Хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Нийслэлийн хүн ам зуныхтайгаа харьцуулахад арав гаруй хуваарь өссөн байх юм. Эрдэмд шамдсан 130 гаруй мянган оюутны 80 хувь нь нийслэлд хөлхөлдөж байна. Сүүлийн жилүүдэд энэ тоонд бараг өөрчлөлт гарсангүй. Төгсч л байдаг элсч орж байдаг. Дийлэнх нь эрдэмтэн мэргэд болох юм байх аа. Мэдэхгүй юм ч байхгүй басхүү мэдэх зүйл ч байхгүй сургалтын тогтолцооны золиосонд хэдэн мянган хүүхэд залуусын ирээдүйн хувь заяа хиртэж байна. Бүтээгч хүн байхгүй бүгд л онол боловсруулна, эрдэм шинжилгээний бүтээл туурвина. Хий хоосон маргацгаасан бүхэл бүтэн арми бий болгоно. Хөдөлмөрийн зах зээл дээр тэднийг шингээх арга байхгүйн учир нэг хэсэг нь гудамжинд улс төржиж, нөгөө хэсэг нь баар рестораны аяга таваг угааж, аль нэг байгууллагын харуул манаанд залуу насаа элээнэ. Зах зээлд борлуулагдсан мэргэжилтнүүд ажилдаа гологдоно. Авсан боловсрол нь мэдэх, мэдэхгүйн заагт болохоор өөр яах ч билээ дээ. Санаа нь бүгд л эрдэмтэд, улстөрч, эдийн засагч болох санаатай. Даанч сачий нь яаж ч мурчигнаад хүрэхгүй. Аав ээжийн хуруу хумсаа хуйхалж баймааж нь төлсөн төлбөр салхинд зүгээр л хийсч орхино.
1
Боловсролын систем уг нь шинэ нийгэм байгуулж эхэлсэн 1990 оноос хойш орвонгоороо өөрчлөгдөх ёстой байлаа. Урьд цагийнх шиг бүх төрлийн шинжлэх ухааныг мэддэг байх ёстой гэсэн зарчмаар супер хүн бэлдэхийг хичээдэг байлаа. Хүн бүгд математикч байх албагүй харин эцэг эх болно гэсэн Сухомлинскийн үг уг нь ухаж үзвэл их л үнэн үг байсан юм шүү дээ. Хүний оюуны чадавхи, авьяас билэг, бие эрхтний чадамж өөр. Харин өнгөрсөн нийгэм өөрийн бүтээгдэхүүнээ ийм л супер хүн бэлдэхийн тулд програмчилсан юм. Үр дүнд нь мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг баахан нөхдүүд бэлдсэн. Таван онцын эзэн энэ тэр гээд өнөөхдөө хөөрхөн нэр томьёо гаргаад наачихна. Их сургууль нь тосч аваад яг ийм байдлаар дээд боловсрол олгоно. Амьдрал олсон боловсрол хоёр өмнө нь алд дэлэм зөрж олонх нь гологдож байлаа. Ажилчнаасаа дор мэдлэгтэй инженер газар сайгүй л байлаа. Ажлын байран дээрээ үлдэж, хамгаалахын тулд ихэнх нь бууны нохой, хүнд сурталтангууд болж хувирсансан. Дундчууд нь тэдний далайсан гар дор ажил мэргэжилдээ зүтгээд гэр орноо давгүй аваад явж байлаа шүү дээ. Нийгэм солигдоход тэд л хамгийн том түлхэцийг өгсөн. Харин онцчууд нийгмийн шилжилтийн үед хамгийн түрүүн ширвэгдсэн. Олсон мэдлэг боловсрол нь юу ч үгүй шороотой хутгалдчихаар хөл алдаад эхэлсэн хэрэг. Тэдний оронд эх орны алтан гуравтангууд хүч түрсэн. Дунд сургуульдаа адлагдаж байсан олон мянган залуус наймаа арилжаа эрхэлж, үйлдвэр аж ахуйн нэгж байгуулаад ардчилсан нийгмийн тулгуурыг давгүйхэн босгосон.
1
Тэр үеийн гаж тогтолцоо өнөө хэр нь үндэс суурьтай оршсоор байгаа нь эмгэнэлтэй. Дүр зураг нь жаахан өөрчлөгдсөн болохоос язгуур нь яг хэвээрээ. Мэргэжилдээ толгой цохисон хүүхэд марксист онол, биеийн тамирын хичээлээсээ болоод сургуулиа төгсч чадалгүй хасагддаг явдал олон байлаа. Хүн болгон адилгүй гэсэн ардын үгийг хайхарч ч үзэхгүй. Бүх хүн адилхан байх ёстой. Ижилхэн дүрэмт хувцас өмсч, ижилхэн сэтгэж, ижилхэн гүйж харайж, ижилхэн дуулж хуурдах ёстой. Аль нэгэн дээрээ муу бол тэгээд л өнгөр өө. Дунд үеийнхний толгой тархинд суусан энэ үзэл бодол өнөөг хүртэл яагаад өөрчлөгдөхгүй байна вэ. Боловсролын системээ өөрчлөхгүйгээр ямар ч улс оюун санааны хувьд нэг нийгмээс нөгөөд идэвхтэй шилжиж чадахгүй. Эдийн засаг ийм үед мөнгө шүтсэн зэрлэг капитализмын шинжийг үтэр түргэн олно. Мөнгөтэй л бол асуудлыг шийдчихэж болно. Нийгмийн бүхий л давхаргад ийм үзэл санаа ноёлно. Нөгөө хүмүүнлэг ардчилсан нийгмийн тухай ойлголт уриа лоозонгийн шинжтэй болж авилгал хээлт хахууль, төр бизнесийг холбосон аалзны шүлс улам зэрлэгшинэ. Эдийн засгийн үзүлэлтийг чухалчилахаас бус ямар бие хүн нийгэмд төлөвшиж байгааг анзаарах ч үгүй. Бүүр анзаарахыг ч хүсэхгүй болтлоо ялзмагтана. Боловсролын сайд “90 оноос хойш боловсролын системд хэд хэдэн шинэчлэл хийгдсэн. Үр дүн нь ч гайгүй” гэж ирээд л ярьж байна. Зүгээр л өнгөц будаг наасан төдий л шинэчлэл. Утга агуулга нь нэг их өөрчлөгдсөнгүй. Эд ангиар нь солих биш нүд хуурсан өөрчлөлтөөр хол явахгүй гэдгийг энэ олон ажилгүйчүүд, мэргэжилдээ гологдсон их мэдэхчүүд нотлоод байна шүү дээ.
1
Тогтоол усны өнгөц мандлыг хараад нийгэм сайхан болж байна даа гэж сэтгэлээ хуурч боломгүй. Хутгаад үзвэл мөн ч их булингар дороос нь гарч ирнэ дээ. Шинэчлэл хийх гээд байгаа бол ёроолоос нь эхлэх учиртай. Хүүхэд бүрт таарсан сургалтын систем хийх бараг боломжгүй. Гэхдээ хүүхэд бүрийн далд сонирхлыг асаасан мэдлэгийг олгож болно. Дуу дуулья гэж мөрөөддөг авьяастай хүүхдэд дээд тоо, физик, химийн учир начир нь үл олдох нэр томьёо, бодлогоор залхаагаад яах болж байна. Хэрэгтэй хүүхдэд нь заагаад өгчих. Эсрэгээрээ техник технологит дурлагсдад урлаг уран сайхнаар бөмбөгдөөд юу хийнэ. Цэр цээжиндээ бөөр бөгсөндөө гэгчээр хүн болгон л нэг зүйлд зориулагдсан л байх учиртай. Тэр өнцгийг нь олох учиртай сургалтын систем бий болгох ёстой. Харин бие хүн болгон төлөвших, нийгмийн нэг эд эс гэдгийг мэдрүүлэх мэдлэг боловсролыг бултад нь эзэмшүүлэх нь чухал. Ийм хичээл сургалтын хөтөлбөрт бараг байхгүй шүү. Нэг хүний эрх чөлөө бусдын хамрын үзүүрээр хязгаарлагдахын учир шалтгаан, бие биенээ хайрлан хүндэтгэхүйн сэтгэлгээ суулгаад ирвэл нийгмээ тэд гэрэл гэгээтэйгээр хардаг болно. Өдөржин алаан хядаантай кино үзэж, тоглоом тоглож хараалын үг, хармын сэтгэлгээнд нэвширсэн хүүхэд ирээдүйд хэчнээн мундаг мэдлэг боловсролтой байлаа ч нэмэргүй гэдгийг ойлгуулах сургалт дунд сургуульд хэрэгтэй.
1
Хүн болгон л дээд боловсролтой нөгөө пролетаричуудын хочилдогчлон цагаан гартан болохыг мөрөөддөг болжээ. Болжээ ч юу байхав хуучин нийгмээс үлдсэн архаг өвчин. Үүнийг нь өөгшүүлэх гэсэн мэт төр засаг сар бүр 70 мянгаар эрхлүүлнэ, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээр хангана. Он удах тусам халамж үйлчилгээ улам л хавтгайрна. Энэ халамжаас нь жаахныг хасчихаар л талбай дүүрэн оюутан гарч ирээд жагсч цуглана. Улс төрийн сөрөг хүчнүүд нь эрх баригчдыг нам унагах улс төрийн шинэ шоглоом бодож олно. Ирээдүйн празитууд, шантаажчингууд ингэж бий болно. Тодорсон нэг нь аль нэг намын ивээлд орж дээшээ суга дэвшинэ. Нэг л их суралцсан хүмүүс. Мэдэх ч юм шиг мэдэхгүй ч юм шиг төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээл “За уучлаарай” гээд хүлээж авахгүй. Ингээд л лааз өшиглөөд явна. Халаас нь мөнгөгүй, сэтгэл нь гундуу хүн тэр бүрий өөрийнхөө бурууг ухаарахгүй. Сэтгэлд өшил хясалын гал ноцно. Нийгэмдээ өширхсөн түг түмэн залуусын эгнээ бий болсоор байгаагийн гол шалтгаан боловсролын системийн гажуудал. Өшсөн хүнд орогнох хамгийн таатай орон зай бол улс төрийн намууд. Ядаж л жагсаал цуглаанд оролцож хэд гурван төгрөгийн орлого олохыг хичээнэ.
1
Боловсролын тухай хар мэдээний жагсаалт үүгээр дуусахгүй. Үр дүн нь ч аймаар ноцтой болж ирнэ. Цаг алдаад байхаар шинэчлэлийг дорвитойхон далайцтай хиймээр байх юм даа.
1
Н.Бадамжав