Энэ сарын 22-нд “Зуншин” ХХК-ийн барьж байсан барилгаас нэгэн эмэгтэй унаж, амь насаа алдав. Цочрол өгөхөө болсон барилгын ослын ээлжит хохирогч нь 18-хан настай эмэгтэй. Энэ удаа мөн л хойд талын хар овоохой болсон туслан гүйцэтгэгчийн ажилтан амь насаа алдав. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Бай Лхагва” компани нь тусгай зөвшөөрөлгүй гэдгийг мэргэжлийн хяналтынхан ч тэр даруй мэдээлэв. Энэ бүхэн нь барилгыг барьж байгаа үндсэн компани уснаас хуурай гарах боломж гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Зуншин” ХХК яг л өмнөх шигээ юу ч болоогүй мэт хүний амиар тоглоод өнгөрнө гэсэн үг.
ө
“Зуншин” гэх компани зөвшөөрөлгүй, зөрчил гэх үгстэй хорших хэмжээний болсныг өмнө үүсгэсэн олон асуудал харуулна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Зуншин” компанийн гүйцэтгэж буй барилгаас төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насыг хохироосон. Мөн л зөвшөөрөлгүй ажиллаж байв. Тухайн үед хяналт шалгалт хийсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэгийн үг үүнийг батална. Тэрбээр “Макс Өргөө” ХХК-ийн “Crown center”-ийн барилгын угсралтын ажлыг магадлал хийгдээгүй зураг төслөөр барьж байгааг хэлсэн байдаг. Мөн “барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж барьж байгаа нь Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн” хэмээн ярьсан нь өдгөө ч хэвлэлийн хуудсанд бий. Энэ удаа ч ялгаагүй, мөн л тусгай зөвшөөрөлгүй. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байгууллагатай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн. Бусдаас бага ажлын хөлс өгч, мөнгө хэмнэж л байвал зөвшөөрөл энэ тэр гэх “жижиг” асуудал “Зуншин”-д падгүй.
ө
“Зуншин”-г тойрсон асуудал үүгээр дуусахгүй. 2012 онд мөн л хууль зөрчин үйл ажиллагаа явуулж, “Хүслийн өргөө” гэх орон сууцны цогцолбороо зөвшөөрөлгүйгээр барьж байсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрснийг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал ярьсан байдаг. Бидэнд мэдэгдэж буй баримтаар сүүлийн гурван жил дараалан хууль зөрчиж, тэр нь хоёр ч хүний амь насанд “халдсан” байх юм. Гэвч “Зуншин”-д хууль үйлчилсэнгүй. Уг нь шат шатны байгууллагууд “Зуншин”-д сануулга өгчээ. Мэргэжлийн хяналтын жирийн нэг байцаагч бус Ерөнхий байцаагч нь нийслэлийн Засаг даргатайгаа хамтарч байгаад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай албан тоот ч хүргүүлж байсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Д.Батмөнх энэ оны гуравдугаар сард “Зуншин” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэхийг үүрэг болгосон байх юм. Гэвч энэ үүрэг хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан ч тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлсэн эсэхээ санахгүй байгаа бололтой. Төрийн ажлын шат дамжлага дунд “Зуншин” нөлөөлөв үү? Эсвэл төрийнхөн ажлаа цалгардуулав уу? Ямар нь ч байлаа “Зуншин” ажилласаар, зөрчил доголдлоо гаргасаар, хүний амь нас эрсэдсээр л байна. Нэг хүний амиар “тоглохдоо” Монголын хуулийн гадна гишгэсэн. Харин хоёр дахиа болон давтагдлаа. Энэ удаа өмнөх байдал давтагдвал Монголын хууль, хяналтын байгууллагынхан “Зуншин”-гийн халаасанд багтсан гэж хардахаас өөр аргагүй. Бас муу бүхнийг чихдэг хойд талын хар овоохой болсон туслан гүйцэтгэгч рүү буруу бүхнийг түлхээд өнгөрөхгүй гэж найдъя.
ө
В.Хэрлэн
Уншиж байна |