Инфляци хүчрэгдэхээ болилоо. Нэг оронтой тоонд барина гэж эрх баригчид хэрдээ л хичээсэн боловч 13 хувьд хэдийнэ хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд есдүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувь, оны эхнээс 8.5 хувь, жилийн өмнөхөөс 13 хувь болж өсчээ. Ерөнхий индекс сарын өмнөхөөс 0.7 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, бөс бараа, гутал, хувцасны бүлгийн барааны үнэ 1.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж тэд мэдэгдэж байна. Эдийн засгийн байдал амаргүй тал руугаа нэгэнт хэлбийсэн байна. Хэдэн жилийн өмнөөс инфляци гэгч мангааг хазаарлаж чадаж байсан ч эрхгүй алдаж орхилоо. 2007, 2008 онд инфляци 34 хувь хүртлээ өсч байсантай харьцуулахад гайгүй үзүүлэлт мэт харагдаж байгаа ч цаашид өсөх магадлал тун өндөр. Манай эдийн засаг өөрөө улирлын чанартай болохоор өвлийн улиралд хэрэглээний зардал өсч үнийн өсөлт өндөр байдаг юм.
7
Тиймээс судлаачдын халаглаад байгаачлан инфляци 20 хувьд хүрч магадгүй нь. Үүнийг дагаад макро үзүүлэлтүүдийг шинжлэхдээ улирлын нөлөөг ялгах шаардлагатай. Сарын үзүүлэлтийн улирлын нөлөөг арилгах нэг энгийн арга нь сүүлийн 12 сарын өссөн дүнгээр харвал бодит эдийн засгийн байдлын үнэн дүр зураг харагдана. Монголын эдийн засаг халуунтай байгааг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас оны эхнээс анхааруулсаар байтал үр өгөөжтэй нүдээ олсон бодлого баримталж чадаагүйгээс ийнхүү байдлыг тун эгзэгтэй төвшинд хүргэлээ.
7
Эдийн засгийн гол үзүүлэлтүүд сул, гадаад зах зээлээс хараат улсынхаа хувьд Монголын төр засаг зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол байдал хүндэрнэ гэдгийг анхааруулаад байгаа. Эргээд ашгаа өгөхгүй төсөл хөтөлбөрүүдэд их наядаар тоологдох хөрөнгө оруулалт хийсний горыг одоо бид амсч байна. Төсвийг хумих бодлого хэтэрхий оройтсоноос шалтгаалаад байдал ийм болсон нь тодорхой. Нэгэнт эхлүүлсэн хөрөнгө оруулалтууд үр дүнгүй болж цаашид үнэгүйдсээр хий дэмий царцсан хөрөнгө болж үлдлээ. Ирэх онд томоохон төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орохыг Засгийн газар учирлаж сууна. Бодлого буруу байснаас ийм их алдагдал хүлээлээ. Цаашдаа ч байдал төдийлөн сайжрахгүй дүр зураг харагдаж байгаа нь Засгийн суурийг чамгүй ганхуулна. Сөрөг хүчин эрх баригчдын энэ эмзэг газрыг үе үе тэмтэрч улс төр хийнэ. Сонгуулийн өмнөх жилээ ийм байдалтай угтвал 2016 оны хатуухан сануулгыг АН-д өгнө. Эдийн засаг өндөр өсөлттэй гарсан атал өнгөрсөн оноос ажилгүй иргэдийн тоо буурахгүй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн наймдугаар сарын эцэст 43.2 мянга болж өссөн үзүүлэлт нэг юм хэлээд байна. Энд тэндгүй л ажилд авна гэсэн зар дүүрэн байхад 43.2 мянган иргэн ажилд орж чадахгүй байна гэдэг Монголд энэ талын зохицуулалт хэрэгтэй байгаагийн нэг илрэл юм. Ерөнхий боловсролын сургууль төгссөн бүхэн дээд мэргэжлийн дипломын төлөө мөнгө үрж, эцэст нь дээд боловсрол эзэмшчихээд гудамжинд лааз өшиглөөд л явж байна.
6
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар бол инфляцийн өсөлт нийгмийн ядуу хэсэгт хүндээр тусах болгоомжлол байгаа юм. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хувьд инфляци өсч байгаа нь улам их сэтгэл түгшээх шалтгаан бөгөөд өрхийн орлогын 49 хувь нь хүнсний бүтээгдэхүүнд зарцуулагдаж байгаа гэсэн тоо баримтыг гаргажээ. Ийнхүү инфляцийн өсөлт бараг 15 хувьд хүрээд байгаа нь эцэстээ эдийн засаг эрүүл биш байна шүү гэдгийг л эрх баригчдад хэлээд байгаа юм. Монголын эдийн засаг бараг 80 хувь импортоос хамаарсан бvтэцтэй байхад валютын ханшаар дамжуулан эдийн засгийг залах бололцоог бүрэн ашигламаар байгаа юм. Уг нь арваад жилийн өмнө энэ аргыг хэрэглэх гэж оролдоод орхисон л доо. Ханшийг баримжаалсан мөнгөний бодлогын үед гадаад улсын мөнгө санхүүгийн бодлого буюу инфляцийг оруулж ирнэ гэж Р.Амаржаргал гишүүний хэлсэн үгийг эрхэм түшээд ойлгоосой. Эдийн засгийн импортын хамаарал хэтэрхий өндөр байгаа нөхцөлд энэ аргыг хэрэглэх нь зохистой. Гэхдээ ханшийг чангаруулж байгаа нөхцөлд техник технологийн импортыг эрчимтэй дэмжиж аж үйлдвэр болон үйлдвэр үйлчилгээний баазыг бэхжүүлэх зэрэг цогц арга хэмжээтэй нягт уялдуулах хэрэгтэй байгаа юм. Одоо л ийм арга хэмжээ авахгүй бол оройтох нь. Инфляцийг эмнэх арга хэмжээг зөв боловсруулж яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүй юмсан.
6
Н.Бадамжав