Нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед нэг таатай мэдээ сонсогдож байгаа нь ХАА-н бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ уул уурхайгаас олох ашиг орлогоос давсан үзүүлэлт боллоо. Уул уурхайн орлого 16.1 хувь байхад ХАА-н салбар 16.3 хувьд хүрчээ. Мэдээж нөхөн сэргээгдэх орлого гэдэг утгаараа энэ үзүүлэлт тогтвортой байна. Харин уул уурхайн орлого түүхий эдийн хэлбэлзлээс шалтгаалаад өгсч уруудна. Энэ онд л гэхэд бид 14 сая төл хүлээн авч бойжилт нь 90 гаруй хувьд хүрч малын тоо толгой 13 хувиар өсч 50 саяд хүрлээ. Үр тариа тариалсан хэмжээ 437 мянган га-д хүрч бас л 6.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бодох зүйл олон их байгаа биз. Нөхөн сэргээгддэг эсвэл нөхөн сэргээгддэггүй баялгийн тухай зөндөө ярьсан. Амар хялбараар нь түүхий эдээ л зөөгөөд байсан болохоос нөхөн сэргээгддэг ХАА-гаа тоогоогүй.
.
Гэтэл эдийн засгийг тэд өнөөдөр аварч байна. Ядаж махны үнэ хэрхэн бууж байгааг бэлхнээ харж болно. Нэг кг нь 10 мянгад дөхөөд байсан үнэ ханш бараг 30-50 хувиар хоргодов. Тэвчээрийн чагтага тэгтлээ тасарчихаад туйлдаад байна гэдэг үнэнд нийцэмгүй. Өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүн өсөөд байхад гурил, махны үнэ тогтвортой байгаа нь найдлага төрүүлээд байгаа юм.
:
Монголчууд бүхий л түүхийнхээ туршид өлсч ангаж яваагүй ард түмэн. Харин өмсөх дээлийн даавуу, үйх цай, баярын ширээний нанжин чавга жимс тэргүүтнээр л гачигддаг байсан байх. Энэ бүхнийг бий болгох байгалийн нөхцөл байдал /Л.Гумилёвын бичсэнчлэн өвөл зуны хасах нэмэх 100 градусын хэмнэлд аж төрөх нүүдэлчид... Газрын хөрс нь 15-30 орчим см-т үржил шим бүхий/ нүүдэлчин бидэнд лавтайяа гурван мянганы туршид байгаагүй. Шинжлэх ухааны хөгжил дэвшлээр бид ийм боломжтой болсон.
.
Баялагт хөдөлмөрийг шингээж гэмээн үнэ цэнтэй болдогийг ХАА-н үзүүлэлтийн энэ тоо баримт харуулж байгаад учир нь оршино. Оросууд алдагдсан зах зээлийн хязгаарыг Монгол гэж төсөөлж байгаа. Энүүхэн ойрхон Монгол 50 сая мал сүрэгтэй болчихоод байхад хаа байсан Австрали, Шинэ Зеланд, Ойрхи дорнодоос идэх махаа бэлтгэх билээ. Тэгээд ч эдгээр орнуудын дийлэнх нь Оростой түнжин хагараад байгаа шүү дээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авах Оросын талын томоохон компани аль хэдийн хөдөлгөөнд орчихжээ. Бид 10-11 мянган тонн мах хойд хөршдөө экспортолдог. Энэ бол дундаж үзүүлэлт. Үүнийгээ 100 мянга гаруй тонн-д эхний ээлжинд хүргэе гэсэн санал өгч байна. Тээврийн зардал хийгээд бусад өртөгөө тооцоолоод үзэхэд Монголоос мах импортлох нь олон талын давуу ашигтайг тэд тооцоолсон хэрэг. Оросын төрийн тэргүүн Монголд айлчлахдаа ХАА-н гаралтай зарим бүтээгдэхүүнийг 20 жилийн хугацаанд тарифыг нь хөнгөлөх, хэмжээ хязгаарыг харгалзахгүйгээр авахад бэлэн гэж амласан нь Сибирийн бизнесменүүдийн сонирхлыг ийнхүү татахад хүргэсэн гэж хойд хөршийн хэвлэлээр бичиж байна. Удаан хугацааны нөхөрлөлийг шинэ төвшинд гаргах нь биднийг баруунаас ирэх эдийн засгийн дарамтыг хөнгөлнө гэж РИА НОВОСТИ мэдээлж байгаа.
..
Орос бол том зах зээл. Монгол малын мах холестрин багатай, амт шим сайтайн дээр хямдхан гэх мэдээлэл Буриадын хэвлэл, сайтуудаар олонтаа үзэгдэх болов. Тэд бидэн рүү хандахыг чармайж байна. Халдварт өвчний эрсдэл өндөртэйг ч сануулах болов. Өвчнөөс сэргийлэх вакциныг ч хямдралтай үнээр нийлүүлэхэд бэлэн байгаагаа удаа дараалан нотлож байгаа нь сонирхол маш өндөр байгааг илэрхийлнэ.
.
Бид баялаг бүтээж чадсан. ДНБ 9.8 их наяд төгрөгт хэдийн хүрчээ. Эдийн засаг 14 хувиар өсөөд байхад хямрал зогсдоггүй, иргэдийн орлого өсдөггүйн учир шалтгааныг ТӨР-өөсөө асуухаас өөр хэнээс асуух билээ. Яагаад ийм их баялаг дээр оновчтой зөв шийдвэр гаргаад гуравхан сая хүнээ ажилтай, орлоготой байлгаж чадахгүй байна вэ гэсэн асуулт ТӨР танд хаяглагдана. Гадаад орчны эрээвэр хураавар дундаас Ерөнхийлөгч маань зөв шийдлийг олох гэж тэмүүлж байна. Шатрын нүүдлийн дараах алхам монголчуудад ээлтэй болж байх шиг. Эхний ээлжинд ХАА-н бүтээгдэхүүнээ Оросын том зах зээл дээр нийлүүлэх цаашлаад хоёр хөрштэй эхний ээлжинд тохиролцоод байгаа транзит төмөр зам, байгалийн хийн хоолойн төсөл гээд...
.
Боломж бидэнд их бий. Энэ бүх боломж засаглалын хямралаас болоод үр дүнд хүрэхгүй байгаа юм. Төр улсаа байгуулсан гурван мянган жилийн туршид олдоод байгаа бидний XIII зуунд тунхаглаж эхлүүлсэн даяаршил үр дүнгээ өгч байгааг XXI зуунд харж байна. Эзэн нь юм бол эргээ хашсан ухаалаг бодлого хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Ганц ХАА ч биш хөгжлийн түүчээ болчихоор салбар өч төчнөөн байна. Нанотехнологи, цахим ертөнц, иновацийг олон зуун залуус маань гадаад эзэмшээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихсэн. Эх орондоо зөгий шиг бал цуглуулаад ирэхийг удаан харлаа. Зөгий цэцэгт хөндийд айлсахаас ээрэм цөлд байдаггүйг ойлгох цаг болсон доо. Ирэх оны төсөв батлах хуулийн хугацаа нь дөхчихөөд байхад мануус хөнжилдөө хөлөө жийлцээд хэвтэж байна. Хэвтэх биш босох цаг болсон баймаар юм. Босоход сэрүүн зүүдлэх бус шилгээн суниах нь чухал баймаар юм даа. Өнө удаан унтсан Монголын нуруун дээр үүрлэсэн хариуцлагагүйн өт хорхойг шилгээгээд нэг өндийхсөн.
.
Н.Бадамжав