Гайхалтай юм болж байна аа. Дөрөвхөн өдрийн өмнө байгуулсан улс төрийн намуудын дарга нарын гэрээ ганц мэдэгдлээр хүчингүй болчихлоо. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өөрсдийн хамтран “төрүүлсэн” гэрээний талаар мэдэгдэл хийжээ. Ерөнхийдөө тайлбар бас аргадалт гэж хэлж болохоор мэдэгдэл.
1
Ерөнхий сайдын мэдэгдсэнээр “...АН, МАХН-ын хороонд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний талаар нэг мөр ойлголттой болох хэрэгтэй. Тиймээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар хоёр намын хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Энэ гэрээг намуудын эрх бүхий байгууллагуудаар орж хэлэлцүүлсний дараагаар хүчин төгөлдөр болох юм...” гэж залруулга хийлээ.
1
Жирийн иргэн хүний ойлгодгоор бол гэрээг үзэглэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчлэлтэй болдог. Харин хоёр намын энэ гэрээ өнөөдрийн мэдэгдлээр хүчин төгөлдөр бус байсан болчихлоо. Намуудын эрх бүхий байгууллагаар буюу АН-ын ҮЗХ-ны хурлаар орж байж энэ гэрээ баталгаажина гэж АН-ын дарга мэдэгдсэнээр хоёр нам гэрээ хийж байгаа дүр үзүүлж шуугиан дэгдээсэн мэт хөгийн байдал үүсч хэвлэлийнхний хэлийг загатнуулах шиг болов.
1
Намын хоёр тэргүүний яаралтай үзэглэсэн энэ гэрээ ардаа том эсэргүүцэл дагуулсан. АН-ын удирдлагад багтдаг гурван томын нэг болох нийслэлийн АН-ын дарга нь эрс эсэргүүцсэн нь гэрээний шуугианыг өндөр авахуулсан нь тодорхой. Бүхэл бүтэн нийслэлийн АН сөрж зогсохыг Ерөнхий сайд яагаад тооцоогүй гэж. Энэ гэрээгээр нэг гацаа гарсан нь тодорхой.
1
Н.Алтанхуяг даргын өнөөдөр хийсэн мэдэгдлээс харахад “гээсэн юмаа олчихлоо, одоо дахиад тоглоомоо эхлэе” гэж байгаатай яг адил сонсогдож байна. 2016, 2020 оны хоёр ч сонгуулийн порцыг гаргаж найруулсан улс төрийн намуудын ийм том гэрээ эрх барих дээд байгууллагуудаар хэлэлцэгдэхгүй хүчин төгөлдөр байх нь боломжгүйг анхнаасаа мэдэхээр улстөрчид цаана нь байсан. Гэхдээ яаран батлаж “баталгаа” бий болгох нь хэн хэнд нь хэрэгтэй байсан болоод шууд гарын үсэгтээ хүрсэн байх. Богино настай энэ гэрээнд АН-д халтай ч ард түмэнд хэрэгтэй байж болох хэд хэдэн заалт байсныг энд тэмдэглэх ёстой.
1
Намууд хандив авах нэрээр бизнесийнхний гарт ордог явдлыг халах, намуудыг төсвөөс санхүүждэг болгох, намуудыг өмчтэй байхыг хориглох зэрэг эрх зүйн шинэчлэл хийхэд хамтарна гэх зэрэг биелдэг бол сайхан заалтууд бас байсан. Засаглалын олон ялзралын суурь буглаа болсон энэхүү өөрчлөлтийг нэг нам дангаар төгс хийж чадахгүйг цаг хугацаа харуулсан. Үүнийг хийснээр улс төрд орохын утга нь алдагдчих бизнесийнхэн их хуралд дэндүү олон байгаа өнөөгийн нөхцөлд Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль нийгмийн захиалгаар төрөх найдвар бараг үгүй. Магадгүй баримталж хэрэгжүүлж чадвал намуудын нэг иймэрхүү хамтын гэрээн дээр улс төрийн намын бохир үйл ажиллагаа цэгцэрч магадгүй гэсэн багахан найдлага нийгэмд бий. Үүнийг гэрээг үзэглэгч хоёр тал сүрхий мэдэрсэн үү, үнэхээр ухаарсан уу одоо тааж хэлэх зүйл алга. Солонгосоос ирснээсээ хойш төрийн ордонд бараг хонох шахаж яваа МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орныхоо агаарыг соронгоо, их улс төрд эргэн ирснээ энэхүү таван өдрийн настай дуулиант гэрээг үзэглэснээр олон нийтэд зарлалаа. Гэхдээ Ардчисан намыг эвгүй байдалд оруулья гэж бодоогүй явж байгаад өөрөө эвгүй байдалд орчихсон мэдэгдлээр улс төрөө эхлүүллээ. Хүний өөрийн олон фракцуудтай гар мухардах шахуу тэмцэж яваа Ерөнхий сайд бас дагаад эвгүй байдалд орчихлоо.
1
Ажлын хэсэг гарч гэрээг дахин нэмэн баяжуулж, намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж дэмжүүлснээр энэ гэрээ дахин батлагдах буюу хүчин төгөлдөр болох тухай талууд мэдэгдлээ. Э.Бат-Үүл даргын тууштай мэдэгдлээр харах юм бол энэ гэрээнээс үгүй болох заалт олон бий. Хамгийн богино настай буюу тав хоногоо бүтэн даагаагүй ийм нэг гэрээ улс төрийн амьдралын түүхэнд дурсагдах юмтай үлдлээ. Бас энэхүү гэрээг улам сонирхолтой болгох нэг нууц хавсралтын тухай ч яригдаад байгаа. Олонд ил болсон гэх тэрхүү хавсралтад байгаа зарим заалтыг харахад хүн итгэх зүйл тун бага л даа. Захын хорооны дарга ч тийм цагаандаа гарсан үг заалт хэрэглэж төр барилцаж буй намуудын хамтын гэрээний хавсралт хийхгүй нь тодорхой. Энийг бол ёстой шалгуулж мухарлан нэрээ олж авсан нь зөв болох байх. Гэхдээ ориг гэрээнээс нь бол улс төрийн хүчнүүд тэр чигээр нь хуулж аваад шууд үзэглэчихэж болох улс төрийн намуудын санхүүжилтийн талаар тун чухал хэдэн заалт байгааг дээр хэлсэн. Алдаа байсан байж болно гэхдээ улс орноо бодсон холыг харсан санаа оноо энэ гэрээнд байсныг нь бүр мөсөн үгүйсгэх хэрэггүй биз.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/