Хятадын төрийн өмчит "Bank of China" Монголд салбараа нээх талаар ярилцсаар багагүй хугацаа өнгөрлөө. Хөрөнгө оруулалтын хомсдол нүүрлэж мөнгөөр гачигдаж эдийн засаг хямарсан өнөөгийн нөхцөлд эрх баригчдад ёстой л аманд ороод ирсэн шар тос шиг санагдаж байгаа. Засагт хийгээгүй ажил асар их үлдсэн. Санхүүжүүлэлт нь зогссон бүтээн байгуулалтын олон ч асуудал бий. Хэчнээн бонд босгоод ч улсын хүчин чадал мөхөсдөж байгаа үед мөнгөний гахайг өөртөө байршуулчихвал олон боломж бий болно. Боломжийг манайхан сайн харж байна. Дотоодын банкуудын хөрөнгийн чадавхи муу, зээлийн хүү өндөр, хугацаа богино зэргээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босох боломж бололцоо төдийлөн олдохгүй байна. Ийм нөхцөлд бага хүүтэй урт хугацааны зээл олгож чадахуйц хөрөнгийн өндөр чадавхитай "Bank of China"-гийн салбар нээгдвэл аль алиндаа хэрэгтэй мэт санагдана.
5
Гэхдээ бидэнд бодож шийдэх асуудал их байна. Хятадууд зах зээлээ бүрэн нээхээ төрийн тэргүүнийхээ айлчлалаар амласны дийлэнх санхүүжилт мэдээж "Bank of China"-гаар дамжина. Мөнгөний асар их урсгалын наалдац энэ банкинд ноогдоно. Банк санхүүгийн систем маань таатай зах зээлийнхээ гольдролоор явж байсан бол энэ хөрөнгө оруулалт овоохон наалдах байлаа. Харамсалтай нь тийм нөхцөл боломж манай банк санхүүгийнхэнд алга. Ядахдаа олигтойхон Хөрөнгийн бирж өнөөг хүртэл бий болсонгүй шүү дээ. Гадаад зах зээлээс мөнгө босгох гэхээр зээлжих зэрэглэлээр маань уул уурхайн алтан үеийнхээс доош уначихаад байдаг. Бонд босгоё гэхнээ ч нэр хүнд бидэнд алга.
6
Мөнгөний хомсдол ид нүүрлэж байхад хэн нэгэн хэтэвчээ онгойлгоё гэж байхад гэдрэг суух нь тийм ч оновчтой гарц биш. Гэхдээ түрийвчинд нь бүхэл бүтэн банкны системтэйгээ багтчих нь бүүр ч тэнэг алхам болно. Одоо алт шиг хэрэгтэй байгаа "Bank of China" ирээдүйд банк санхүүгийн системийг гажуудуулах хэмжээний аюул тарина гэдгийг банкны салбарынхан ярьж байна. Гадаадын төрийн өмчит банк гэдэг дээр анхаарлаа хандуулах нь чухал. Банкныхан бие дааж хийсэн судалгаагаар сөрөг тал нь давамгайлна гэж үзжээ. Арижааны гэдэг утгаараа бол зах зээлийн шударга өрсөлдөөн гэдэг талаасаа манайд боломжийн байх байлаа. Харин төрийн өмчит гэдгээрээ тухайн орны эрх ашиг заавал хавчуулагдаж явдаг юм билээ. "Bank of China" олон салбартай. Япон, АНУ гээд тэргүүлэгч орнуудад бүгдэд нь бий. Тэд бол хэчнээн мөнгөтэй ч ганц банкны нөлөөллөөр банкны систем нь гажуудчихдаггүй, үндэсний аюулгүйн байдалд нь сөргөөр нөлөөлөх бололцоогүй. Харин манайд бол эсрэгээрээ банкны систем нь өөрөө эрүүл бус, чадавхи муутайгаас "Bank of China" мэтийн томхон банк дуртай тоглоомоороо наадаж болно.
6
Монголд хандах тэдний бодлогыг хараад байхад стратегийн чиглэлийн салбаруудад түлхүү хөрөнгө оруулахыг чармайж байгаа нь илт. Хүчтэй нөлөөлөл бий болно. Манай банкууд урт хугацааны зээл өгөх санхүүгийн боломж байхгүй. Бүх зээлийнх нь 80 гаруй хувь нь нэгээс гурван жилийн хугацаатай олгогддог эмзэг банкны систем тэдний хүчирхэг нөлөөллийг даахгүй. Стратегийн салбарууд урт хугацааны, бага хүүтэй зээлийн эрэлд хатдаг. Яагаад гадаадаас хөрөнгө оруулалт татахыг чармайдаг, бонд босгох замаар хөрөнгийн бэрхшээлээ шийддэгийн гол учир шалтгаан энэ. Энэ санхүүжилтийг "Bank of China" өгөөд эхэлбэл банк санхүү ч гэлтгүй эдийн засгийн бусад салбарууд нэн хараат болох магадлалтай. Төмөр зам, эрчим хүч, түлш шатахуун, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарууд дахь урт хугацааны зээл нь арилжааны талаасаа хараат байхын сацуу тухайн улс орны Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг давхар илэрхийлээд эхэлбэл яана.
7
Уг нь бидэнд жижиг дунд үйлдвэрээ хөл дээр нь босгочих зээл хэрэгтэй. Энэ чиглэлд зээл өгөхгүй гэдгээ "Bank of China" илэрхийлж байгаа нь тэдний ашиг сонирхлыг бэлхнээ нотлоод өгч байгаа юм. Хятад уул уурхайн салбар дахь ноёрхлоо улам бэхжүүлэхийг хүсч байгаа нь харагдаж байгаа. Үндэсний аюулгүйн байдлын үзэл баримтлалд аль нэг орноос оруулж байгаа хөрөнгө оруулалт гуравны нэгээс илүүгүй байх учиртай. Бидэнд энэ талаарх олигтой судалгаа алга. Гэхдээ энэ хэмжээнээс хэдийн давчихаад байгаа талаар олон судлаач хэлдэг. Ийм нөхцөлд Хятад өөрийн ашиг сонирхлоо "Bank of China"-гаар илэрхийлэхийг оролдож байгаа нь үүгээр нотлогдож байгаа юм. Банк санхүү, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд уран ухаанаа уралдуулах шаардлагатай байна даа.
6
Н.Бадамжав