Засаг унахааргүй тэсч үлдэх ганц боломж нь бүтцээ цомхотгох гэдэг шийдэл дээр бууж байх шиг байна. Уснаас хуурай гарах бас нэг ээлжит жүжиг. Буруу байвал бүгдээрээ л үүрэх ёстой. Ганц хоёр сайд нь муу ажиллаад бусад нь сайн ажилласан гэвэл тэрүүн шиг худал зүйл байхгүй. Тогтолцоо нь болохгүй байгаадаа биш УИХ нь хууль тогтоох дээд байгууллага биш Засгийн газар нь хууль хэрэгжүүлэх биш болж хувирсанд л асуудлын цаад гогцоо оршиж байгаа юм. Холион бантан дунд ажил явахаа больчихсон, нэг гараараа хууль батлаад нөгөө гараараа хийх үгүй нь мэдэгдэхгүй явж цаг алдсны гай эдийн засагт ч тун хүндээр туссан. Эдийн засаг хүндэрнэ гэдэг эрх мэдлийг атгаж байгаа УИХ, Засгийн газар болон түүний харьяан дахь хэдэн яам агентлагийн бүдүүн дарга нарт огтоос хүртээлгүй. Гол нь ардын нуруу л улам бөхийж өвдөг нугарахад хүрээд байгаад гол эмгэнэл оршино. Хууль тогтоох гүйцэтгэх засаглал ердөө хэдхэн хүний тоглоом болж хувирлаа. Намрын чуулганаар нэн тэргүүнд Засгийн газраа яах вэ, унагаад эсвэл солиод хаячихья гэдэг асуудлаар л маргалдана. Эрхэм гишүүдийн ярилцлага, иргэдтэй хийж байгаа уулзалтын өнгө аяс ийм л хандлагатай байгаа юм. Хамтраад юм хийгээч ээ хөхөө хүйтний цаг ирлээ, та нар минь эв зүйгээ олж мань мэтийгээ нэг аятайхан халуун бүлээн онд оруулж хайрла гэхээр өмнөөс нь тэс өөр нэг нэгнийгээ матаж муулсан, улс төржсөн зүйл ярина. Хэрүүлийн бузар гэж байдаг даа. Тэр нь л болоод байх шиг байх юм.
1
Үнэнийг хэлэхэд, ийм гажуудсан төрийн нүүрэн дээр ямар ч Засгийн газар сайн сайхан ажиллах аргагүй юм. Засгийн газрын бүтэц, удирдлагын орон тоог улс төрийн намуудын сонгуулийн үр дүнгээс шалтгаалан байнга хэлбэлздэг болохоор Монгол улсын хэтийн болон дунд хугацааны байтугай ойрын зорилтот бодлогуудаа хэрэгжүүлэх ямар ч боломж олгодоггүй юм. Оюутолгой, Таван толгой, төмөр замын асуудлаар хэчнээн жил маргалдав. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Нэг нь гарч ирээд нөгөөгийнхөө бодлогыг орвонгоор нь унагана. Өсөрхсөн нөгөө нь гарч ирүүтээ л чөтгөрийн тойргоор нөгөөгийнхийгөө шороотой хутгачихна. Хоёр хөршийн тэргүүн нарын айлчлалаар шийдэгдсэн түүхэн гэх тодотголтой төсөл хөтөлбөр эрх баригч хийгээд сөрөг хүчинд хоёуланд нь хөгжлийн гарц гэдгийг мэдсээр байж хамтраад ажиллаж чадахгүй биесээ өөлж гоочилсоор басхүү хэчнээн он үдэхийг таашгүй. Эцсийн бүлэгт бүгд л хожих шүү дээ.
1
Хэрэлдэж маргалдаж байхаар эрхэм гишүүдийн давхар дээлийг тайлахаас эхлэх байсан юм. Даанч тэгээгүй. Намууд сайдын суудлаасаа салах тун дургүй байснаас болсон хэрэг. Нүүрэн дээрээ дээлээ тайлцгаая гэсэн ч нидэр дээрээ хууль хэрэгжих он цаг мэтхэнээр маргалдаад хойшлуулж дөнгөсөн. Одоо горыг нь сайхан амсч байна. Хэрэгжсэн бол өөрөө өөртөө зориулж хууль гаргачихаад л нам болон өөрөө өөрийнхөө эрх ашгийн төлөөнөөс өнөөгийнх шиг улайран зүтгэх нь багасах байлаа. Урагшлах хөдөлгөөнд хамгийн их саад болж байгаа энэ тогтолцоог нураахаас ирээдүй бүрнээ хамаарах нь улам бүр тодорхой болсоор байна. Эдийн засаг хямарчихаад байхад л хямраагүй ээ гээд улайм цайм гүрийгээд байхгүй л байлаа. Парламентад суудалтай аль ч намд сайдын ажлыг хийчихээр боловсон хүчин хангалттай бий.
1
Төр өөрөө бүхнийг чаддаг мэт авирлах тусам төвлөрөл улам бүр хүчтэй болж байна. Төрийн өмчит компаниудын алдагдал тэнгэрт тулж байхад яг адилхан хувийн хэвшлийн компани ашигтай ажиллаж чадаад байна. Хувийн хэвшлийг овойж оцойтол нь дэмжиж байгаа гэх боловч үнэн хэрэгтээ татвар, хяналтаараа дамжуулаад улам бүр дарамтална. Өрмийг нь төр шүүгээд хусмаар нь амьдар гэнэ. Төрийн бодлого хүний хүүхэд шиг хандаад байхад бизнес хэрхэн цэцэглэж, эдийн засаг сэргэх болж байна аа.
1
Төр бол зөвхөн бодлогоор залж чиглүүлэх үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн хорин жилийн туршид монголын төр, төрийн өмч гэдэг зүйлийг тахин шүтэж, хувийн хэвшлийнхний хийх ёстой зүйлийг хажуугаар нь шуурч ороод булаацалдан хийж байсан явдал юм. Үнэндээ бол төр гэдэг үгний цаана засгийн эрхийг гартаа атгаж байсан үе үеийн Ерөнхий сайд нар багтаж байсан. Нэг үгээр тэдгээр Ерөнхий сайд нар төрийн нэрийн өмнөөс бизнес хийх гэж оролдсон явдал нь буруу алхам байв. Харин хувийн хэвшлийнхэнд бизнес гэдэг зүйлийг даатгаж орхиод зүгээр л тэднийг ажлаа хийхэд нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлж саад тотгор болохгүй байхад л бүх зүйл болчих байлаа. Ингэсэн тохиолдолд манайд хүссэн хүсээгүй аяндаа барууны томоохон корпорациуд шиг үндэсний баялаг бүтээгчид бий болох нөхцөл бүрдсэн байх байлаа.
1
Загссан өрмөөр хооллогч празитууд төрийн албаар дүүрэн. АТГ нь улс төрийн нөлөөллөөр авилгалд холбогдуулан шалгаж гэсгээнэ үү гэхээс яг авилгалтай нь тэмцээд байгаа эсэх нь эргэлзээтэй. Төрд мэргэшсэн албан хаагчид ажиллах болохоос биш намын тамгаа духан дээрээ наачихсан нэгэн ажилладаггүй л байлтай.
Өөрснөө чадахгүй бол бусдаас зөвлөмж зөвлөгөө ав л даа. Хамгийн сайн төртэй гэх скандиновын орнуудаас мэргэжилтэн урьж залаад энэ төрийн институцүүдээ засаад яв л даа. Сонгууль болгоноор хуйгаараа солигдоод бодлого нь тасалдаад байдаг жишгээ удаан хугацааны турш өөрчлөөд байх боломжгүй өөр хоорондоо нягт холбоотой, үр дүн нь өгөөжтэй яамд болго л доо. Тэгвэл төрийн бүтээмж өндөр байх болно шүү дээ. Нийгмийн хамгааллын яам гэхэд ихэнх үүргээ төрийн бус байгууллагуудад шилжүүлчихэд юу нь болохгүй байх билээ. Даатгалын систем, хуулиа сайжруулаад хувийнханд шилжүүлчих. Төр танаас л сайн хийнэ шүү. Боловсролын яам гэж толгойтой үснээс их ажилтай байдгаа гайхдаг нөхдүүд байна. Хувийнханд хагасыг нь өгчих л дөө. Нэг толгойгоор бодсоноос олон толгойгоор бодсон нь хэзээ ч илүү. Нэг үгээр төр та сайн менежерийн үүргээ л биелүүлчих. Төрийн дээд төвшингөөс эхлүүлээд дороо хүртэл ийм бүтцийн өөрчлөлт хийхгүй бол засаглал хямарсаар байх болно. Ийм засаг захиргаатай улсын эдийн засаг яаж ч өөдөө гэрэлтэй байх билээ.
1
Н.Бадамжав