Их хотын бага хүрээнүүд
2014-10-20

Одоо л элдвээр гоочилж, Майскийн тэмдэглэлээс олж уншсанаасаа муу муухайн үүр байсан юм шиг дурсдаг ч хорьдугаар зууны эхэн монголын нийслэл үнэхээр “Их хүрээ” байв. Хагас сая хүрэхгүй монголын бодлого тодорхойлогчоос эхлээд номын мэргэд, их хөлийн наймаачин гээд нийгмийг чирч урагшлах гол хүчин, хүрээлэлүүд тэнд байв. Хүн амын цөм болсон энэ хүрээнд монголчуудыг нэгтгэх, манлайлах өндөр чадавхтай байсан нь арав хүрэхгүй жилийн дотор болсон хоёр хувьсгалаас харагддаг.

а

Улаан хувьсгалчдын явуулсан их хядлагын үрээр энэ “Их хүрээ”-г үгүй хийсэн. Социализмын бүтээн байгуулалтын гайхамшиг болж, гуравхан аравны дотор сүндэрлэн боссон Улаанбаатар хот гурван сая монголын оюун санааны төв, “Их хүрээ” нь болохын тулд дор хаяж хагас зуун жил хэрэгтэй байсан юм. Өнөөдөр Улаанбаатар хот тусгаар тогтносон Монгол Улс төдийгүй бүх монгол туургатны оюун санааны төв болжээ. Хүн амын тэн хагас нь байнга оршин сууж буй энэ хотод харин нэгэн зууны өмнөх “Их хүрээ”-нээс гадна бага хүрээнүүд байна. Эдгээр хүрээний амьдралын хэв маягаас эхлээд үзэл хандлага нь хүртэл онхи ондоон.

а

“Les miserables” буюу эсгий хотын иргэд

а

Нэгэнтээ ус өвс нь халиурч асан сэлбийн сэрүүн дэнж өдгөө дурсамж төдий болжээ. Хашаа хатгаж, ханаа шийрлэсэн хүн зоны урсгал энэ намгархаг хөндийг дор нь эзэлж, эсгий хотынхоо хилийг тогтоожээ. Улаанбаатар хотын хүн амыг сүүлийн арван жилд тогтмол зургаан хувиар өсгөх болсон шилжин ирэгсэдийн ачаар хүн чулууны хөндийн ихэнх хэсгийг эзэлсэн эсгий хот үүссэн. Хот бараадвал амьдрал нь дээшлэх болов уу гэсэн сохор горьдлого өвөрлөж, их хөлийн газарт “их санаа” өвөрлөн ирсэн эдгээр иргэдийг буруутгах аргагүй юм. Даан ч хот гэдэг тухайлсан боловсрол, мэргэжлийн чиг баримжаагүй, дан сайхан сэтгэлтэнд тэрхүү их боломжоо нээгээд байдаг энэрэнгүй ертөнц биш билээ. Ингээд оногдсон ажилгүй, олсон орлогогүй, дунд эргэм наснаас идэр залуусыг хамарсан зорилгогүй нэгэн хүрээ хүрээгээ улам бүр тэлнэ. Ийм хүрээ оршин байгааг, тэднийг харсан ч хараагүй мэт царайлж ирсэнийг 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдал тод харуулсан. Хир тааруу амьдралынхаа буруутныг эрж, бухимдсан олны урсгалын гол цөм нь эсгий хотын иргэд байсан.

а

Цувдайг ангилан худалдаж, атар талхыг хоёр хуваан зардаг амьдрал эсгий хотод бий. Гэр хорооллын дэлгүүрүүдийн барааны бүтэц, сонголт ч хотын төвийнхөөс хэд дахин бага. Гэхдээ тэнд амьдрагчдыг бүгдийг өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байгаа гэж хэлж болохгүй. Нийслэлд хоёроос гурван үеэрээ амьдарсан иргэд ч гэр хороололд бий. Иймээс нийгмийн доод давхрага буюу амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, зөвхөн гэрт амьдарч, их хотын хамгийн захын тойрогт амьдарч буй иргэд “Эсгий хот”гэсэн нэгэн хүрээнд амьдарч буй.

а

Эсгий хотын иргэд бол хошин шог, зохиолын дууны тоглолтуудын гол үзэгчид. Хэрхэн оршин тогтнодог нь тодорхойгүй бөгс бөөрний явдал голчлон бичдэг шар сонингууд энэ хүрээний хувьд бестселлер.Хэрэглээний бүтээгдэхүүний сагс нь уламжлалт мах, сүү, гурил. Хаана шингээд байдаг нь тодорхойгүй хямдхан архинууд ч захын хороололын найман нэрийн дэлгүүрүүдээс л хэрэглэгчиддээ хүрдэг. Эсгий хотын хүрээнээс гарна гэдэг улам бүр хэцүү болж байгаа. Гэр хороололын дахин төлөвлөлтийн хил хязгаар ч хүрээгүй энэ хүрээ бол бодлогоос гадуур орхигдсон хүмүүс. Арван наймдугаар зуунд Виктор Хюгогийн бичсэн “Les Miserables” буюу “Шоовдор хүмүүс” романы дүр төрх эндээс тодорно. Ямар сайндаа л манай төрийн соёрхолт Д.Сосорбарам ард олныхоо амьдралыг харах гэж хааяа захын хороололын гудамжаар явдагаа сайрхан ярьж байхав.

а

Их хүрээ

а

Нийтийн үйлчилгээ, хотын соёлд суралцаж, их хотын эргүүлгэнд хөлөө арай ядан олж буй энэ хүрээнийхний нуруун дээр манай нийгмийн хамаг хүнд хүчир үүрээтэй бий. Хамгийн бага цалинтай ч ажлын хүндийг нугалж буй энэ хүрээнийхний эсгий хотынхноос ялгарах гол онцлог нь “тэмцэл”. Олж гишгэсэн бүдэг ч атугай жим, мөчидхөн ч гэлээ барьцнаасаа тас зуураад ирээдүйн төлөө тэмцэж буй энэ хүрээ оюутнуудтай нэгдээд монголын нийгмийн хамгийн “Их хүрээ”-г бүрдүүлнэ.

а

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын үндсэн төвлөрөл буюу төвийн зургаан дүүрэгт албан ёсны бүртгэлтэй 184817 айл байна. Эдгээр нь хотын хүн амын дийлэнх буюу 723955 хүн юм. Эдгээр хүмүүсийн нийгмийн баялгаас шудрагаар хүртэхийн тулд хийж буй хөдөлмөр дээр их хот маань өндийж байгаа. Ажиллаж хөдөлмөрлөх боломж бага болов буй тул нийгмээ үзэн ядах, хорт зуршилд автах явдал энэ хүрээнд харьцангуй бага. Энэ хүрээнд бизнес хийж, ажил хэрэг явуулахад асуудлыг шударга бусаар шийдвэрлэх, үгсэн хуйвалдах боломж бараг л үгүй тул монгол орны ирээдүйн хамгийн шийдвэрлэх хүч болох юм.

а

Өрхийн тогтмол орлого нь сая төгрөгөөс хэтрэхгүй ч “их хүрээ”-нд хэрэглээний “сонголт” бий. Хил хязгаар нь автобусны эцсийн буудлуудаар хэмжигдэж, орон сууцны хороололуудтай хаяа залган орших эдгээр иргэд олонх нь амины орон сууцтай, манай гудамж, манай хороолол гэх хамтын ухамсар нэгэнт суусан хэсэг юм. Нийслэлээс хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүд ч энэ хүрээг дэмжихэд чиглэгдэж байгаа. Тэмцэгчдийн хүрээнд зөвхөн гэр хороололынхныг багтааж болохгүй. Орон сууцанд амьдарч буй 135 мянга гаруй өрхийн багагүй хэсэг нь энэ хүрээнд хамаарна. Оюуны үнэлэмжийн хувьд энэ хүрээнийхэн олон талт. Дунд сургуулийн багш зэрэг сэхээтнээс эхлээд сувилагч, үсчин ч байх тул тэдэнд эдийн засгийн нөхцөл байдлаас өөр нийтлэг малгай үгүй.

а

Тэмцэгчдийн хүрээ нийгмийн оролцоо, идэвхийн хувьд өндөр. Амьжиргаагаа дээшлүүлэх арга замыг үргэлж эрэлхийлж байдаг тул элдэв сайхан амлалтад автах нь их. Тэдний хувьд энэ цаг үед амьдрал нь эрс дээшлэхгүйтэй гашуунаар эвлэрсэн бөгөөд, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Тэмцэгчдийн хүрээнийхэнд хуримтлал үүсгэх нь боломжгүй ч, ийм түвшинд хүрч чадсан нь дараагийн хүрээ буюу “Иргэншсэн хүрээ”-нд алгуурхан алхан орно.

а

Иргэншсэн хүрээ

а

Нийслэлийн орон сууцны хороололд амьдарч буй 480 гаруй мянган хүн, 135 мянга гаруй өрхийн олонх хэсэг нь энэ хүрээнд хамаарна. Хуучин нийгмийн үеэс их хотод хэдэн үеэрээ амьдарсан өрхүүдээс эхлээд, ардчилсан хувьсгалын үрээр хилийн чанадад гарч эргэн ирсэн хүмүүс, капиталист нийгмийн хуулийг ухамсарласан иргэд энэ хүрээг бүрдүүлнэ.

а

Нийгмийн баялагаас ухамсартайгаар хүртэж, хувийн бизнес эрхлэн, ашиг сонирхолоо биетээр илэрхийлэх боломжтой эдгээр иргэд хэрэглээний хувьд олон талтай. Орон сууц, машин зэрэг нь энэ хүрээнд тансаг хэрэглээ биш болж, хэрэглээний сагсанд санаа зовох шаардлагагүй. Орчин цагийн амьдралын хэв маяг, ахиуйн нөхцөл энд бүрэн утгаараа цогцолно. Иргэншсэн хүрээний хил нь хотын төвийн дүүргүүд болон нийслэлийн ногоон бүсийн хамгийн үзэсглэнтэй хэсгүүдэд амины орон сууцтай.

а

Хотын төвийн үйлчилгээний төв, идэш уушийн газруудыг эдгээр иргэд дүүргэх бөгөөд, дотоодын аялал жуулчлалын гол санхүүжүүлэгчид нь мөн л тэд юм. Улс төрийн идэвх өндөр бөгөөд, үзэл бодлоо ил далдуур илэрхийлж, хамтын оролцоогоор бодлогод нөлөөлөх чадвартай. Өрхийн орлогын хувьд сарын 2 саяаас 10 саяын хооронд хэлбэлзэж, хуримтлал үүсгэнэ. Татвараас цугларч буй орлогын багагүй хэсгийг бүрдүүлэгч энэ хүрээ ажил олгогч болохын хувьд өмнөх хүрээнүүдээ хөтлөн дагуулах чадвартай.

а

Оюуны үнэлэмж, боловсролын хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж буй ч, хууль ёсны хувьд арагш алхаж буй тул энэ хүрээг зөвхөн ахуй талаас нь “Иргэншсэн” хэмээн нэрийдэх боломжтой. Энэ хүрээнд нийгэмд бугшиж буй авлига хамгийн ихээр цэцэглэн хөгжиж байгаа. Одоогоор энэ хүрээндээ оршин тогтнох, илүү өргөн цар хүрээнд амьдрахын гол нууц нь хээл хахууль хэвээр байна. Бусад хүрээнүүдийн хувьд итгэхийн аргагүй их мөнгө энд эргэлдэж, тэмцэгчид болон иргэншсэн хүрээний бүтээсэн баялагаас манай нийгмийн дээд хэсэг буюу “дээд хүрээлэл” рүү хяналтгүй урсаж байна.

а

Дээд хүрээлэл

а

Нийгмийн баялгийн дийлэнх хэсэгт эзэн суусан энэ хүрээ Монгол Улсын төрийн бодлого бусад хүрээнүүдийнхээ амьдралд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог. Улс орны хэмжээний томоохон салбаруудад хяналтаа тогтоох зорилготой цөөхөн гэр бүл тэднийг тойрсон эдийн засгийн ашиг сонирхол бүхий бүлэглүүдээс энэ хүрээлэл бүтнэ.

а

Энэ хүрээлэлд хэрэглээний тухай бус, ашиг сонирхолын тухай ойлголт бий. Нийслэл хотын төв хэсэг хийгээд, Богд уулын хувийн харшдаа амьдарна. Оюун соёл өндөр бөгөөд хувийн арт галлери, сонин сэтгүүл, бүр хөшөө дурсгал ч тэдэнд бий. Хотын дарга асаны хүү УИХ-ын гишүүн асан эрхэм хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй уулзварын нэгэнд ур хийцийн хувьд урьд зууны шинжтэй барималыг нь залахад ард иргэд тун ч гайхан эгдүүцсэн. Гэхдээ энэ бол эрх дархаа дархалж буй “дээд хүрээлэл”-нээс гарч буй энгийн л нэг үйлдэл. Энэ хүрээлэлийн үйлдэлд хариу үйлдэл үзүүлэхийн тулд чулуу шүүрэх, намын “Их үүр”-ийг галдах бус, үзэл бодол, үнэт зүйл, ашиг сонирхолоо хамгаалах эрмэлзлэлтэй иргэдийн хүрээ хүрээгээ тэлэх л ардчилалаас хүлээх ганц зүйл.

а

“Хөх тэнгэр” цамхагийн дээрээс хотыг эргэн тойрон харахад эдгээр дөрвөн хүрээ төвөггүй ялгарч харагдана. Шавар сууцандаа шавааралдан суугаа энэ замбараагүй их хотоос ямар нэгэн утга учир, бүдэг ч болтугай зүй тогтолыг олж харъя гэвэл ийм л нэг дүр зураг бууна. Гэрэл зургийн түргэн үйлчилгээний цэг, архины жижиглэн худалдаа, банкны гүйлгээ бүхнээс цугларсан бутархай гээд эсгий хотын иргэдээс “Дээд хүрээлэл”-ийг чиглэн урсах мөнгөний урсгалаас эхлээд, шатлан өсөх хахуулийн тогтолцгоо эдгээр хүрээнүүд хоорондоо салшгүй бат холбоотой.

а

Манай үндэстний хог шаараас эхлээд суу билэгтнүүдийг агуулан, мансуурсан араатан мэт уухилж буй Улаанбаатар хот. Тэндэхийн иргэдийн амьдрал ийм нэг дөрвөн өнгө, дөрвөн бага хүрээнд эргэлдэж байна. Ирээдүйд энэ хүрээдийн зааг ялгаа улам бүр тодорно. Харин тэр зааг руу унах уу, лидерүүдийн хүрээнд ойртох уу, лойдоруудын дунд үүлдэх үү гэдэг нь иргэн хүний хэрэг юм.

а

Я.Баяр

а

Үндэстний тойм сэтгүүл № 244

Shuud.mn
Сонин хачин
мглы:
энэ зайлшгуй хувь тавилан гээд байна уу хее тод томруун бичэглэл байна ок
2014-10-21