Социализм гэх үед тав таван жилийн төлөвлөгөө гаргаж түүнийгээ бараг бүх салбарт давуулан биелүүлж байсан байдаг. Гэхдээ энэхүү таван жилүүдийн амжилт ололтын үр дүн явсаар ангийн ялгаа арилсан эрх тэгш баян нийгмийг байгуулна гэсэн итгэлээр ард түмнийг нэгтгэж чадаж байлаа. Бүгдээрээ чадлаараа хөдөлмөрлөөд, дараа нь хэн ч бай хүссэнээрээ идэж хүртэж болох маш том баялгийн сантай болох амар жимэр аж амьдралын үл гүйцэлдэх төсөөлөл байсан ч гэж болно. Энэ нь зүгээр ч нэг төсөөлөл бус маш хүчтэй үзэл суртлаар итгэл үнэмшил болж хүмүүсийн тархинд бат суусан байсан. Ардчилагчид анх гарч ирэхэд улс төрийн товчоог огцруулах тийм ч хэцүү бус харин ард түмний тархинд бат бөх суусан төгс социалист нийгмийг байгуулах итгэлийг нь эргүүлэх нь хэцүү зорилт байсан байх. Элбэг баян амьдралтай байгаагүй ч итгэл үнэмшилтэй, хүрэх зорилготой байсан он жилүүд үгүйсгэгдэж, бүх зүтгэл нь талаар болсонтой эвлэрэх гэдэг амаргүй. Ардын их хуралд төлөөлөгчөөр оролцож нижигнэсэн алга ташилтын доор индрээс буухад амьд явсны хэрэг бүтэх өвөрмөц хүсэл нь таван жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх зүтгэлийг нь түүчээлдэг байсан. Ангич зарчимч байх суурь үзэл суртлаас нь салгаад харах юм бол үр хүүхэд, гэр бүлийн хамтаар элбэг баян амьдраад байх үл шавхагдах асар их нөөц буюу социализмийн материал техникийн баазыг бий болгохоор зүтгэж байсан хэрэг. Хэдийгээр 1789 оны Францын Иргэний болон хүний эрхийн тунхаглалд заасан “иргэний эрх нь хэрэгжих баталгаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй” буюу “Үндсэн хууль”-гүй мэт нийгэмд амьдарч байсан ч эх орон нь тусгаар тогтнолтой, элбэг баян улс болно гэсэн гүн бат итгэлээр иргэд нь харин баян байлаа.
1
Улс орны хэмжээнд 70 жил туг болж намирсан энэ үзэл суртал итгэл үнэмшлийг өөрчилж хүмүүсийг олноор нь араасаа дагуулж чадах эсэхээс ардчилсан хувьсгалын хувь заяа хамаарч байсан. Үүнийг анхны хэд сайн мэдэрч хөдөлснөөр ардчилал ялж, төр эргэсэн. Энэ хувьсгалаар хуучин бүхнээ шинэ итгэл үнэмшлээр цэгцэлж, цав цагаан болсон ард түмэн С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж тэргүүтэй шинэ үеийнхнийг итгэл дүүрэн харж заасан зүгт нь дагахад бэлэн гэдгээ чөлөөт сонгуулиар харуулсан. Ардчилагчид амалсандаа хүрч эрх зүйт төрийг байгуулах Үндсэн хуулийн төслийг ард олондоо санал болгосон. Нэг их саадгүй эцэг хууль батлагдаж улс төрийн цоо шинэ тогтолцоо бий болж нийгмийн харилцаа бүхлээрээ өөрчлөгдсөн. Цааш цаашдын төр улсын хэрэгт улс төрийн намуудын үүрэг их болж өөрийн 76 депутатыг сонгох болсноор бид хэсэгтээ улс төрийн хэргийг зөнд нь хаяж зах зээлдээ дасан зохицох гэж бужигнаж эхэлсэн. Харин энэ хугацаанд улстөрчид нь хэсэг будилж өнөөх Үндсэн хуулиараа ч оролдож ард түмнээсээ асуулгүй долоон өөрчлөлтийг хийчихсэн байдаг.
1
Шинэ Үндсэн хуулийг хүлээн авснаар социалист байсан Монголчууд гол зүйлээ мэдэж авсан. Ардчиллын гол суурь нь эрх зүйт төр, түүний гол найруулагч нь Үндсэн хууль гэдгийг ард түмэн ойлгосон байсан.
Харин одоо. 20-оод жилийн хойно бүх талаар гүнзгий хямралд орсноо бид харж байвч суурь шалтгаанаа зөвшөөрөхгүй муйхралсаар байна. Хөгжил удааширч хүний эрхийн баталгаа алдагдаж, авилга гаарч, төр намын холилдоон ямар ч жоргүй болж ирснийг хэлж шүүмжлэвч суурь шалтгаан, гарах арга зам дээрээ зөрүүтэй үг яриатай байсаар байна. Улс төрийн намуудын супер нэгдэл байгууллаа, Сонгуулийн шинэ хууль баталлаа. Санал тоолдог ухаалаг машин оруулж ирлээ. Толгой баян гэсэн хөрөнгө бэлтнүүдээр Их хурлыг бүрдүүлж үзлээ. Тэрбум тэрбум ам.доллароор зээл босгож эдийн засгаа тэлж үзлээ. Хэдхэн хүний хэтэвч л тэлээд задраад байдаг. Ард түмний тоолдог багасаад байдаг. Нэг л биш, болохгүй байна. Өөрчлөлт шинэчлэлтийг хэд дахин эхлүүлж, алдаа оноогоо зассан алхам олонтоо хийсэн ч улс орон нэг л биш. Суурь өвчтэй хүн шиг хүнд амьсгаатай, цэртэй мэт бүгшүүлж байгаа нь мэдрэгдсээр байна.
1
Бид засаглалын, бодлогын, эдийн засгийн гээд олон хямрал дунд хямраад удлаа. Салангид тус тусдаа олон учир шатгаанаар хямралыг тайлбарладаг ч Үндсэн хуулиа барьж ярих гэхээр тойрч дөлөөд байгаа юм. Үл гүйцэлдэх үзэл санааг итгэл үнэмшил болгосон нийгмийн ухамсрыг өөрчилж ардчилал хэрэгтэй гэдгийг олон нийтэд ойлгуулж чадах нь 20 жилийн өмнөх шинэ улс төрийн хүчний орших эс оршихийн шийдэл байсан бол өдгөө Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэдэг асуудлыг тавьж шийдвэрлэх нь улс орны маргаашийн унах сэхэхийн асуудал болоод байна гэхэд сүржигнэсэн болохгүй. 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи хугацаанд улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлт, чиг хандлага нь Үндсэн хуульд хийх өөрчлөлтийг шаардаад байгааг бид эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой болж байна.
1
1992 оны үндсэн хуулиар 76 гишүүний гуравны хоёр нь буюу 51 гишүүнээс дээш хүн хуралдаа суухгүй юм бол хууль батлах эрхгүй байсан. Гэтэл 2000 оны өөрчлөлтөөр дөнгөж 39 хүн ирснээр УИХ-ын гишүүдийн ирц бүрдэх, цаашлаад хууль батлахад 39 хүний 20 нь цугласан бол хууль баталж болох тухай оруулсан байдаг. Бүүр цаашлаад санал өгөөгүй хүнийг эсрэг санал өгсөнөөр тооцно гэсэн өөрчлөлт оруулсан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг гурван удаа санал тавьснаас хойш Ерөнхийлөгч өөрөө эрхгүй болох байдлаар Ерөнхийлөгчийн эрхийг мөн хязгаарласан байдаг. Бас нэг ноцтой өөрчлөлт нь УИХ-ын гишүүнийг ард түмэн өөрөө шууд сонгох эрхийг хааж, намын бүлгүүд нэр дэвшүүлнэ гэж хийсэн байдаг. Үүн дээр дөрөөлөн дараа нь сонгуулийн хуулийн холимог системийг оруулж ирэн жагсаалтын гишүүдийг бий болгосноор эцсийн эцэст бүлэг хүмүүс төрийг үе улиран удирдах, хүчирхэг олигархи бүлэглэл үүсэх эх үндэс бий болсон.
1
Засгийн газрын тухай хуулийг батлахдаа “Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэчихсэн байгаа юм. Үүнээс үүдээд хууль тогтоох эрх бүхий 20 гишүүн байхад хууль батлах боломжтой ба үүний 15 нь сайд нар сууж байхад ч “жич” хууль батлаж чадах юм. Одоо яг ийм байдлаар Засгийн газар нь парламентынхаа дээр гараад суучихсан байгааг бид засаглалын хямрал гэж зөвшөөрч эхлээд байгаа.
1
Өнөөгийн олон талт хавсарсан хямралаас гарья гэвэл улс төр, хууль зүй, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд үндэслэн, улс төрийн намуудын зөвшилцөөн, иргэдийн оролцоо, өргөн олноор хэлэлцэн үндсэн хуулийн зарчмыг унагасан заалтуудаа эргэн харж зохих өөрчлөлтийг хийх л хэрэгтэй болж байна.
1992 оны Үндсэн хуулийн эцэг хэмээгддэг Б.Чимид гуай Үндсэн хуулийг зөвхөн цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан сайжруулахыг дэмжинэ гэдгээ амьд ахуйдаа илэрхийлдэг байсан гэдгийг ч хэлэх ёстой байх. 1787 оноос хойш АНУ-ын үндсэн хуульд нийт 26 удаа нэмэлт өөрчлөлт орсон ба эдгээр нь “жижигхэн” нэмэлтүүд байсан гэдэг. Манай парламентад суудалтай намууд 2000 оны дур мэдэн хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөө мөн л “жижиг” гэж үзэн Цэцийн дүгнэлтийг үл тоон хүлээж аваагүй. Энэ нь явсаар Үндсэн хуулийг гажуудуулж Парламент /хууль тогтоогч/, Гүйцэтгэх, Шүүх гэсэн бие биенээсээ хамааралгүй засаглалын хуваарилалтыг алдагдуулж, жинхэнэ хямралын үүдийг нээсэн болохыг бид харж, мэдэрч байна. Өөрөөр яаж харах юм.
1
Сүүлийн 20 жилд дөрөв дөрвөн жилээр гаргадаг намуудын мөрийн хөтөлбөр гэдгээр явсаар одоо хөгжлийн урт байтугай дунд хугацааны ч хөтөлбөргүй төөрчихсөн яваа улс орныг нэг сонгуулиар өөрчлөгдөнө гэхэд хэн итгэх. Энэ засгийн газарт их засвар оруулж, төрийн яамдыг цөөлж сайдуудыг нь жийснээр улс орон сайжирчихна гэдэг яаж санаанд багтах. Давхар дээлтэй байх авилгын тогтолцооны түлхүүр заалт Үндсэн хуулинд нь суучихсан байхад эрх мэдлийн хуваарилалт алдагдаж засаглалын хямрал даамжирахаас өөр юу хүлээх гэж. Улс төрийн намууд олигархжсан бүлэглэлээс санхүүждэг, сайдын суудлаар наймаалцдаг болчихсон байхад ухаалаг төрийг бий болгоно гэхэд ямар тэнэг итгэх.
1
УИХ-ын гишүүн гэсэн халхавчтай “халдашгүй” дархан эрхтэй эрхмүүд засгийн гишүүн болж идэж завших боломж нь эцэг хуулийн өөрчлөлтөөр бий болсон байхад Үндсэн хуулийн үзэл санаа гажуудаж, засаглалд суурь гажиг бий болоогүй гэж хэн хэлэх юм.
Бид хямрал, уруудал уналтаа гадаад дотоод талаас хайж, аль нэг хөршийн халааснаас доллар унахыг харуулдаж, хэн нэг лидер улстөрч төрийг хэд эргүүлэхийг хүлээх хэрэггүй юм. Социализм биш ч гэсэн шавхагдашгүй сан хөмрөгтэй мэт баян улс оронд эрх тэгш, элбэг баян амьдрах хүсэл минь одоо ч бидэнд байгаа. Энэ замд биднийг ухаалаг, тунгалаг төр хөтлөж аваачих учиртай.
Өөр олон зүйл үгүй. Бид хямралаас нэг мөр гарч Монгол төрөө суурь өвчөөс нь салгая гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй. Хэдий хурдан, зөв хийнэ төдий чинээ төр хурдан илааршина.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/