Гадаад орчин дахь Монгол Улсын нэр хүнд эрс өсчээ. АСЕАН-ы дээд хэмжээний уулзалт Монголд 2016 онд зохион байгуулагдахаар болж дэлхий дахин Монголын ардчиллаас суралцаж байна гэж гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр шуугиж байна. Хамгийн халуун бүс болох өмнөд Солонгостой яриа хэлэлцээр хийх хамгийн боломжит улс, цөмийн бүсэггүй бүс нутгийг санаачлагч бөгөөд идэвхтэй хэрэгжүүлэгч, ОХУ, БНХАУ-ын тогтоож буй эдийн засаг, геополитикийн боломжит хязгаар гэхчлэн гадаад харилцааны ололт амжилтыг өндрөөр үнэлж байна. Нэгэн цагт бидний л буруугаас нүүрээ буруулсан хөрөнгө оруулагчид эргээд сонирхоод эхэллээ. Мэдээж томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахаас азнаж байгаа боловч жижиг дунд төслүүдийг ихээр сонирхож байгаа нь Ерөнхийлөгчийн Европын орнуудад хийсэн уулзалт болгоноос л анзаарагдаж байгаа юм. Бидэнд мөнгө хэрэгтэй. Ирээдүйд үр ашгаа өгөх бүтээн байгуулалтын төлөөнөөс зээл тусламж авахад буруутахгүй. Гол нь бидний дотоодын хэрүүл, хууль эрхзүйн тогтворгүй орчин, үүрэг хариуцлага маань муу байгаад ноцтой дүгнэлт хийх цаг болсон. Хөөгдсөн хөрөнгө оруулагч маш их болгоомжлол тооцоо судалгаа хийж байж гэмээн эргэж орж ирэх эсэхээ шийднэ. Цаг хугацаа алдана, дэлхийн зах зээлийн байдал үргэлж Монголд таатай хандахгүй гээд эрсдэл олон бий. Өнөөдөр бидэнд бас ч гэж боломж үүсчихээд байгаа нь үнэн.
1
Эдийн засгийн маань нөхцөл байдал бага ч болов сайжирч нүүрс, алт зэс зэрэг ашигт малтмалын үнэ ханш уналтаас өсөлт рүү, сүүлийн 20 жилд авч байгаагүй ургац хураан авч, малын тоо толгой 50 саяас давах тооцоог мэргэжилтнүүд хийж байна. Гол нь энэ бүх баялгаа нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх төмөр замынхаа гарц, царигийг шийдээд авлаа. Хөрөнгө оруулагч нар өнөө маргаашийн ашиг орлого гэхээсээ илүү урт удаан хугацааны тогтвортой бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Төмөр замын цариг шийдэгдсэнээр Монголд эцсийн бүтээгдэхүүн бий болгож хоёр хөршийн асар том зах зээл хийгээд зүүн Ази цаашлаад далайн боомтуудаар дамжуулан олон улсын зах зээлд нийлүүлэхийг чармайна. Бидний олон жилийн турш бүтээн бий болгох гээд чадаагүй хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болоход энэ хөрөнгө оруулалтын сүлжээ нэн чухал ач холбогдолтой. Хөмөрсөн тогоон доторх өчүүхэн цоорхойгоор гадаад ертөнцтэй холбогдож байсан монголчууд үүд хаалгаа цэлийтэл нээхэд төмөр замын энэ гарцууд тун чухал. Дээдчүүл хэрэлдэж хэлэлцэж баймааж хугацаа алдсан ч гэлээ төмөр замын асуудал дээрээ шийдвэрт хүрсэн нь түүхэн гэж болох ач холбогдолтой.
1
Инфляц өсч, иргэдийн цалин орлого хумигдаж, хөрөнгө оруулалтууд зогсч, төгрөгийн ханш үнэгүйдэж байгаа зэрэг таагүй мэдээг анхаарахын аргагүй ч гэлээ улс төржүүлэх нь хэрээс хэтрэх болов. УИХ-ын гишүүдийг заналхийлсэн мессеж, Засгийн танхимын өөрчлөлтөөр барьцаалсан ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгийн гацаа, томоохон хөрөнгө оруулалт бүрийн араас дагалдах чулуу шидсэн мэдээлэл, хэрүүлийн алим л өнөөгийн саар мэдээний үндсэн шалтаг шалтгаан. Хамсаад хийвэл болохгүй бүтэхгүй зүйл байдаггүйн жишээг олон ахиц дэвшлээс харж байсан. Гэгээ харагдаад байхад харанхуй руу улам тэмүүлээд байгааг яаж ойлгох вэ.
1
Намрын чуулган эхэлсэн даруйдаа л нэг нэгнээ хатгаад эхэлсэн. Хатгалцаад дуусахгүй шинжтэй. Гэтэл цаана чинь хуулийн хугацаанд төсөв батлагдахад 20 хүрэхгүй хоног үлдлээ. Гурав дөрөвдүгээр хэлэлцүүлэг шуураад л өнгөрнө. Харин эхний хоёр хэлэлцүүлэг дээр энэ саарал төсөв цэгцрэх ёстой. Гэтэл Засгийн танхимаа огцруулах мэтийн асуудал дээр хамаг цагаа барж байна. Эрхэм гишүүдийн гар утасны мессежийн асуудал ч багагүй цаг авна. Дээрээс нь МАН-ы олон нийттэй харилцах албаны Дэмбэрэлийн хуурамчаар үйлдэж олон нийтэд цацсан нууц гэрээ ч төсвийн хэлэлцүүлгээс хумсална. Хуулийн хугацаандаа батлах гэсээр үндсэн өөрчлөлтүүд хийгдэхгүйгээр түүхийгээрээ батлагдах магадлал өндөр.
1
Гадаад орчинд олсон нэр хүндээ дотоодын тэмцлээс болж алдаж мэдэх нь. Хөрөнгө оруулалт, татварын хуулиудын шинэчлэл одоо л хийгдэхгүй бол хэн бидэнд итгэж хаалга онголзуулах билээ. Намрын чуулган бол улс орны нийгэм эдийн засгийн хувь заяаг шийддэг маш чухал чуулган. Гэтэл хэрүүлд зарцуулагдаад багагүй хугацааг үлдлээ. Олон чухал хөрөнгө оруулалт, уул уурхайн ордуудаа хэрхэн яаж бүтээн босгох вэ гэдгээ халуун тогоон дотроо нухацтай хэлэлцэж шийдвэрлэх цаг зав байна уу. Монголчуудын хамгийн их зардал гаргадаг хүйтний улирлыг хэрхэн яаж даван туулахыг нь тодорхойлох ёстой эрхмүүдийн толхилцоон ангал руу л түлхэнэ үү гэхээс өөдөө нар харуулахгүй.
1
Н.Бадамжав