Гайхалтай гэмээр элдэв сураг шуугиан улс төр нийгмийн амьдралд ар араасаа хөвөрнө гэдэг болж байна. Нэг иргэн рүү татварын байцаагч утасдаж хугацаандаа тайлангаа өгөөгүй тул торгууль арга хэмжээнд орсныг дуулгаад ирж уулзахыг хүсчээ. Энэ бол зүй ёсны шаардлага. Хуульд нийцүүлсэн арга хэмжээ. Тухайн иргэн зөрчлөө арилгаж тайлангаа өгч торгуулиа төлж байж цаашаа үйл ажиллагаа нь явна. Тэгвэл 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгон харж үзсэн гайхалтай шийдвэр гарсан тохиолдол бий. 100 сая ам.доллар. Бидний жишээлэх дуртай болсон харьцуулалтаар бол хэдэн арван цэцэрлэг барьчих мөнгө улсын төсөвт оролгүй Оюутолгой компанийн дансанд үлдэх болжээ. Оюутолгойн хувьд гайхалтай ялалт бол манай татварынхны хувьд гайхалтай буулт хийсэн шийдвэр үү, эхнээсээ 100 сая ам.долларын зөрүүтэй дүгнэлт гаргачихсан алдаа байсан уу. Татварын ийм том зөрүүтэй буулт Монголын аль нэг ААН, иргэнд тохиож байсан бол мэдэгдэнэ биз. Гэхдээ энэ 100 саяыг хасч тооцсон нь хуулийн хүрээнд байсан уу, үндэслэлтэй юу гэдэг дээр татварынхан “татагдаад” байна.
1
Их хурлын гишүүн С.Ганбаатар ТЕГ-ын удирдлагуудаас “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалтын ажлын үр дүнгийн талаарх танилцуулга болон тус компанид ногдуулсан 130 сая ам.долларын татварыг 30 сая ам.доллар болгож татварын хөнгөлөлтөд хамруулах шийдвэр гаргасан үндэслэлийн талаар асууж тодруулсныг харлаа. Ер нь бол татварын байцаагч нар хуулийн хүрээнд хяналт шалгалтаа явуулж маргаан таслах комиссоороо хэлэлцэж шийдвэрлэсэн гэж байна. Татварынхан “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны албан татвар ногдуулах төлөвлөлтийг шалгаж нийт 16 төрлийн зөрчил илрүүлсэн юм байна. Үүнийгээ хоёр талаас тулган хэлэлцэж маргалдсаар Оюутолгой компанийнхан нэг зөрчлийг нь “ОК” гэж зөвшөөрснөөр 30 саятай үлдсэн тул Маргаан таслах комиссын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн гэсэн ерөнхий тайлбарыг татварынхан өгч байхыг өчигдөр сонслоо. Гэхдээ эх сурвалжийн хэлж буйгаар бол энэхүү татварыг 30 сая болгосон шийдвэр тогтоол хавар хоёрдугаар сарын дундуур гарсан байсан гэнэ. Харин олон нийтэд зургаадугаар сарын эхээр зарлагджээ. Өнөөх л найр наадам наашилж олон нийтийн анхаарал хардлага багасдаг улирлаар таарсан нь татварынхан энэ хэрэгт “Но”-той гэсэн хардлага төрүүлж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүний хэлж буйгаар бол маргаан таслах зөвлөлийн 130 саяыг 30 сая болгосон ба шийдвэрийг харьяалах дарга нь ганцхан өдөр баталгаажуулчихсан харагдаж байгаа гэнэ. Харин үүнийг н.Батмагнай дарга үгүйсгэж 2 өдрийн дотор баталгаажуулсан гэж мэдэгдлээ. Ер нь л татварынхан энэ маргаан дээрх эцсийн шийдвэрийг хурдан шуурхай гаргасан гэж хардагдаж байна. Оюутолгой ХХК-ийн 100 саяын татварыг үндэслэлгүй болгосон шийдвэрийг хэрхэн хянаж гаргасан юм бол, холбогдох татварын хуулийн хүрээнд хянан шийдвэрлэгдсэн үү гэдэг асуулт С.Ганбаатар гишүүний зүгээс нэхэл хатуутай тавьсаар байгаа. Байцаагч нар нь Оюутолгой ХХК дээр анх гаргасан 130 сая ам долларыг 30 сая болгосон шийдвэрт хүрэхэд гадны нөлөө дарамт байсан уу гэдгийг өчигдөр нэлээн ширүүхэн ярилцаж байсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаад тогтоох байх л даа.
1
Оюутолгойн дараагийн алхам нь Роялти бодох аргачлалаа гаргуулахын тулд роялти татварын гарын авлага гарга гэж байгаа нь тусдаа татварын хууль гаргуулах гэсэн оролдлого гэж С.Ганбаатар гишүүн хангинав. Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгой ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийн хуралдаан ийнхүү алга болсон 100 сая ам.долларын учгийг хөөсөн асуултууд, сөргүүлээд татварынхан тайлбар тавьсан байдалд өрнөжээ. Нэг их найрсаг бус уур амьсгалд болсон энэ хуралдааны эхэнд татвар төлөгчийн нууцтай холбоотой асуудлыг хөндөх тул хаалттай хийх хэрэгтэй гэсэн талцаан ихсэж “100 сая ам.долларын татвар хаачив” гэсэн гол сэдвээс нь төөрүүлчих дөхсөнийг мөн хэлэх хэрэгтэй байх.
1
Татварын ерөнхий газрын Маргаан таслах комиссын Нарийн бичгийн дарга С.Төгсжаргалын ярьсныг товч буулгавал “Оюутолгой ХХК-ийн орлогын албан татварыг бууруулсан тайлангийн асуудал хэд хэдэн удаа маргаан таслах комиссын зөвлөлөөр орж нийт 60 хоног үргэлжилсэн магадлан шалгалтын эцэст улсын байцаагчийн актад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн” гэж байна. Харин Оюутолгой дээр нэхэл хатуутай С.Ганбаатар гишүүн цаана нь “но” их байгаа гэж үзэж татварын хэдийг АТГ-т өгч шалгуулна гэж мэдэгдлээ.
1
100 сая ам.доллар гэдэг манайх шиг төсөвтэй улсад хараагүй юм шиг өнгөрчихвөл хайран мөнгө. Хойноос нь нэг шалгаад тулгаад авахад буруу ч байхгүй. Үүнийг нь асууж тулгаж байгаад татварынхан маань эмзэглээд байх шиг санагдлаа. Ингэж маргаад Оюутолгойгоос 100 сая ам.долларыг нэхээд авчихгүй ч дараагийн удаад татварыг нь сампиндаа сайн хийж, алдаагүй тооцож шийдвэрээ гаргадаг болоход нь санамж болох байх л даа.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/