Спикер хаврын чуулганаас намрын чуулган хүртэлх зайд өрнөсөн үйл явдалд сэтгэл өндлөр буйгаа хэлжээ. Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай хөршүүд буюу БНХАУ-ын дарга ноён Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин нар Монгол Улсад айлчлал хийснийг онцлон тэмдэглэсэн байна. Цаашид төрийн тэргүүнүүдийн айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүдийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, үр дүнд хүргэх хэрэгтэй байгааг Засгийн газарт санууллаа.
5
Их хурлын энэ удаагийн намрын чуулган УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог гэж дүгнээд эрхэм гишүүд ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байгааг нийт гишүүдэд анхаарууллаа. Спикер хаврын чуулганы үеэр төсвөөс гадуур эргэлдээд байгаа бондын мөнгийг анхаарах хэрэгтэйг хэлж байсан. Энэ асуудал өндөр авч бондын менежменттэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Зөвлөмж гаргасан байдаг. “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж УИХ-д оруулан шийдвэрлүүлэх” хэмээн чиглэл өгч байсан. Намрын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга энэ асуудлыг анхааралдаа хэвээр байгааг илэрхийллээ. “..Удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага тулгараад байгааг” нийт гишүүдэд дахин хэлжээ. Үүнтэй уялдан хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай гэж онцоллоо. Өрийн удирдлагын тухай хуулийн санаа юу болох талаар энд эргэн нэг харья.
6
Монгол Улсын хувьд олон улсын түвшинд зээлжих зэрэглэл ахин арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашиглах боломжтой болсон ч өнөөдрийг хүртэл өрийн удирдлагын талаар нэгдсэн цогц бодлого, зохицуулалтгүй, хууль, эрх зүйн орчны хувьд зөвхөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн зохицуулалтаар хязгаарлагдаж байгаа нь Засгийн газрын зүгээс өрийн удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг хангасан бие даасан хууль гаргах шаардлагыг бүрдүүлж байгаа гэж хуулийн шаардлагыг товч тодотгосон байдаг. Энэхүү зхицуулалт байхгүйгээс бондын мөнгийг зөв буруу зарцуулах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал болж ирсэн. Хуулийн хамгийн чухал үзэл баримтлал нь Засгийн газрын арилжааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь зураг төсөв, ТЭЗҮ хийгдэж баталгаажуулсан байх шаардлагыг тусгасан. Энэ шаардлагаар бондын мөнгийг Засгийн газар өөрийн үзэмжээр цацах бус УИХ шүүн нягталж юунд зарцуулахыг тодорхорйлж өгөх юм. Зураг, ТЭЗҮ-гүй төсөлд засгийн баталгаатай арилжааны зээлээс хуваарилахгүй гэсэн хязгаар тогтоно.
6
Гэхдээ энэхүү хуулийн нөгөө талд “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг батлуулж, өрийн босгыг 60-70 хувь болгох, энэ коридороор дахин 3.5 тэрбум ам. долларын бонд босгох бодолтой байгаа гэж Засгийн газрыг чимхэх хүмүүс цөөнгүй байна. Манай улс анх удаа арилжааны зээл авснаас хойш энэ хүртэлх хугацаанд Өрийн удирдлагын хууль хэрэгтэй гэдгийг амьдрал харуулсан тул энэ эмзэглэлийг орхиж хуулинд байх хариуцлагыг чангаруулах хэрэгтэй гэж ажиглагчид санал өгөх болсон.
6
Засгийн газрын өр нь ирээдүйд татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх, төсөвт нэмэлт ачаалал үүсгэх нь бодит үнэн. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, өрийн зохимжит түвшинг тогтоох, өрийн дарамтад орчихгүйн тулд зээл түүний зарцуулалтыг ил тод байлгаж хянаж байх хууль хэрэгтэй байгаа тул Өрийн удирдлагын тухай хууль спикерийн үгэнд онцлон нэрлэгджээ. Засгийн газар, орон нутгийн гадаад, дотоод зээл, үнэт цаасны талаарх зохицуулалт, тавигдах шаардлагуудыг тодорхойлон тогтоосон, Засгийн газрын гадаад зээл, үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээнд тавигдах шаардлагыг тухайн зээлийн хөнгөлөлтийн түвшингээс нь хамааруулан тогтоож, гадаад зээлийн төрлөөр нь ашиглах салбарыг тухайлан тогтоосон. Өр үүсгэж бий болгосон хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх, түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, зээлийн төлбөрийг эргэн төлөхтэй холбоотой үүрэг, хариуцлагыг тодорхой заасан. Өрийн удирдлагын ил тод байдлыг хангах, олон нийтэд мэдээлэх болон өрийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих талаар тус тус хуульчилсан, Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлага, холбогдох журам, Засгийн газрын өрийн баталгааны сан байгуулах, түүний эх үүсвэр, өр төлбөрийг сангаас төлж барагдуулах зэрэг шинэлэг зохицуулалтыг оруулсан гэж хууль боловсруулагчид хэлж байна.
6
Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр улсын төсөвт өр үүсгэж зээл авах, үнэт цаас гаргахтай холбогдуулан хууль, эрх зүйн нэгдсэн бодлого зохицуулалтыг бий болгох зорилгыг агуулсан гэсэн ишлэлээр 7 бүлэг, 47 зүйлээс бүрдэх энэ хуулийн үзэл санааг тодорхойлж болох юм. Өрийг төлөх ёстой, тэгэхийн тулд удирдах ёстой гэдгийг спикер намрын чуулган дээр дахин хэлжээ.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/