Улаанбаатар үүсэн байгуулагдсныхаа 375 жилийг сайхан тэмдэглэж байна. Төсөв хөрөнгө мөнгө хумигдсан ч гэлээ дажгүй зохион байгуулжээ. Баярлаж цэнгэх яах вэ хотын хөгжлийн тулгамдсан асуудлуудаар нухацтай ярилцах цаг болсон. Ирэх оны төсвийн төсөлд нийслэл хот цалин тэтгэвэр, автобусны хөнгөлөлтөө арай чарай өгөөд өөр ямар ч ажил зохион байгуулах аргагүй болсон гэж буурал дарга маань Ерөнхий сайдтай зад үзэлцэж сууна. Уг нь нийслэлээ метрополис хотын жишгээр метро, давхар зам, ногоон байгууламж, орчин үеийн орон сууц бүхий том төсөл төлөвлөгөө боловсруулсан. Энэ бүхнийг хэрэгжүүлэх мөнгийг хот өөрөө ол гэснээс хэрүүлийн алим өнхөрсөн хэрэг. Засаг төр нийслэлдээ их л хүйтэн цэвдэг хандаж байна даа. Уг нь хотоо төлөвлөгөөний дагуу хөгжүүлбэл хүн амынх нь талаас илүү нь оршин амьдардгийн хувьд улсын хөгжилд л том түлхэц үзүүлэх байлаа. Хотод тулгамдсан асуудал өч төчнөөн бий. Өдөр хоног бүр хэдэн мянган шилжин ирэгсдийн хөлд дарагдаж байна. Хотын хаяа хатавчинд ханаа дугуйлаад суучихаж байна. Монгол улсын иргэн хаана ч амьдран сууж болно гээд гэдийчихээд дугуй шатаагаад л өвөлжчихнө. Дөрвөн хайрхны өвөр дэх Алтан тэвшийн хөндий 1.5 сая хүнийг багтааж шингээх аргагүй байна. Дагуул хотууд байгуулаад ч үр дүн муутай гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Үнэн үг. Хүн амын өсөлтийг гэрэл цахилгаан, халаалтын хангамж дийлэхгүй байна. Тавдугаар цахилгаан станц барьж хангах талаар мөн чиг олон жил ярилаа. Шав тавьсан болоод л олон оныг үдэж байна.
1
1954 оноос эхлэн нийслэлийг хөгжүүлэх дөрвөн ч төлөвлөгөө боловсруулж мөрдсөн. 2000 оныг хүртэл Оросын Сибирийн нэг хотхонтой адил байлаа. Нэг хэвийн хороолол, нарийхан зам, ачааллаасаа болоод байнга хагарч эвдэрдэг дулаан цахилгааны шугам хоолой. Бага багаар өөрчлөгдөж байгаа ч орчин үеийн жишигт нийцсэн метрополис хот болоход тунчиг их хийх ажил байна даа. Өвлийн турш суунаглах утаа униар, хөрс усны бохирдлын хэмжээ хэрээс хэтэрлээ. Энэ бүхнийг өөрчлөхөд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй. Харин тэр мөнгийг нь засаг төр өгөхгүй шинжтэй. Үүл баатар уурлалгүй яах вэ дээ. Хотжилтын ачааллыг Алтан тэвшийн хөндий даахаа больсон нь нийслэлийг нүүлгэх хэмжээнд хүртэл яригдаж байгаа. Төсвөө хаанаас босгох талаар толгой гашилгаж байгаа нөхцөлд хэтийн мөрөөдөл. Гэхдээ л эртнээс бодож байхад гэмгүй л байх.
1
Хот төлөвлөлтийг сайжруулахгүйгээр Улаанбаатарын хувь заяа бүрхэг хэвээр л байх болно. Өөрчлөлтийг сууриас нь хийх ёстой. Яагаад хотын захаас төв рүү ороход бүтэн цаг шаардаж байна. Хот төлөвлөлт муу болохоор тэр шүү дээ. Зүй нь ийм замыг арваадхан минут яваад л орчих ёстой юм шүү дээ. Метрополис хотуудыг Улаанбаатартай харьцуулахад шавааралдсан байшин, гэр хороолол харагдана. Сая хүнтэй хот хүмүүсээ бөөгнүүлэхээсээ урьтаж дэд бүтцээ шийддэг. Зөвлөлтүүдийн хийж өгсөн 4 удаагийн хот төлөвлөлтөөр хүн ам нь 500 мянган байхаар тооцож барьсан шийдэл өнөөдөр гороо гаргаж байна. 2000 оноос хойш баригдсан барилга байгууламж, хорооллууд энэ бүтэцтэй огт холбогддоггүй. Хотын төв алга дарам газар олдож л байвал орчин тойронтойгоо нийцэх эсэх нь огт хамаагүй барилга барьчихна. Хотын төвийн 40, 50 мянгатын барилгуудын насжилт хэдийн дууссан. Дээр нь урлал муутай ийм барилгуудыг буулгаж шинээр барих ёстой. Төлөвлөгөөгүйгээр хол явахгүй шүү дээ. Хаана нь ямар барилга барих вэ, ямаршуухан ур хийцтэй вэ гэдгийг нарийн төлөвлөх ёстой. Үүнтэй зэрэгцээд цахилгаан дулаан, зам харгуй, бохир цэвэр усаар яаж хангах зэрэг дэс дараатайгаар төлөвлөх учиртай юм. Хөрөнгө мөнгө зайлшгүй шаардагдана. Харин тэр мөнгө нь хасч танагдаад байхаар хүн ямар боломжоор энэ ажлыг хийх вэ дээ. Нийслэлийн өдрөөр энэ мэт хүндрэлүүдээ ярих ёстой.
1
Хотоос сонгогдсон 26 гишүүн төсөв хэлэлцэгдэж буй энэ л цаг үед фракц үүсгээд парламентад лоббигоо хийж яагаад болохгүй билээ. Тус тусдаа тойрогтоо ганц нэгхэн цэцэрлэг, ногоон байгууламж хийж байхын оронд нийлээд дуу хоолойгоо өргөвөл илүү жинтэй томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж болно шүү дээ. Адаглаад халаасан дахь нэг нэг тэрбумаа нийлүүлээд нэг бүтээн байгуулалт хийгээд байвал болохгүй газаргүй. Шинэ гүүр барих, шинэ тунель ухах, шинэ гудамж талбайнуудыг байгуулах гээд цэвэр инженерийн буюу технологийн бүтээн байгуулалтын ажил олон байна.
1
Манайхаас хэдэн арав дахин хүнтэй хэрнээ алга дарамхан газарт шахцалдалгүй, түгжрэлгүй, эрүүл сайхан хотод амьдарч байгаа олон улс бий. Тэгэхээр газар нутгийнхаа их багад биш төлөвлөлт зохион байгуулалтандаа учир нь оршиж байгаа хэрэг. Сүүдрээ эргэж харахгүйгээр мухар сохроор олон оныг Улаанбаатарчууд үдлээ. Одоо нэг эргэж харж алдаа оноогооо нягтлах цаг нь болсон.
1
Н.Бадамжав