг дуулгатай, сөрөг хүчинд олонх гэсэн том артай байсан түүний байр суурь сүүлийн хэд хоногт сүрхий хүндэрлээ. Намаа буудаад, дараа нь өөр хэнийг ч юм түгжилдэхэд бэлэн болсон байгаа АН-ын зарим улс төрчдийн эцсийн шийдлийг олон нийт тэр дундаа 2012 оны сонгуульд АН-д итгэж, эргэлзэхгүй саналаа өгч ялалтад хүргэсэн олон нийт анхааралтай харж байгааг сануулах нь зөв байх.
х
Нэгэн зүгтээ нисэж яваа шувуудыг харах сайхан... гэж дуу байдаг . Энэ дуу шиг зовох цагтаа нэг зүгт хамтдаа явсан Ардчиллынхны 20-д жилийн түүх бий. Царцсан нийгмийг сэрээж чадсан 90-д оны ардчиллын залуусын олонх нь хөрөнгө бэл зузаарсан, ид ухаажсан, насандаа өнөөдөр төр барилцаж байгааг онцлон хэлэх ёстой юм.
а
Олон фракцуудынхаа эрх ашигт тааруулж олон зүгт бодлого төсөл гаргаж хөрөнгө мөнгө цацсаар өөрийн туггүй болсон ерөнхий сайд эв найрамдлын бэлгэдэл Бэр цэцгийг төрийн бэлгэдэл болгон Засгийн газрын хурлаараа оруулж батлуулсан. Өнөөдөр яг энэ цагт түүний орших эс оршихуй нь засгийн газартайгаа хамт сөрөг хүчний бус намын хэдэн нөхдийнх нь гарт орчихоод байгаа хүнд үе ирсэн харагдаж байна. Ийм цагт намаасаа нүүр буруулаад буй зарим нөхдөд нь хандаж “бэр цэцэг” илгээмээр санагдана.
а
Улс төрийн хожил нүүдэл бохир байхыг бүгд ойлгоно. Гэхдээ гишгэл алдаж явахад нь андаа түлхсэн хүнд дахин нүүр өгдөггүй хатуу жудагтай Монгол дээвэрт багтаж байгаагаа зарим эрхмүүд сэхээрч ухаарвал хэн хэндээ дэмтэй болно. 2006 онд Эрүүл мэндийн сайдын суудлаар наймаа үсэргэж МАХН –дарга М.Энхболдод хүчээ өгөн анд бололцон намын Ц.Элбэгдорж ерөнхий сайдыг хөнтрөлцсөн Л.Гүндалай өнөө улс төрд байхгүй болсон байгаа. Түүнд ард түмэн итгэдэг байсан ч улс төрийн зам мөртөө гаргасан хуншгүй алхмыг нь сонгогчид нь уучлаагүй. Тэрээр 2012 оны сонгуулийн дараа ч Эрүүл мэндийн сайдын суудлыг өгөөгүй гэж гомдон намынхаа хаалгыг саваад гарсан гэдэг. Тэр жудагтай улс төрч байж нэгэн цагт урваагүй бол хожмоо Эрүүл мэндийн байтугай Ерөнхий сайд болох зам нь ч засагдах байсан байж магад. Олны болоод намын нөхдийнхөө нэгэн сэтгэлээр өгсөн их итгэлийг өчүүхэн эрх ашиг амбицаар худалдвал эргээд их улс төрд гишгэх газар бага болдгийг сануулсан ард олны шийдэл дараа нь эргэлт буцалтгүй байдаг. Одоо төрийн үйл ажилыг гацаагаад байгаа улс төрийн намуудын энэ сөргөлцөл ганц ерөнхий сайд орших эс оршихуйн тухайд бус АН дараагийн сонгуулд юу ярьж сонгуулийн индэр дээр гарч ирэх вэ гэдэг том асуултын хариулт болж энэ өдрүүдэд бичигдэх гэж байгаа гэхэд хэтрүүлэн хөөрсөн болохгүй. Үлдэж буй хоёр жилд АН-ынхан хэзээ хэзээнээс илүүтэй нэгдэлтэй байх нь төр хямрахгүйн аврал болох нөхцөл байдал бий болоод байгааг төгсгөлд хэлье.
х
Пүрэвжавын Баярхүү / тоймч/