Нэг л өглөө гэдэг нь болж нэвсийсэн цас орчихжээ. Цонхоор харахад сайхан л байна. Гараад алхахад ч агаар цэвэр, бодол саруулсаад өөр л байна. Анхны цаснаар бидэнд нэг өвөрмөц мэдрэмж төрж, цаг хугацааны өөр хэмнэлд шилжиж байгаа мэт сэтгэгдэл төрөх нь нийтлэг. Өвөл цаг айл өрхөд арчаатай, бэлтгэлтэй байхыг шахаж засаг төрд олноо бодож назгайрахгүй байхыг сануулдаг. Хулгана хүртэл хөөеөгөө хурааж бэлтгэдэг өвлийн уртыг давахад бид бэлэн үү.
1
Энэ оны эхэнд улсын хэмжээнд 45.1 сая мал тоологдож, 16.7 сая төл хүлээн авсан гэсэн мэдээ байна. Нийтдээ 61 сая мал өвлийг онд мэнд давахаар малчин эзнийхээ гарыг харж бэлчиж яваа юм байна. Эдгээрээс дотоодын махны хэрэглээ буюу бидний өвлийн хүнс болж “бойнд” орох 11 сая орчим малыг хасвал 50 орчим сая мал өвөлжиж, хаваржина гэсэн тооцоог харьяалах яамнаас нь гаргажээ. Хэдэн малдаа зориулж идэш тэжээлд нь 1.3 сая тонн байгалийн хадлан, 60 мянган тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн юм байна. Хадлан бэлтгэлд 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа ашиглаж, нийт 280-аад мянган хүн ажиллаж байгаа мэдээ байна. Есдүгээр сарын 9-ний мэдээгээр 390 мянган тонн хадлан, 15 мянган тонн гар тэжээл бэлтгээд байгаа нь төлөвлөгөөт хадлангийн 30.0 хувь, тэжээлийн 25.0 хувийг бэлтгэсэн гэсэн үг. Ер нь бол хадлан тэжээл 80 хувь давсан биелэлттэй гарна л гэж байна. Үнэн худлыг өвөл цаг өөрийн биеэр шалгах юм.
1
“Улаанбуудай 30 хувь, төмс 46 хувь, хүнсний ногоо 49 хувийн хураалттай явж байна. Зарим нутгаар цас орсон. Энэ нь хөрсөнд цочир нөлөөлөл үзүүлээгүй тул айж цочоод байх зүйл алга” гэж ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал итгэлтэй мэдэгдсэн байна. Нийт дүнгээрээ бол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ургац хураалт 60 гаруй хувьтай байгаа мэдээ байна. Одоогоор 212 мянган тонн үр тариа, 212.2 мянган тонн төмс, 87.3 мянган тонн хүнсний ногоо, 33.7 мянган тонн малын тэжээл, 8.7 мянган тонн тосны ургамал хураагаад байгаа гэнэ. Энэ онд ургац хураах техникийг нэлээд сайжруулж, үр тарианы 1100 комбайн ажиллуулж байгаа бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ сарын 25 гэхэд ургацаа хурааж дуусгана гэж алтан түрүүний шимийг хүртэгсэд ам бардам хэлж байна.
Эрчим хүчний салбарынхан одоогоор өвөлжилтийн бэлтгэлийг 80 хувьтай хангаад байгаагаа сайддаа илтгэсэн байна лээ. Цахилгаан станцууд 9-10 хоногийн нүүрсний нөөцтэй яваад байгаа гэсэн. Энэ цасны дараа ядаж 20 хоногийн нөөцтэй болох байх гэж найдья даа.
1
Нүүрсний нөөцөө ахиухан бүрдүүлэхэд вагоны хүрэлцээ тулгамдсан асуудал болж буй талаар станцуудын нүүрсний хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг “Багануур” компанийн гүйцэтгэх захирал Н.Мэргэнбаатар сайддаа учирласан байсан. Нүүрс тээвэрлэхэд өдөрт 170 гаруй вагон шаардлагатай байдаг аж. Энэ цаснаар сайд нь цочдоггүй юмаа гэхэд санаачлага орж төмөр замын ачаа тээврийнхэн лүү утас цохисон л байлгүй. Одоогоор 140 гаруй вагон тээвэр хийж байгаа нь хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Энэ өвлөөс УлаанОвоогийн уурхай хаагдсанаар Багануурын уурхай Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцад 70 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болжээ. Хотын бид яахав ингэсгээд дүйвээндээ өвлийг давчихдаг. Харин хөдөө орон нутагт асуудал их гардаг. Увс, Ховд, Дорноговь аймгийн дулааны цахилгаан станцын өвлийн бэлтгэлд онцгойлон анхаарах шаардлагатай болсон талаар салбарынхан хэлж байсныг анхны цастай давтан хүргэе.
1
Зарим аймгийн Засаг дарга нар цахилгаан станц нь хүндрэлтэй байгаа тухай албан бичиг ирүүлсэн ба Дорноговь аймгийн дулааны цахилгаан станцад 760 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.
Утаагүй зуухаа бэлдээд шахмал түлшээ хүлээж байгаа иргэдийн хувьд уламжлалт таагүй мэдээ байна. 18 тэрбумыг залгичихаад байгаа шахмал түлшний үйлдвэрийн үлгэр энэ өвөл мөн л үргэлжинэ. Шахмал түлш гэж байхгүй хэвээр байх нь. Утаагүй ухаалаг зуухандаа тортог ихтэй нүүрсээ түлсээр л байх болж байна. Харин өнгөрсөн жил нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн хэрэглээний үнэд урамшуулал олгож байсан. Энэ журам энэ өвөл мөн хэрэгжинэ гэдгийг салбарынхан дуулгасныг сайн мэдээнд тооцож онцлон хэлж болохоор байна.
1
Албан тасалгаа, паартай байшингийн цонхоор анхны цасыг харахад “романтик” л байна. Гэхдээ гадаа амьдрал дээр байдал хүнд. Эхний цасны сургаар үнээ өсгөж ашгаа нэмэхээр гараа үрж буй нүүрсний ченжүүдийн аманд унах хөгшчүүл тэтгэврээ “бөөндөж” цагаан сар хүртэл зээл авахаар банкны салбар луу хөтлөлцөн алхаж байгаа. Хэдэн төгрөгөө ингээд бөөндчихөөр идэх уух нь илт хумигдаж зутрах ч дулаан явбал мянган лан гэдэг үгийн хүчээр айл өрхүүд эхлээд нүүрсээ л нөөцлөх юм. Төрийн нүд, хайр халамж эдгээр буурлууд дээр тусаж инфляцийн нөлөө, үнийн өсөлтгүй ганц портер нүүрс хуваарилчихаарай гэж төр засагт үг хаяж л чадах байна даа.
1
Анхны цас даруухан бас ихэмсэг айлчилснаар бид өвлийн горимдоо орлоо. Налгар намар дээр тавьсан цагаа нэг урагшлуулж өвлийн хэмнэл дээр шилжих хэрэгтэй боллоо. Төр засаг, иргэд бүгдээрээ амьдарлын хэмнэл, ажил төлөвлөлтөө өвлийн хатууд тохируулж цагаа тааруулцгаая.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/