Ирэх оны төсвийн төсөл Засгийн газрыг танхимаар нь огцруулах шантаажаар гацчихлаа. Огцруулж гэмээн л төсвөө ярилцья гэсэн байр суурин дээрээ хатуу зогсоно гэж МАН-ынхан мэдэгдэж байгаа. Тэдэнтэй өвөр түрийдээ орсон Ж.Батзанданг намаасаа хөөхийг АН-ын гишүүд уриалаад эхэлчихсэн. Ерөнхий сайдыг огцруулах саналд АН-ын 10-аад гишүүн нэгдсэн гэж МАН мэдэгдсэн ч Ж.Батзандантай дөрөө харшуулж журмын нөхдийнхөө эсрэг зогсоод ашиггүй гэж үзсэн бололтой тэд нь царайгаа ил гаргасангүй. Байдал ашиггүйгээр эргэвэл АН-ынхаа эсрэг ямар ч хор найруулахад ил далдаар туслахад бэлэн нэг бүлэглэл буй болсныг харуулж байгаа юм.
а
АН бутралынхаа эхэнд зогсч байна. Засаг төрийн жолоо барихаараа нэгдлээ бус задарлаа энэ тэргүүнд тавьдаг алдаагаа бас л давтах нь. 1996-2000 онд дотроосоо Элсний 13-ийн бүлгийг бий болгож тэд нь сөрөг хүчинтэйгээ хамсаад АН-ын хэчнээн ч олон Засгийн газраар сор заллаа даа. Мөрийн хөтөлбөр нь хэрэгждэггүй засаглалын хямралдаа гүн гүнзгий автсан АН-ыг дараа дараачийн хэд хэдэн сонгуулиар зүгээр л арчаад хаячихсан. Алдаагаа мэдэж л баймаар юм. Доторх өтөө түүж хаяхгүйгээр бодлогоо хэрэгжүүлнэ гэж байхгүй. Засаг шинэчлэх нэрээр төсвийн төслийн хэлэлцүүлэгийг гацааж байгаа нь сөрөг хүчинд л ашигтай. АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байх тусам МАН-ын рейтингийг өсгөнө гэж тооцоолж суугаа. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч ард иргэдийн амьжиргаа уруудан доройтох эсэх нь дараагийн асуудал бололтой. Ямар ч үнээр хамаагүй унасан нэр хүндээ дээшлүүлэхийг хичээж байна гэхээс өөрөөр үйл явдлын өрнөлийг юугаар тайлбарлах билээ. Япон энэ тэрд Засгийн танхимын гишүүд болон Ерөнхий сайдаа байсхийгээд огцруулж байгааг ид хав болгон жишээлж ярих юм. Японы төрийн тогтолцоо, нийгэм эдийн засгийн тогтвортой тогтолцоо нэг битгий хэл хэд хэдэн Засгийн газар унаж боссоноор ганхаад байдаггүй юм шүү дээ. Ардчилалын түүх, замнаж байгаа замналаа харж байхад ч тэр Япон бол баргийн вируст халуураад байхааргүй дархлаатай улс. Манайх бол хэн нэгэн нь ханиалгахад л бүх тогтолцоо нь гүнзгий өвчилж орноосоо босох ч тэнхэлгүй нам хэвтээд өгөхөөр эмзэг. Чухам ийм л нөхцөл байдал дээр улстөрчид бохир тоглолт хийсээр ирсэн. Өнөөдөр улам бүр энэрэнгүй харгис хэрцгий болжээ. Засгийг огцруулахаа хүрвэл төсвөө батласныхаа дараа л болдог юм байгаа биз. Юундаа ингэж шантаажилж бүхэл бүтэн улс орныхоо ирэх оны хэрхэн яаж амьдрах хуулийн төслөө гул барина вэ. Ерөнхий сайдад хайртайдаа өмгөөлөөд байгаа юм биш. Байдал тун эвгүй болчихоод байгааг анзаарахгүй байхын арга алга. Дэлхийн банк, ОУВС-гаас ч эдийн засгийн нөхцөл байдал чинь хүндрлээ шүү гээд анхааруулаад байна.
ө
МАН тэргүүтэй хэсэг нөхдийн бохир тоглолт нийгэмд тун эмгэнэлтэй саарал сүүдрээ тусгачихсан. Өдөр ирэх тусам энэ сүүдэр улам өтгөрч нэгэнтээ аянга цахилгаан болоод толгой дээр цахилна. Ганц нэг хүн, улстөрийн нам дээр бус нийт ард түмний минь нуруун дээр цахилах болно. Эргэн тойрноо хар. Ард түмэн яахаа мэдэхээ больчихсон. Хэнийх нь зөв хэнийх нь буруу гэдгийг ухаарах тэнхэлгүй болтол талцсан улстөрийн намууд биесийнхээ ар нуруу руу хутга зоож сууна. Хөгжиж байгаа гэж ярьдаг хэрнээ хөгжлийнх нь үр шим энгийн иргэндээ наалдахгүй харин ч шимэгч хорхой болон сорж байна. Дээгүүрээ суудлаа олохгүй бол доогуураа гүйдлээ олохгүй гэдэгчлэн цалин орлогогүйчүүд дундаж давхаргаас ядуу давхарга руу шууд үсэрч ядуучууд нь бүүр доошоо явчихлаа. Өдөр бүр хэдэн арваараа ийм замаар ямагт дорогшилж байна. Хамгийн их зардал шаарддаг хахир хүйтний сарууд ирчихлээ. Дорд орсон хүмүүс улам бүр туйлдана. Гурван сая хүрэхгүй хүн амыг яагаад гар амар хөл хөсөр амьдруулж чадахгүй байх билээ. Цаасан дээр л хөгжил зурагдахаас биш бодит амьдрал дээр юу ч өөрчлөгдсөнгүй. Мэдээж амьдрал баялаг хойно өөрчлөлт бий. Тэр нь уналтын өөрчлөлт.
ө
Дараагийн үйл явдлын өрнөл төсөөлөхөд ч жихүүдэс хүрэм. Хэрүүл хийсээр төсвөө батлана. Хуулийн хугацаа нь дөхсөн батлахгүй бол ямар хариуцлага хүлээх нь тодорхой тул ёстой харанхуй гүйлгэчихнэ. Орлого, зарлагаа яах юм гээд ширүүхэн дуугарсан нэгнээ дараа нь тодотгочихьё хугацаа дөхчихлөө гэж аргадаж, аашлахын завсраар хэлээд л УИХын дарга алхаа тогшчихно. Юун хөгжлийн хэтийн байтугай ойрын төлөвлөгөө хэрэгжүүлэх ёстой лөөлөө. Ядаж байхад гадаад дотоодын эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд уначихаад байгааг судлаачид хэлээд байгаа шүү дээ. Үйл явдлын өрнөлийг гунигтайхан харж суух л бидэнд үлдэв.
ө
Н.БадамжавУншиж байна |