Ингээд эхэлжээ намрын улс төр. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо яаран ирсэн байна. Яарахын учрыг хүмүүс ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эх орноосоо нүүр буруулж харьд цагаачилж “бултах” гэж байна гэсэн мэдээлэл хил дамнасан өргөн компанит хэлбэрээр олон нийтэд түгээд байгаа юм. Экс Ерөнхийлөгчийг гадаадын иргэнтэй хийсэн наймаандаа луу унжсан, өр төлбөртэй шалгагдах ёстой, цагдаагийнхан авчрах гэж байна хэмээн шуугисан. Удалгүй энэ шуугианд ягаан дарцаг нэмж “Н.Энхбаяр Солонгос улсаас иргэншил хүссэн байна” хэмээн улам сонирхолтой болгов. МАХН-ын дарга Н.Эхбаярын зүгт хийсгэсэн сүүлийн дарцаг үнэхээр сайн намирсан. Энх сурвалж нь Солонгос телевиз. Өгүүлэгч нь Дэ Жангумтай төстэй солонгос хөтлөгч бүсгүй. Жирийн иргэн байтугай нь л итгэмээр эх сурвалж. Орой нь МАХН-ынхан яаран хариу мэдэгдэл хийж, Солонгостой холбоотой бүх яриаг ор үндэсгүй гэж мэдэгдсэн. Энэ нь нэг их итгэл төрүүлээгүй. Учир нь хүмүүсийн нүдэнд нөгөө телевизийн хөтлөгч хөөрхөн, ориг солонгос хүүхэн экс Ерөнхийлөгчийн тухай ярьж байсан нь харагдаад. Гэтэл өчигдөр орой шуугианы эзэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрөө ирж, эх орондоо хөл тавьжээ. Сарын өмнө ирсэн бол өнөөдрийнх шиг ингэж шуугихгүй байсан байх. Монгол Улсын нэг иргэн гадаадад эмчлүүлж байгаад л ирж байна. Юу нь тийм гайхмаар байна? Гэхдээ Н.Энхбаяр даргын энэ ирэлт олон талаараа ардаа асуултын тэмдэгтэй. Тэрбээр намарт дуртай сэтгэл их хөдөлдөг тул энэ цагт ирлээ гэж зуны дэлгэр цагт ирээгүй шалтгаанаа тайлбарлахгүй л байх.
_
Ерөнхий сайдын зарласан Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ид яригдаж байна. Фракцууд, нам эвслүүд ам хамхилгүй зөвлөлдөж, хутга гаргахгүй хоорондоо тулж байгаа цаг үе. Өөрчлөгдөж буй Засгийн газарт сайдын суудлыг 75/25 харьцаагаар хуваах гэрээтэй Н.Энхбаярын нам, шударга ёс бүлгийн асуудал хөндөгдөж байна. Гэхдээ өнөөгийн улс төрийн өгөгдлөөр Шударга ёс эвсэл Засгийн газарт сонирхлынхоо дагуу асуудлыг тавьж чадах, өөртөө таарсан бяртай байгаа. АН-ын фракцуудын суудлын зөрүү Шударга ёс бүлгийн 25 хувийн суудал руу өнгөлзөхөд хүргэсэн тул асуудал хурцадсан гэсэн таамаг явж байна. Үүнээс Н.Энхбаяр дарга гэнэт цагаачлахаар болж, бас гэнэт эх орондоо яаран ирэх болсон гэдэг яриаг анхаарах л ёстой байх. Экс Ерөнхийлөгч эх орондоо хөл тавиад хийсэн эхний мэдэгдэлдээ “Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл” гэж товч тодорхой ирсэн зорилгоо тодотгоод байна. Тэрбээр энэ удаагийн ирэлтээрээ бас өөрийг нь оролдоод сүүлдээд байгаа асуудлуудыг нэг тийш болгож амар тайван орхивол улс төрд дахин орох гэж нэг их чихэлдээд байхгүй гэсэн санааг ч “өнөөдүүлдээ” давхар хэлжээ. “ ...Би тусалж чадах зүйл байвал туслая, туслах хэрэггүй гэвэл заавал туслах гээд гуйгаад байх шаардлаггүй. Би хэнд ч гомдохгүй байна. Бүх хүнд сайн санаж ирлээ .. “гэсэн байна.
.
Мэдээж тэрбээр эх ороноо, утаатай ч гэсэн Улаанбаатараа их санасан байгаа. “Та хэдийгээ их саналаа. Энд байхдаа л энэ болохгүй байна, тэр ингээд байдаг гэдэг болохоос тэнд байхад их санадаг юм байна. Монголоо саналаа, Монгол хүнээ их саналаа, ард түмнээ их саналаа. Энэ газар шороо, энэ сайхан агаараа их саналаа.Монголчууд маань эвтэй байвал улс орноо сайхан хөгжүүлж чадна" гэв
.
Төрийн өндөр дээд албадыг ээлжлэн хашиж энэ сайхан орны уул усын гайхам сайхныг машины цонхоор ч, нисдэг тэрэг, онгоцны бүхээгнээс алган дээрээ харж, ноён оргил, ногоон тал бүхнийг хөндлөн туулж явсан хүн энэ хэмжээний эх орноо санаж сарвайхыг нь бид ойлгож хүндэтгэлтэй хандах ёстой л байх.
.
Түүнийг дахин хэрэгт татсан тухай шуугиан зун эх орондоо ирэхгүй байгаагийн хариулт болж олон нийтэд ойлгогдож байсан. Харин тэр хариултыг нь тэр биеэрээ өгөхөөр иржээ. Энэ бол том улстөрч зангарагтай хүний л хийх алхам. Н.Энхбаяр гэдэг энэ улстөрч Засгийн газрын бүтцэд гардан орж, намаа нэг сэвхийлгэж аваад улс төрөөс зодог тайлья гэж шийдсэн ч байж магадгүй л харагдаж байна.
.
Тэр иржээ. Бид ярих юмтай болсон бол зарим нэг нь хошуу холбон хуралдах хэрэгтэй болж байгаа байх.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/