Манай улсын экспортын бүтээгдэхүүний 95-98 хувийг ямар нэгэн дахин боловсруулалт хийгээгүй түүхий эдийн экспорт эзлэж байна. Дэлхийн өнөөгийн эдийн засгийн шинж төлөв нь мэдлэгт суурилсан ур чадвар, мэдээллийн хурдын өрсөлдөөн давамгайлсан гэж тодорхойлж байгаа. Аливаа түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн, инновацид тулгуурласан цоо шинэ технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг улс орнууд чармайх боллоо. Түүхий эдийн экспортоос хамаарсан эдийн засаг байнгын савлагаатай байдаг нь хөгжлийн хурдыг чөдөрлөх тушаа болдог юм. 95-98 хувийг нь түүхий эдийн экспорт эзлэдэг манайх шиг нь байтугай экспортынх нь талаас илүү хувийг эзлэдэг улс орнууд аливаа нэг хямралын давалгаанд маш өртөмтгий байдаг байна. Иймээс бид мэдлэгийн хүч, бүтээх чадвар дээр үндэслэгдсэн түүхий эдийн бус бүтээмжийн эдийн засаг руу нэн яаралтай орох шаардлагатай байгаа юм.
6
Мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсэн шинж болох мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах хэрэглэх, хөгжүүлэх боломж чадавхийг бий болгохын тулд юу хийх ёстой вэ. Мэдээж боловсрол чухал. Шинжлэх ухаантай эдийн засгийг нягт уяж өгөхгүйгээр хэзээ ч бат найдвартай эдийн засагтай байж чадахгүй. Боловсролын систем маань өөрөө бүтээлч бус чиг хандлагатай сургалт дээр тулгуурлаж хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас тэс өөр боловсон хүчин бэлддэг, жинхэнэ мэдлэг бус өнгөц боловсрол олгодог гэсэн олон шалтгаанаас шинжлэх ухаан эдийн засаг хоёр холбогдож чдахгүй байгаа юм. ШУА нь болохоор инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх турших бааз суурьгүй, төрөөс мөнгө нэхсэн байдалтай хойрго байгаа нь манай эдийн засагт үр нөлөөгөө үзүүлж чадахгүй байна. Алга дарамхан газартай, ашигт малтмалгүй шахам Израиль, Япон, Солонгосын хөгжлийн нууц нь нэмүү өртөгийг дээд зэргээр шингээсэн эцсийн бүтээгдэхүүн, инновацид тулгуурсан шинэ шинэ бүтээгдэхүүний байнгын урсгалыг бий болгосноор эдийн засаг нь хүчтэй басхүү тогтвортой байгаа юм.
6
Бидэнд бага зэргийн ололт бий. Голдуу бизнесийнхний оролцоотой. Томоохон компани үйлдвэр аж ахуйн нэгжүүд дэргэдээ лаборатор, эрдэм шинжилгээний салбар, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын бааз суурьтай болж байгаа нь сайшаалтай. Төр засгаас олигтойхон дэмжээд хууль эрхзүйн орчинг нь сайжруулаад, эдийн засгийн аргаар дэмжээд эхэлбэл энэ үйл явцын цар хүрээ нэмэгдэнэ. Харамсалтай нь инновацийн тухай олон ч парламентаар өч төчнөөн ярьсан ч үр дүнд хүрээгүй. Бүхий л салбарт нэмүү өртөг шингээсэн, инновацид суурилсан экспортын бүтээгдэхүүнийг олноор бий болгож гэмээн Монгол улс хөгжинө гэж ярьдаг ч дэмжлэг мөхөс байгаа юм. Нөгөө талаар ШУА өөрөө санаачлагатай ажилламаар байх юм. Инновацийн үндэс нь тэдэнтэй шууд холбогдоно. Тэдэнгүйгээр энэ асуудал бүтэхгүй нь тодорхой. ШУА төрөөс мөнгө гуйж суухаар өөрийн эрдэмтдийнхээ бүтээсэн, нээсэн бүхий л ололт амжилтыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарвал бидэнд их нөөц хүч бий.
6
Аж үйлдвэрийн шинэ техник технологи, уул уурхайн, хөдөө аж ахуйн түүхий эдээр яаж эцсийн бүтээгдэхүүн хийх вэ, нүсэр том үйлдвэр барих нь ашигтай юу орчин үеийн техник технологи бүхий жижиг дунд үйлдвэрүүдийг барих уу, гарах бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр хэр зэрэг борлуулалттай байх вэ, тэнд ажиллах мэргэжилтэн, ажиллагсдыг яаж бэлтгэх вэ гээд олон асуултыг бодлогоор шийдэх нь чухал. Бодлого гэхээр нүсэр том хууль эрхзүйн актууд санаанд нь битгий буугаасай. Татвар, эдийн засгийн хөнгөлөлтүүдээр эхний ээлжинд дэмжихэд болно шүү дээ. Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн шинэ гаргасан бүтээгдэхүүн болгоныг төр засаг яагаад худалдаж авч болохгүй гэж. Спорт, урлагийнхан олон улсын тэмцээн наадмаас шагнал хүртэхэд төр мөнгөн шагналаар шагнаж байхад эрдэмтэн, мэргэжилтнүүдийн бүтээсэн, зохиосон бүтээсэн, технологи яагаад тэр зиндааны үнэлэгдэж болохгүй байх билээ. Шинэ бүхнийг нарийн шалгуураар шалгаад үнэхээр дэлхийн зах зээл дээр цахиур хагалахуйц технологи бүтээмж байвал төр худалдаж аваад эргүүлээд бусдад яагаад борлуулж болохгүй байх билээ. Зохиогч, бүтээгчдэд урам зориг нэмээд зогсохгүй эрдэм шинжилгээний судалгаа шинжилгээ хийх санхүүгийн эх үүсвэртэй болно шүү дээ.
6
Экспорт нэмүү өртөг өөртөө шингээх тусам эдийн засагт ашиг тусаа өгнө. Шинэ бүтээгдэхүүн бол цэвэр ашиг л гэсэн үг. Мэдлэгт эдийн засаг суурилуулж гэмээн баргийн шуурганд уруудаад байхгүйсэн.
6
Н.Бадамжав