Ирээдүй өчигдрөөс эхэлсэн
2014-10-03

... 15 жил буюу дөрөв хүрэхгүй сонгуульт хугацааны дотор хүн амын цонх үе дуусаж, Монгол Улс залуучуудын идэрмэг хүчнээс гадна ахмадуудын хөдөлмөрийн нөөцийг ашиглаж байж хөгжлийн хурдацаа хадгалах бодит шаардлага тулгарах нь ээ...

ө

Монгол Улсад өдгөө дайны дараа буюу 1945 оноос хойш төрсөн хүмүүс ахмад настны олонхийг бүрдүүлж, 1950-аад оноос эхэлсэн “baby boom”-ээр төрсөн хүүхдүүд ахмадын эгнээнд шилжиж эхэлжээ. Тавиад оноос хойш манай хүн ам тогтмол хурдаар өсөж ирсэн тул цаашид эрчимтэй насжих нь тодорхой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор манай улсын хүн ам одоогоос 15 жилийн дараа насжиж эхлэх ба дараагийн 20 жилд насжилт эрчимжих төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 70-аад оныхон тэтгэвэрт сууж эхлэх үе буюу 2040 он гэхэд хөдөлмөрийн насны иргэдийн хүн амд эзлэх хувь 66.5-аас 55.4 болж буурахаар, 60-аас дээш насныхны хүн амд эзлэх хувийн жин одоогийнхоос 3 дахин нэмэгдэж 16.7 хувьд хүрэхээр байна.

ө

Хүн амын хэдэн хувь нь хүүхэд залуучууд, идэр насныхан, эсвэл хөгшчүүд байгаагаас үе үеийн нийгэм, эдийн засаг хөгжлийн хандлагад хамаардаг. Дээрх тоо баримтуудаас нийгмийн хамгааллын тогтолцоог хүн амын зүй ёсны хөгшрөлтийн зүгт залах цаг ирсэн нь харагдаж буй юм. Өөрөөр хэлбэл 15 жил буюу дөрөв хүрэхгүй сонгуульт хугацааны дотор хүн амын цонх үе дуусаж, Монгол Улс залуучуудын идэрмэг хүчнээс гадна ахмадуудын хөдөлмөрийн нөөцийг ашиглаж байж хөгжлийн хурдацаа хадгалах бодит шаардлага тулгарах нь ээ. Гэхдээ эл бодлогоос өмнө насжилтын угтал болгож, даван дээр шийдэх учиртай асуудлууд байна. Энэ тэргүүнд ахмадын нийгмийн хамгаалал, удаах нь оролцоо.

ө

Шинэ харилцаан дахь хуучин тогтолцоо

Ахмадад хамгийн хүртээмжтэй, хайр гамгүй тараадаг зүйл нь шагнал. Хуучин төрийн сүлдтэй алтан гадас одон бол тэтгэвэртээ суух болсны эелдэг дохио. Иймээс монголд одонгүй ахмад бараг үгүй бөгөөд энгэрээ цоолсон тэмдэг амьдралд нь нэмэр болох нь цөөн. Хамгийн сүүлд Монголын чөлөөт ахмадын холбоо (МЧАХ)-ноос насаараа ажиллаад шагнал урамшилгүй хоцорсон ахмадуудын судалгааг гаргаж, төрийн болон салбарын шагналд тодорхойлон олгуулжээ.

ө

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1942 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор олгох болсон “БНМАУ-ын ударник” цол тэмдэгээр 1000 гаруй хүн шагнуулснаас өдгөө 10 хүрэхгүй хүн амьд сэрүүн байна. Тухайн цагтаа жирийн ажилчин хүн өдөрт 200 грамм талхны нормтой байсан бол “ударник” хүнд 400 грамм талх ногдохоос гадна тусгай дэлгүүрээр үйлчлүүлэх эрхтэй байв. Харин ардчилсан хувьсгалын дараа гавшгайчдын амьдрал орвонгоороо эргэжээ. Оюун санаа, бие сэтгэлээ дайчлан хөдөлмөрлөж бүтээн байгуулахыг эрмэлзэж явсан нийгэм, үзэл санаа нь үнэ цэнэгүй болохтой зэрэгцэн гавшгайчдын нийгмийн үнэ цэнэ ч газар унав. Норм төлөвлөгөөгөө давуулж, нойр хоолоо хасан баялаг бүтээж явсан тэдний тэтгэвэр хамгийн багаар тогтоогджээ. Гутлын фабрикт нормчин хийдэг байсан Д.Цэвээндорж гуай цөөн үлдсэн “ударник”-уудад сарын 150 мянган төгрөг олгодог болсонд талархаж явдагаа хэлээд, “Ихээхэн хөлс дуслуулж байж энэ цол тэмдгийг авсан. Одоо харж үздэг байгууллага ховордож байна. Гутлын үйлдвэрээс жилд нэг удаа 10 кг гурил өгдөг” хэмээсэн юм. Хуучин авч байсан цалинд нь үндэслэн тэтгэвэр тогтоосны улмаас намын аппарат, удирлагад ажиллаж байсан дарга ангийнхан хамгийн дээд тэтгэврийг авч, нийгмийн баялагийг бүтээж байсан ажилчин анги ийнхүү хохирч хоцорчээ.

Өнөөдрийн байдлаар 55 ба 60-аас дээш настай эмэгтэй, эрэгтэй 168 500 орчим ахмад байна. Бусад нөхцлөөр тэтгэвэрт гарсан иргэд нэмэгдээд 240 гаруй мянган хүн тэтгэвэр авдаг. Хамгийн өндөр  тэтгэвэртэй нь 1300.000 төгрөг, хамгийн бага нь 192000 төгрөг авдаг байна. Гэхдээ 6000 гаруйхан ахмад л 500-аас дээш мянган төгрөгийн тэтгэвэр гар дээрээ авч байгаа. Амьжиргааны наад захын хэрэгцээг ч хангахааргүй энэ тэтгэвэр ахмадуудад санхүүгийн баталгаа болж чадахгүй. Иймээс тэдний санхүүгийн эрх чөлөөгөө хэрэгжүүлэх ганц боломж бол тэтгэвэрийн зээл. МЧАХ-ны тэргүүн Г.Баасан энэ талаар “Тэтгэвэр авч буй иргэдийн 68-аас дээш хувь нь тэтгэвэр барьцаалсан банкны зээлтэй байна. Ихэнх ахмадын тэтгэврийн дэвтэр банкинд байна. Тэтгэврийн зээлийг олон сараар, бүр 3 жилээр авчихсан хүн хүртэл байна. Сарын хүү 1.5, жилийнх нь 18 хувь байна. Энэ бол арилжааны зээл биш. Энэ бол эдийн засгийн хүчирхийлэл” хэмээв. Г.Баасан гуай олон үгтэй л дээ. Гэхдээ цагаан сарын ууц, бэлгийн оймсны өртөгт л ахмадууд барьцаалаастай амьдарч байна. Тэтгэврийн ийм тэгш бус тогтолцоог халахаар төрөөс бодлогоор нэмэгдэл өгч байгаа ч тогтолцооны гажуудал мөддөө арилахгүй нь ойлгомжтой. Тэтгэврийн шинэчлэлийн чиглэлд УИХ-ын зүгээс өлгөөд авчихаар ганц л бодлогын өөрчлөлтийг хийхээр завдаж буй нь “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”. Хуулийн гол санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь амьд үлдсэнд нь “өвлөгдөх” явдал. Тэтгэвэр гэдэг ганц хувь хүн ч биш, түүний гэр бүлийн насан туршийн хөдөлмөрөөрөө бий болгосон баялаг гэсэн үзэл санаа эндээс цухалзаж буй нь олзуурхууштай хэрэг.

ө

Хүссэн хүсээгүй нийгмээрээ капитализм руу алхаад орчихсон байхад нийгмийн хамгааллын тогтолцоо маань 24 жилийн өмнөх захиргаадалтын арга хэлбэрээ өөрчилсөнгүй. Энэ талаар “Монголын ахмад багш нарын холбоо”-ны тэргүүн Д.Амар “Боловсролын тухай хуулиар заавал 25 жил багшилж байж тэтгэвэрт гарна гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуультай зөрчилдөж байгаа” хэмээн ярьлаа. Манай хуулинд энэ мэтийн хүний эрхийн зөрчил бүхий заалт цөөнгүй. Хуулийн дагуу Монгол Улсын иргэн эмэгтэй 55, эрэгтэй 60 нас хүрч байж тэтгэвэрт гарах ёстой. Энэ хуульд тэтгэвэрт гарах насны талаар ямар нэгэн уян хатан зохицуулалт гэж үгүй. Ганц нааштай заалт байгаа нь 4-өөс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн эмэгтэй хүн л 50-иас дээш насандаа өөрийн саналаар тэтгэвэрт гарч болно. Хүний эрхийн үүднээс бол нэг жил ч болтугай хөдөлмөр эрхэлсэн иргэн түүндээ дүйцэх нийгмийн халамжийг хүртэх эрхтэй. Гэтэл манайд 60 наснаас өмнө өөрийн сонголтоор тэтгэвэрээ тогтоолгох, сонирхсон салбартаа хүч сорих эрх зүйн зохицуулалт дутмаг. Өсөн нэмэгдэж, улам бүр хурдсаж буй ажлын байрны шаардлагыг дийлэхээ больсон атал 60 хүрч байж л тэтгэвэр тогтоолгох тул албан ажлаасаа үхэн хатан зууралдаж, урсгалаараа өдөр хоногийг өнгөрөөж буй төрийн албан хаагч дэндүү олон. Зүй нь ажилласан хугацаанд нь дүйцэх тэтгэвэрээ тогтоолгож, тэтгэвэрт сууж буй иргэнд олгодог 12-36 сая төгрөгийн төрийн хишгээ хувь тэнцүүлэх замаар шудрагаар хүртээд залуу боловсон хүчинд зай тавьж өгдөг болчихвол хаана хаанаа хэрэгтэй юм. Ингэснээр ахмадын эгнээнд шилжихийн өмнө тухайн иргэнд амьдралаа өөрчлөх боломж ч олгох юм.

ө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дашдондогийн ярьж буйгаар манайд гурван шатлалт тэтгэвэрийн тогтолцоо хэрэгтэй аж. Нэгдүгээрт, улсын төсвөөс олгох суурь тэтгэвэр буюу тэтгэврийн насны иргэний амьжиргааны наад захын хэрэгцээг хангахуйц тэтгэвэр, хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлээс сан бүрдүүлдэг өнөөгийн тогтолцоо, гуравдугаарт одоогоор манай улсад нэвтрээгүй байгаа арилжааны шинжтэй, сайн дурын, хувийн тэтгэврийн тогтолцоог нэрлэж байна. Иргэн өөрийн санхүүгийн чадамж, хөдөлмөрийн үр дүндээ суурилан хүссэн хэмжээндээ тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэх эл тогтолцооны талаарх санаа одоогоор бодлого боловсруулагчдын хавтсанд байна.

а

Намба алдуулсан намчирхал

Иргэд тэтгэвэрт гаруутаа хүний тооноос хасагддаг нь дандаа ярьдаг ч шийдэж чадахгүй явсаар ирсэн асуудал. Зүй нь энэ асуудлыг тэтгэвэрт гарсны дараах хөдөлмөрийн харилцааг дэмжих тусгай бодлогоор шийдэх учиртай. Харамсалтай нь манайд энэ бодлого намуудын мөрийн хөтөлбөрөөс цаашгүй байна. Хөдөө орон нутагт бол ахмад настан гэдэг гэр бүлийн хамгаас хүндтэй гишүүн. Нүүдлийн мал аж ахуйд бүл чадлаас гадна туршлага гэдэг зүйл амин чухал учраас тэр. Харин хот суурин газруудад байдал эсрэгээрээ. Насан туршийн туршлага нь үнэ цэнэгүй болсон өвгөчүүл цэцэрлэг, сүүдрэвчинд цуглаж даалуу, шатар эргүүлэнгээ улс төржих нь суурин газрын ахмадуудын түгээмэл дүр төрх. Насны бүлгээр авч үзвэл тэтгэвэрт сууж буй иргэд монголын хамгийн улс төрийн идэвхтэй бүлэгт тооцогдоно. Хаа газар УИХ-ын гишүүний уулзалт, олон нийтийн хэлэлцүүлэг болоход танхимын талаас илүүг ахмадууд дүүргэдэг нь ёс. Гэвч энэ насны иргэд нийгмийн байдал, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тэнсэн үзэхээс илүүтэй батлахныхаа өнгөөр сонголт хийх нь элбэг. Ийм ч учраас эрх баригчдын зүгээс ахмадуудыг хөдөлгөөнгүй , тогтвортой сонгогч байхаар тооцоолж тэдэнд чиглэсэн бодлогоо боловсруулж иржээ. 1988 онд Улс төрийн товчооны 58 дугаар тогтоолоор өнөөгийн Монголын ахмадын холбоо (МАХ) буюу тэр үеийнхээр Улс төрийн ахмад зүтгэлтний хороо байгуулагджээ. Шинэ нийгэмд шилжлээ ч үүрэг, удирдах бүтэц нь төдий л өөрчлөгдөөгүй уг холбоо бол монголын ахмадуудыг нэгтгэж буй хамгийн том олон нийтийн байгууллага.

б

Засгийн газар өнгөрсөн оноос Монголын ахмадын холбоо (МАХ), түүний орон нутаг дахь салбар зөвлөлүүдэд олгодог байсан дэмжлэгээ зогсоож, Монголын чөлөөт ахмадын холбоо (МЧАХ)-нд олгох болов. МАН-ын ахмадуудад элэгсэг ханддаг гэж үргэлж шүүмжлэл хүлээдэг байсан МАХ-нд төрөөс очдог байсан дэмжлэг ийнхүү зогссоноор МоАХ-ны партизан Г.Баасан тэргүүтэй чөлөөт ахмадын холбоо улс орон даяар ахмадад чиглэсэн төрийн бодлогын гол салааг гартаа авчээ. Бодлого ч гэж дээ. Ахмадын тухай бодлого явуулах төрийн чиг үүргийг хуулийн дагуу гэрээлэн гүйцэтгэж буй МЧАХ-нд өнгөрсөн онд төсөвлөсөн 117 сая төгрөг, энэ онд төсөвлөсөн 155 сая төгрөгөөр байр, үйл ажиллагааныхаа зардалыг төлж, уулзалтын танхим түрээслэхээс өөр юу хийж амжих билээ дээ.

б

Хавар намрын цагт ямар нэг өнцгөөр заавал хэвлэлд ханддаг Г.Баасан гуай сүүлийн үед ажин түжин болсон нь чөлөөт ахмадын холбоогоо хөдөө орон нутагт бэхжүүлэх гээд завгүй байсантай нь холбоотой аж. Энэ ажлын үр дүнд нэг талаас хуучин нийгмийн үеийн дарга нараас удирдлага нь голчлон бүрдэх МАХ, тэмцэгч Г.Баасангийн удирдах МЧАХ хоёр монголын ахмадуудыг санаатай, санамсаргүй хоёр хувааж орхих нь тэр. Зарим ахмадууд холбоогоо сөнөж мөхлөө гэж үзэж байхад, нөгөө хэсэг нь одоо л жинхэнэ хөгжлийн замдаа орох нь гэлцэх болжээ. Үнэндээ энэ үйл явцын үрээр сумын албан бус намын үүр л нэгээр нэмэгдсэнээс бус, ахмадын оролцоог хангах шинэ сэргэг арга хэмжээ зохиогдсон зүйлгүй, ахмадын хороо хөгшдийн цуглаж, шатар, даалуу, хөзөр эргүүлдэг газар хэвээр үлдсэн. Нийгмийн өөр оролцоо үгүй ахмадууд даалуу тоглож, сонссон хэмжээндээ улс төр ярьж, бас болоогүй үр хүүхэддээ үзэл бодлоо тулгахыг оролдон “намба алдах”-аас өөр яах ч билээ. Чухамхүү ахмадуудын энэ аазгай дээр гурав дахь ерөнхийлөгч маань тоглолт хийж, УИХ-д өөрийн тойрон хүрээлэгчдээ оруулж чадсан. Эцэстээ энэ утгагүй талцал, намчирхалаас залхсан ахмадууд эдгээр холбоодын зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцохоос цэрвэх болжээ. Ямар сайндаа л ахмадын баяраар цайллага зохион байгуулахаар мөнгө гаргаж өгөхдөө орон нутгийн удирлагууд нь хоёр намын ахмадын төлөөлөлийг ялгалгүй цуглуулахыг хүсэж байх вэ.

б

Цалин тэтгэврээс эхлээд талцах шалтгаан олонтой ахмадуудад нэгдэх орчин эдгээр албан бус намын үүрүүдийг эс тооцвол бараг л үгүй гэж хэлж болно. Монголд өнөөдөр салбарын ахмадын байгууллагуудаас голчлон бүрдэх 40 гаруй настанд чиглэсэн төрийн бус байгууллага байгаа. Гэхдээ эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь төмөр зам зэрэг ахмадын салбартаа мөнгө зориулдаг цөөн хэдэн байгууллагын дэргэдэх зөвлөлүүдээр хэмжигдэнэ. Түүнчлэн багш, эмч зэрэг нийгмийн идэвх бүхий сэхээтэн ахмадууд дурсамж хэвлүүлэхээс эхлээд нийгмийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Үр дүн гарахгүй, цуглаж шуугилдаад л өнгөрөх нэр төдий үйл ажиллагаа ахмадуудад ч, нийгэмд ч үр ашиггүй. Харин хагас цагаар ажиллах, зөвлөн туслах гэх мэт хөдөлмөрийн тодорхой үнэлгээ бүхий хөтөлбөрүүдэд ахмадууд сонгуулийн өглөө шиг л цуглаад ирнэ.

б

Ирээдүй өнөөдрөөс биш өчигдрөөс эхэлсэн. Цагийн эргэлт яаруухан урагшлах өнөөдрийг бодлогошрон суух өчигдөр лүү аваачих л болно. Бүтээсэн тогтолцоо, боловсруулсан бодлогынхоо үр шим, алдаа оноог бүгд л биеэр даван туулна. Иймээс ирээдүйн сайн сайхны тухай ярихын өмнө өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг хэмээн хөдөлмөрлөж ирсэн ахмадуудын маань аж байдал өөх ч биш, булчирхай ч биш болчихоод байгааг бодож үзэх хэрэгтэй юм. Ахмадуудад хилийн чанадаас судалсан туршлага, оцойж овойсон төрийн хишиг хэрэггүй. Нийгмийн бусад гишүүдийн адил эрх тэгш хөдөлмөрлөх, хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар хүртэх өгөөжтэй, үр дүн түргэнтэй бодлого л үгүйлэгдэж байна.

б

Я.Баяр

ө

Үндэстний тойм сэтгүүл № 38.39 (241.241)

Shuud.mn
Сонин хачин
oojoo:
suuliin 5 jil ni huwiaraa ih shimtgel tuluud mash undur tetgewer togtoolgoj boldog shudraga bus huuliin zaaltiig zasmaar bna aa.ulsad barag ajil hiigeegui naimaachid 800 000 awch bnashd.
2014-10-06
za ene tal deer ch hudlaa shu:
er ni tgeed mongold humuus jargaltai bdag yum sh dee
2014-10-03
зочин:
2 3 жилээр тэтгэвэрээ банкнаас зээлсэн гэж худал хэлээд байх юм банк бол настай хүнд 6 сараас дээш хэзээ ч тэтгэвэр барьцаалж зээл өгдөггүй юм. ер нь ахмадуудын нэр хүндийг ашиглаж намууд хэдэн хөгшидөө сонгуульд хэрэглэдэг
2014-10-03