Уг нь өнөөдөр Засгийн бүтэц яриад, улстөржөөд суух цаг биш. Наанадаж ургац хураалт, өвлийн бэлтгэл, хадлан тэжээл, цаашлаад энэ оны улсын төсвийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, оны эцэст гүйцэтгэл хэр явагдах нь вэ, ирэх оныг хэрхэн төлөвлөж угтах нь вэ гээд цаг үеийнхээс эхлээд цаг цагт төлөвлөх ажлын жагсаалт уртаас урт хөвөрч байна. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлын улмаас юун түрүүн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалт эхэллээ.
1
Цомхотгохдоо төрийн албан хаагчдыг бодолцоорой
1
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар Ерөнхий сайдын барьсан төсөл өнгөрсөн баасан гаригт хэлэлцэгдэж, чуулганы үүднээс буцаагдсангүй, анхны босгоо давлаа. Давааны цаана даваа гэгчээр ирэх долоо хоногоос анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ. Зургаан яамыг нэгтгэн, шадар сайдын орон тоог хоёр болгосон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх төслийг гишүүд ширүүхэн хэлэлцэнэ лээ. Сөрөг хүчин гүйцэтгэх засаглалын данхайсан бүтцийг хумьж, яамдын тоог цөөлөх гэж байгааг дэмжсэн хэдий ч цаашид дахин цомхон болгож, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байсан юм. Тухайлбал, ССАЖЯ-ыг халж, эрхлэх хүрээний асуудлыг нь ЭМЯ, БШУЯ, БОНХЯ-д хуваарилах хэрэгтэйг онцолж байсан. Цаашлаад агентлагийг цомхотгон, дэд сайд, орлогч дарга нарын албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй гэж байна лээ. Хэрвээ дахин хэдэн яамыг нэгтгэн, Засгийн газрын бүтцийг цомхон болговол төрийн албан хаагчдын тоо ч энэ хэрээр цөөрч, төсвийн хэмнэлт ихээр мэдрэгдэх аж. Гэхдээ Засгийн газрын бүтцийг цомхон болгож, зарим албан тушаалын орон тоог хасч болох ч төрийн албан хаагчдыг “ажилгүй” болгох нь эргээд нийгэмд сөргөөр нөлөөлнө гэж зарим хүмүүс үзэж байна.
1
УИХ-ын дарга намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх үед аль ч салбарын албан хаагчид ажлаа цалгардуулж болохгүй, хэвийн явуулахыг анхааруулсан. Гэвч энэ анхааруулга амьдралд хэрэгжих нь юу л бол. Дээд албан тушаалтнуудын хувьд ажлаасаа өөрчлөх нь тодорхой гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтгэй “дарга нар” байгаа л байх. Харин доод тушаалтнууд буюу төрийн албан хаагчдын хувьд шинэ бүтэц зохион байгуулалтад ороод шууд ажлаасаа чөлөөлөгдөхгүй ч шинээр томилогдон ирсэн сайд, дарга нар нь аажмаар ажилтнуудаа гулсуулан гаргаж, өөрсдийн хүнээ тавьдаг бичигдээгүй хууль манайд өнөө ч үргэлжилдэг. Тиймээс зарим төрийн албан хаагчдын хувьд ажлаасаа чөлөөлөгдөх вий гэсэн айдастай өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь нууц биш.
1
Өнөөдөр өрх бүр орон сууцнаас эхлээд хэрэглээний ямар нэг зээлтэй. Өргөн хэрэглээний барааны үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдэж, авсан цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа. Энэ үед төрийн албан хаагчдыг олноор ажлаас нь чөлөөлвөл иргэд зээлийн хүүгийн дарамтад орж, ёстой л гудамжинд жагсахаас аргагүйд хүрэх биз. Учир нь хамгийн өндөр, нэг бус хэд хэдэн зээлтэй байгаа хүмүүс бол төрийн албан хаагчид. Банк санхүүгийн байгуулагынханд хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдээс илүүтэй төрийн албан хаагчдад зээлийг гараа сунган найрсгаар олгодог. Асуудал үүсвэл тухайн зээлийг батлан даагч нь төр өөрөө байдаг тул бизнесийн байгууллагынхан эрсдэл үүрэхгүй. Тэгээд энэ хямралын үед бизнесийнхний арга улам нарийсаж, “Зээлээ төлж дуусаагүй тохиолдолд тухайн ажилтнаа ажлаас нь чөлөөлж болохгүй” гэсэн санамж журам дотроо хавчуулсан байна лээ. Тиймээс ч Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, цомхотголд өртчихгүй юмсан гэх аягүйдэл төрийн албан хаагчдыг нөмрөөд байна, энэ өдрүүдэд. Засгийн газрын бүтцийг цомхотгож, танахдаа ардаа амьдралтай, амьжиргаа нь банкны зээлийн хүүн дээр тогтож байгаа төрийн албан хаагчдаа бодолцохыг эрхэм гишүүддээ сануулахад үг илүүдэхгүй биз.
1
Шинэ сайд “давхар дээл”-тэй ч байж болно
1
Ер нь Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг зөвхөн сөрөг хүчний зүгээс шаардаж байгаа юм биш. Бие даагчдаас Д.Батцогт гишүүн ч Засгийн газрыг огцруулах байр сууриа илэрхийлсэн.
1
Эрх баригчдын дотроос ч Ерөнхий сайдын өргөн барьсан бүтцийн өөрчлөлтийн төслийг эсэргүүцэн, Засгийн газрын тэргүүн өөрөө хариуцлага хүлээн огцрох ёстой гэсэн байр суурьтай гишүүд ч бий. Намынхаа даргын удирдсан Засгийн газрыг огцор гэж ил хэлсэн нь ганцхан Ж.Батзандан гишүүн болохоос биш, энэ саналыг чимээгүй дэмжиж байгаа гишүүд нэгээр тогтохгүй байгаа бололтой. Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн өөрчлөлт нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сөргөөр нөлөөлнө гэж гишүүн Д.Зоригт хэлж байсан. Тэрбээр “Бүтцийн өөрчлөлтөд шинэ зүйл алга. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн бодитой бүтээн байгуулалтын ажлыг бүрдүүлдэг яамд хөндөгджээ. Нийгмийн салбарын яамд огт хөндөгдөөгүй байна. Тиймээс энэ өөрчлөлт олигтой үр дүн өгөхгүй юм байна. Зам тээврийн яам үлдсэн хугацаанд 21 аймгийг Улаанбаатартай холбоно. БХБЯ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Хэдэн сайдын асуудал л хөндөгдөх юм байна” гэсэн нь нэгийг бодогдуулсан л үг байлаа.
1
Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийгдсэний дараагаар сайд нарыг томилохдоо хэн нэгэнд давхар дээл өмсүүлэх үү, салбараа мэддэг эрхмийг гаднаас томилох уу гэдэг асуулт Ерөнхий сайд руу чиглэж байсан. Гишүүдийн зүгээс ч сайд нарыг томилохдоо танил тал, зоосны нүх харж бус салбартаа туршлагатай мэргэжлийн хүн томилохыг сануулах, анхааруулахын завсар Ерөнхий сайдад дайж байлаа. Харин Ерөнхий сайдын хувьд өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд томилгоо хийнэ, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг тодотгоно лээ. Энэ нь шинээр томилогдох сайд “давхар дээл”-тэй эрхэм байж болно гэдгийг Ерөнхий сайд үгүйсгээгүй нь илрэл юм.
1
Ийнхүү сөрөг хүчин Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийх гэж байгааг дэмжиж, яамдыг дахин цөөрүүлэхийг шаардаж, эрх баригч намын гишүүдийн зүгээс сайд нарын томилгооны асуудал дээр Ерөнхий сайдтай зөрчилдсөн фракц, бүлэглэлийн амбици “сэргэсэн” дүр зураг ирэх өдрүүдэд үргэлжлэх нь.
Намрын чуулганы хугацаа гэдэг Засгийн газрын бүтэц ярихаас илүүтэй энэ оны нийгэм, эдийн засгийн байдал, ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг батлах тоон дотор толгой эргэлдэн, эдийн засгаар амьсгалсан өдрүүд үргэлжилдэгсэн. Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна гэгчээр ирэх оны улсын төсөв, эдийн засаг, нийгмийн талаар төрөөс баримтлах бодлого ч тодорхой хугацаанд батлагддаг хуультай. Засгийн газрын бүтцийн асуудлыг УИХ улс төржиж цаг уялгүй шуурхай хэлэлцэн батлах нь Ерөнхий сайдыг дараа дараагийн асуудлаа өргөн барихад ч нэмэртэй. Бүтцийн өөрчлөлтөө хийж, шинэ яамдын сайд нараа томилуулаагүй Засгийн тэргүүн ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулан өргөн барихад хуулийн зөрчилтэй тулгарах биз.
1
Ер нь тэгээд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийсэн ч мөрийн хөтөлбөр, бодлого өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй”-тэй адил.
Амьдралын жижиг сажиг зүйл ч Ерөнхий сайдад хамааралтай байдаг. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ өдрүүдэд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжихийг нийслэлийн гэр хорооллынхон чих тавьж байна лээ. Ерөнхий сайдаар ахлуулан, гардан хэрэгжүүлж байсан эрхмүүд нь цагдан хоригдож, шалгуулж байгаа болохоор эргэлзэх нь арга ч үгүй юм.
1
Н.Энхбат