Энэ үг онц байдал зарласан, түгшүүрийн дохио мэт сонсогдож байгаа байх. Гэхдээ нийслэлчүүд бидэнд энэ сэрэмжлүүлэг өдөр тутмын хамгийн хэрэгцээт мэдээлэл болох цаг иржээ. Улсын нийслэл Улаанбаатарын хувьд хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашлах үе буюу өвөл хаврын цаг “утааны улирал” болсоор олон жилийг үдэж байна. Төр, засгаас нийслэлийн утааг арилгах зорилгоор Агаарын бохирдлыг арилгах үндэсний хороо ажиллаж, жилийн жилд тэрбум тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг ч өнөөдөр хүрсэн үр дүн нь тун чамлалтай. Улаанбаатарын утаа буурсан нь нийслэлчүүдэд л лав мэдрэгдээгүй. Утаа арилахгүй байгаа нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж уушигны сүрьеэгээс эхлээд ургийн гажиг төрөлт ч ихэссэн.
1
Энэ жил төр, засаг нийслэлийн удирдлагууд утаатай тэмцэх арга барилдаа хүний хүчин зүйл, оролцоог нэмэгдүүлэхээр зорьжээ. Тиймээс ч нийслэлийн 10 хэсэгт суурин харуул байршуулах гэнэ. Уг харуулын тэмдэглэлд Улаанбаатарын утаа ямар үед хамгийн их байх, ямар үед хэвийн байхыг химийн нэр томъёололгүй, энгийн хэллэгээр иргэдэд мэдээлж байх гэнэ. Жишээлбэл, улаан өнгө нь агаарын бохирдол их, хортой, бор өнгө нь утаа их байгааг, шар өнгө нь утааны хэмжээ багыг, ногоон өнгө нь хэвийн байгааг заах гэнэ. Харуулын самбарын энэ мэдээлэл 30 минут тутамд шинэчлэгддэг аж. Хэрвээ харуулын тэмдэглэгээн дээр тухайн хүний байрлаж байгаа ч юм уу, очих газрын орчин нь улаан өнгөтэй байвал “гэрээсээ гараад хэрэггүй, зайлшгүй шаардлагатай бол маск зүүж явах, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй” гэж Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэрээ мэдээлэв.
1
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа, цаашид хийх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт, Цэвэр агаар сангийн гүйцэтгэх захирал Д.Баасан, Улаанбаатар Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд нарын албаны хүмүүс өнөөдөр хэвлэл мэдээллийнхнийг хүлээн авч уулзаж, мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн хүн ам өнөөдөр 1.4 сая орчимд хүрчээ. Хотын агаарыг бохирдуулдаг хорт утааны 80 хувийг гэр хорооллын 185 мянган өрхийн яндангаас гарч байгаа бол үлдсэн 20 хувийг гурван дулааны цахилгаан станц, 308 мянган автомашинаас ялгарч буй азотын давхар исэл, сул шороон хөрс буюу тоосонцор, угаар эзэлдэг байна.
1
Сайжруулсан зуухаа 17-221мянган төгрөгөөр худалдан аваарай
1
Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлын нэг нь түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг сайжруулсан зуух. 2011 оноос иргэдэд төрөөс татаастай үнээр сайжруулсан зуух тарааж эхэлсэн. Гэвч энэ зуухыг галлах зориулалтын сайжруулсан түлш манайд хангалалттай үйлдвэрлэгдэхгүй байгаа билээ. Тиймээс энэ зууханд сайн чанарын нүүрс түлвэл утаа багасана гэж албаныхан ярьж байсан. Сайжруулсан зуух олгох ажил энэ жил ч үргэлжлэх юм билээ. Харин үнийн хувьд нэмэгдсэн байна лээ. Учир нь өнгөрсөн жилүүдэд төрөөс 93 хувийн татаас өгч байсан бол энэ удаад 66 хувь болгон бууруулжээ.
Гэхдээ нийслэлчүүдэд сонголт байгаа. Нийт найман төрлийн зуухыг 17-221 мянган төгрөгийн хороонд худалдах авах юм. Турк улсаас импортолж буй “Өлзий” зуухны үндсэн үнэ 457 мянга, үүнээс төрөөс төлөх 66 хувь болох 256 мянган төгрөгийг хасаад 221 мянган төгрөгөөр хэрэглэгчдэд хүрч байна. Харин манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн зуух технологи, чанарын хувьд “Өлзий”-гөөс дутахгүй, дээр нь үнэ хямд гэнэ. Дотоодын үйлдвэрлэгчдийн “Чин зуух”-ны үндсэн үнэ 272 мянган төгрөг. Харин шинэ хэрэглэгч 17 мянган төгрөгөөр худалдан авна. Харин “Том дөл”, “Жижиг дөл”, “Голомт” зуухыг 28-219 мянган төгрөгөөр худалдан авах юм.
1
Цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэе
1
Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад нийтдээ 20 тэрбум 260 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж.
1
Утааг бууруулахад зөвхөн төр, засаг зүтгэж, гэр хорооллын иргэд гар хумхин хойш суугаад байгаа гэвэл эндүүрэл болно. Гэр хорооллын иргэд ч өвлийн улиралд ая тухтай, дулаан орчныг эрхэмлэхийн зэрэгцээ нүүрснээс “зугатаж”, цахилгаан халаалтын эрэлд гарч байна. Тэр дундаа шалны халаалтыг гэр хорооллын айл өрхүүд тавиулж, сардаа 400 хүртэл мянган төгрөгийг цахилгааны төлбөрт өгдөг. Гэвч эрчим хүчний хүчин чадал дутагдалтайгаас шалны халаалт нь орчныг хангалттай халааж чадахгүй байгаа талаар иргэдээс гомдол ирдэг байна. Албаныхан ч эрчим хүч алслагдсан хорооллынхонд хүрэхдээ муу гэдгийг хүлээн зөвшөөрч байна лээ. Гэр хорооололд цахилгаан халаалт тавиулахад цахилгааны шөнийн төлбөрөөс нь 50 хувь хөнгөлдөг. Энэ хөнгөлөлтөд өнгөрсөн онд 66 мянган айл хамрагдсан байна. Гэр хорооллын утааг багасгах хамгийн дөхөм, үр дүнтэй арга нь цахилгаан халаалтаар хангах гэдэг ч эрчим хүч нь хүрэлцээгүй, хөнгөлөлт чөлөөлөлт нь гавьтай бус байгаагаас агаарын бохирдол өнөө хэр буурахгүй байгаа гэж зарим хүмүүс ярьдаг. Харин гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрөөс 50 хувь бус 70-90 хувь чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан хэдий ч хаврын чуулганаар батлуулж чадаагүй аж. Ер нь энэ олон зуухыг гэр хорооллынхонд “хүч”-ээр тарааж, бодит үр дүн нь мэдрэгдэхгүй, төсвийн мөнгийг дэмий цацаж байхаар эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг тэглэхчихвэл хотын утаа сарних бус уу.
1
Н.Энх