Өчигдөр шөнөөс эхлэн өдөр хүртэл УИХ-ын гишүүдийн гар утсанд өөрсдийнх нь дугаараас мессеж ирлээ хэмээн эрхэм түшээд чуулганы үеэр ихэд бухимдалтай байв. Нэг гишүүнд гурван цагийн дотор 450, заримд нь бүр 1000 мессеж ирж, багахан хэмжээний залхаан цээрлүүлэлт болсон бололтой. Гишүүдийн хууль тогтоох эрх, аюулгүй байдлаас гадна үндэсний аюулгүй байдалд халдаж байна хэмээн нэлээн өндрөө авсан уг асуудлын буруутан болоод байсан Мобиком корпораци яаран мэдээлэл хийж, бид буруугүй хэмээн мэдэгдэв. Мобикомын дугаарыг ашигладаг 20 хүнд удаа дараа мессеж ирж, залхаасан нь тус үүрэн телефоны операторын хийсэн ажил биш гэнэ. Харин Румын, Мальта гэсэн хаа газрын хоёр улсын дэггүй нөхөд манай төрийн түшээдээр маань тоглоом хийж байсан гэнэ. Тус хоёр улсын үүрэн холбооны оператороос Монголын хэрэглэгчдийн дугаарыг ашиглаж мессеж нисгэн, баахан зугаацсан тухай “Мобиком” корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар дуулгав. Бүр 1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." хэмээн Газрын тухай хууль, Bank of China-ийн асуудал, төмөр замын цариг зэрэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, эрх ашигтай шууд холбоотой асуудлыг сонгон, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүд рүү мессеж илгээсэн нь үнэхээр сонирхолтой. Энэ мессежийг Румын, Мальта улсаас илгээсэн гэх тайлбар нь бүр ч хачирхалтай.
ө
"Мобиком"-ынхон өөрийнх нь дугаарыг ашиглан мессеж илгээснийг хоёр шалтгаанаар тайлбарлаж байна.
б
-Нэгдүгээрт, Румын, Мальта дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, комьютерийн ямар нэгэн программаар дамжуулан, мессеж бичсэн дугаараа нууцлан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан.
б
-Хоёрдугаарт, дугаараа нууцлан мессеж илгээх боломж олгодог маш олон үйлчилгээ байдаг бөгөөд хэн нэгэн этгээд Монгол Улсад ямар нэгэн асуудал үүсгэх зорилгоор уг үйлчилгээг ашиглаж байна гэв.
б
Товчхондоо бол өөрсдөдөө хир халдаасангүй. Ямар ч хамгаалалтгүй, сул задгай үйл ажиллагаатай нь ил цагаан болчихоод байхад гар утас үйлдвэрлэгч эсвэл дэвшилтэт үйлчилгээ рүү бурууг чихээд сууж байна. Техник, технологи, програм хангамж хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дэвшиж байгааг маниас илүү мэдэх хүмүүс. Гэтэл комьютерийн ямар нэгэн програм, дугаараа нууцлан мессеж илгээх үйлчилгээнд буруугаа тохоод сууж байх нь тэргүүлэгч гэх операторын хувьд ичгүүртэй хэрэг бус уу.
б
Мянга мянган хэрэглэгчийнхээ мэдээллийг хадгалах, хамгаалах чадвар Мобикомд байхгүйг энэ удаагийн үйлдэл бэлээхэн харууллаа. Мобикомын хувьд хэрэглэгчийнхээ мэдээллийг хадгалж чадаагүй анхны тохиолдол энэ биш. Румын, Мальта улсаас мессеж илгээсэн гэх тэнэг тайлбар бол анхных. Тус операторын бүх хэрэглэгчийн мэдээлэл алдагдаж, өдөр тутмын сонинд хүртэл нийтлэгдэж байсан удаатай. Бас хэдхэн сарын өмнө Мобикомын бүх хэрэглэгчдийн мэдээлэл хууль хяналтынхны гарт орсон, тэд бараг бидний өдөр тутмын амьдралыг хянадаг тухай мэдээлэл гарч байсан. Цаашилбал төлбөр тооцоо, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ нь ч хүртэл асуудал дагуулсаар байхад бид буруугүй хэмээн гүрийсээр өнгөрөөдөг уламжлалаа энэ удаа ч хадгаллаа. Мобиком хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гадаадын энэ тэр хийсэн гэж бусад руу бурууг түлхэхээсээ илүү хэрэглэгчийнхээ захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй.
б
Шөнийн 04.33 цагт "УИХ-ын гишүүдийн нэр, утасны дугаараас явуулсан мэт харагдах мессеж нь ХУУРАМЧ болохыг мэдэгдье. Цаашид хуурамч мессежнээс сэрэмжилнэ үү. Мобиком" гэсэн мессеж илгээсэн байх юм. Энэ удаагийн үйлдэл хуурамч юм байж. Дараагийн иймэрхүү үйлдэлд ч Мобиком хариуцлага хүлээхгүй гэдгээ илгээсэн мессежээрээ далдуурхан хэлчихэж. Бас ямар ч хяналтгүй гэдгээ давхар хэлсэн бололтой. Тиймээс ч хэрэглэгчид нь өөрсдөө сэрэмжлэх ёстой гэнэ. Сард 10, 1 сая 100, 50 мянган төгрөг төлдөг байсан ч Мобиком хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалахгүй. Мэдээлэл нь алдагдана уу, хуурамч мессеж ирнэ үү тэдэнд падгүй байдаг нь хариу үйлдлээс нь тодорхой харагдаж байна.
ө
Ямартай ч төрийн түшээдээр даажигнаж, гишүүдийн өмнөөс иргэд рүү илгээсэн мессежний "буруутан" нь Мобиком биш гэнэ. Тиймээс ч тэд хэрэглэгчдээсээ уучлалт ч гуйсангүй. Ямар ч ёс суртахуунгүй мэдэгдэл хийж, шалгаж байна хэмээн ам таглав. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Иргэний хуулийг ноцтойгоор зөрчсөн энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татсан асуудал болон хадгалагдлаа. Харин Мобиком миний, таны, та бидний эрх ашиг, мэдээлэл, хувийн нууцад цаашид ч хайнга хандсаар байх уу гэдэг нь асуулт болон үлдэж байна.
с
В.Хэрлэн