Дэвшүүлж байгаа таамгуудаас харахад хэд хэдэн яам нэгдэнэ гэсэн зураг тодорч байна. Ерөнхий сайд Засгийн бүтцийг өөрчилж яамдын тоог цөөлнө гэсэн болохоор одоо байгаа 16 яам тооны хувьд цөөрөх нь тодорхой. Өнөөдрийн таамгаар16 яамыг 9 болгоно гэдэг дээр бооцоо өндөр байна. Гэхдээ энэ магадлал дөнгөж гарангуут Засгийн газрын хэвлэл мэдээллийнхэн учиргүй реакцалж мэдэгдэл хийсэн байна.
6
“...Энэ ажил судалгааны шатандаа яваа. Ижил чиг үүрэгтэй яам, агентлагуудыг нэгтгэх тухай яригдаж байна. Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг 16 яамыг ес болгох гэж байгаа юм алга...” гэж түс тас мэдэгджээ. Ерөнхий сайдад хамгийн ойр байгаа эх сурвалжийн энэ эгдүүцлээс харахад одоогийн өндөр аваад байгаа таамаг шиг хэдэн яамыг бөөндөж нэгтгээд бантан болгоод орхичихгүй бололтой. Бүтцийн өөрчлөлтийг нүсэр бус цомхон, үрэлгэн бус хэмнэлттэй байх талыг нь харж хийхийн нөгөө талд уялдаа холбооны асуудал бий. Одоогийн Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэхэд ямар ч асуудалгүй гэж үзэх хүмүүс олонх болох байх. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яаманд нэгтгэж болно. Энэ бол таамаг гэхээсээ бараг хүлээлт. Эндээс УУЯ, ЗТЯ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэхэд болмоор харагдаж байгаа бол ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэнэ гэхэд эрээн бараантай л харагдаж байгаа юм. Бие дааж шийдэх асуудлын том тойрогтой ЭМЯ нөгөө хоёр яамтайгаа ижилсэх үү, жижгэрэх үү. Хоёр жилийн хугацаанд толгой даан ажиллаж өөр өөрийн амбицтай болсон яамдыг нэг сайд базахад асуудал бас гарах л байх. Яамдыг чиг үүргээр нь давхардуулан байгуулсан гэм их байгаа бол бас хутгалдуулан бөөндөхийн балагч мөн дутахгүй их. Нэг доктор мал аж ахуйн салбарт нэн чухал буюу боом өвчний тухай төсөл бичиж. Гэтэл тэр нь судалгааны ажил байна гэдэг ангиллаар БСШУ- ны яам руу төөрөөд явчихсан байх тохиолдол бий. Хэдийгээр дэвшүүлсэн асуудал нь мал аж ахуйн салбар буюу малын боом өвчний тухай боловч ШУ-ны асуудал гэдгээрээ ҮХААЯ-нд очилгүй хадуураад БШУЯ-нд хаяглагдаж байгаа юм. Тэнд нь зоонизийн тухай ямар ч ойлголтгүй нэг мэргэжилтэн материалыг нь хүлээн авч гүйлгэж хараад өөрөө ойлгохгүй тул гадны зөвлөхөд өгч уншуулаад тэгсгээд “cancel” болгочихсон байдаг. Улсад маш их хөрөнгө мөнгөний хэмнэлт авчрах нэг төслийн хувь заяа ингээд буруу бүтэцтэй яамдын өрөөгөөр төөрч явсаар ҮХААЯ ныхаа босгыг давж чадалгүй “чад” болж байгаа юм. Одоогийн гаргаж буй таамгаар бол Засгийн газрын шинэ яамдыг олноор нь бөөндөх буюу зөвхөн яамдын тоог багасгах ч төрийн яамдын нүсэр байдал нь хадгалагдах талдаа харагдаж байгаа. Арав нэг бол есөн яам боллоо ч цаана нь том төсөв, үрэлгэн зардал нь хэвээрээ бол ёстой цаг хожсон шоу гэдэг нь болно. Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 11 яамтай, эдгээрт нь нийт 929 хүн ажиллаж байсан бол шинэчлэлийн Засгийн газар 16 яамтай, 1625 албан хаагчийн орон тоотой болсон гэсэн харьцуулалт байдаг. Эндээс орон тооны зөрүү нь 80 хувь байна гээд гаргаад ирэхээр хэний ч бухимдал төрнө. Хооронд нь нийлүүлж яамдын тоог багасгах нэг хэрэг. Харин ард нь ямар үр дагавар гарах бол доо. Фракцуудын аманд хаяж өгч зохицуулсан 16 яамыг яаж хумих хар зургаа эхлээд гаргасан болоод л Ерөнхий сайд телевизээр мэдэгдэл хийсэн нь баараггүй. Тэгэхээр шинэ засгийн газрын бүдүүвч зураг аль найр наадмын цагаар гарсан бөгөөд үүнийг одоогийн танхимын сайдууд мэдэхийн сайнаар мэдэж, суудал нь дээш доош болох ч эрх ашиг нөлөө нь цаашид хэвээр хадгалагдах дээр аль хэдийн эвлэрсэн байгаа юм байна гэж үзэж болохоор байна.
6
Бараг хов шахуу нэг жишээг хэлэхэд, ССАЖЯ-ыг татан буулгах тухай нэг тавьтаргүй нөхөр жиргэж. Хариуд нь Ц.Оюунгэрэл сайд тун эгдүүцэж “...хулгайч нар л энэ яамыг тараасай гэж хүсч байгаа. Тийм зүйл болохгүй л дээ...” гэсэн утгатай итгэлтэй жиргээ хийсэн талаар телевизийнхэн онцолсон байна. Ер нь бол 16 яамыг 5 юм уу, 10 болгох тухай таамаг нь том толгой, давжаа цээжний харьцаа өөрчлөгдөх тухай л асуудал. 10 яам боллоо гээд 16 яам шиг зардалтай, чирэгдэлтэй бол бидний хувьд юу ч өөрчлөгдөөгүйтэй адил. Хэн гэдэг сайд, ямар яам нь нисэх тухай бид их шуугиж байна. Гэхдээ Засгийн газрын бүтцийн энэ өөрчлөлтөөс бид юу хүлээж байна вэ гэдэг нь засгийн газар яаж өөрчлөгдөх хэрэгтэй вэ гэсэн асуултын хариултыг чирч ирнэ.
6
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Нийт 26 асуудал хэлэлцэхээр жагсаажээ. Энэ дарааллын гуравдугаарт Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг тусгасан байна. Энэ нь сөрөг хүчнээс хавар өргөн бариад үр дүнгээ үзэж чадаагүй Н.Батбаяр сайдын асуудал нэг тийш болно гэсэн “зар” байх. Үүнийг зарим хүмүүс Засгийн газрын бүтцийн асуудал их дээгүүр хэлэлцэгдэх юм байна гэж андуурах талтай. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын эхний 10 зүйлд Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг хэлэлцэх тухай зүйл алга байна. Магадгүй зарим хэвлэлийнхний хэлж байгаагаар яамдын тоог цөөлж Засгийн газарт салхи оруулах чимээ нь олон нийтийн хүлээлт шаардлагад нийцүүлсэн “ил захидал” байсан байх. Харин яг гардаж хийх өөрчлөлтийг сунжруулж оноо даахаар тооцоолсон ч байж болох юм.
6
Тодорхой л доо. Ерөнхий сайд орон даяар шууд эфирт хийсэн мэдэгдлээсээ буцахгүй. Өөрчлөлтийг хийж л таарна. Харин яаж хийхээр буулгасан байгаа бол. Фракцуудын язгуур сонирхлыг урьдын адил хангаад хэлбэрийн төдий өөрчлөлт хийж сөрөг хүчинд хэлэх үгтэй үлдэх нь Засгийн газрын бүтцийг өөрчилнө гэсэн энэ шуугианы том монжоо болох тооцоо байхыг үгүйсгэх газаргүй.
6
Бид хошуу холбон яамдын тоо хэд болох тухай элдвийг таамаглаж байх хооронд энэ бүтцийн гэх өөрчлөлтийн түүчээгээр 2016 оны сонгуульд хэдэн нэмэх оноо цуглуулахаа эрх баригчид тооцсон байх талтай. Энэ талаас нь харах юм бол намрын чуулганаар засгийн газар цуурахгүй. Харин ч бат бөх болж магад. Учир нь эрх баригчид хийгээд улс төрийн намуудын уран нүүдлийг бид таашгүй болоод удаж байна.
6
Пүрэвжавын .Баярхүү /тоймч/