Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд байснаа 5.5 их наяд болж 186 тэрбум төгрөгөөр буурсан бол валютын хадгаламж 109 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик гарчээ. Ханшийн өсөлтөөс хамаарч төгрөгийн хадгаламж валют руу шилжих үзэгдэл гарах нь зүй ёсных байх. Иргэд төгрөгөө “голж” валют шүтэх хандлага үргэлжилсээр байгаа юм байна. Хадгаламжийн энэхүү шилжилтийг зохицуулах нөлөөлөх талаар төр бараг юу ч хийгээгүй гэх шүүмжлэл Засгийн газарт хаяглагдсан хэвээр. Үүнтэй зэрэгцээд "Bank of China" Монголд салбараа нээх ярианы давтамж ойрхон болж энэ асуудлаар улстөрчид, эдийн засагчид хоёр өөр байр суурь илэрхийлсээр байна. Товч нэгтгэн харвал үндсэн асуудал нь гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь ашигтай. Үгүй, “Аюултай”.
5
“БНХАУ-ын дэлхийд томд орох банкны салбар Монголд байгуулагдсанаар манайд банк хоорондын өрсөлдөөн сайжирна. Нөгөө талаар гадаад валютын урсгалыг нэмэгдүүлснээр өнөөдөр бидний толгойн өвчин болоод байгаа валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Тэд их хэмжээний зээлийг бага хүүтэй олгож эхэлснээр манай банкуудын зээлийн хүү буурна” гэх Монголын толгой банкируудын нэг О.Чулуунбатын энэ үгийг хэвлэн нийтлэгчид нэг талд нь гаргаж тавьж нөгөө талд үүний эсрэг байр суурийг жагсаагаад байна.
5
Нийт актив нь 2.3 их наяд ам.доллар бүхий "Bank of China"-гийн дэргэд бүгдээрээ нийлээд 12.5 тэрбумын активтай манай банкууд юу болох вэ гэсэн харьцуулалт байгаа нь анхаарал татаж байна. Манай бүх банкнаас 200 дахин том. Хүний энэ их мөнгөний хэдхэн хувь нь манайд эргэлдэхэд одоо навс унаад байгаа манай төгрөгийг сэхээхэд нэмэр болох авч дараа нь бид ямар байдалд орж болох уу. Хятадаас своп хэлцлээр орж ирэх сурагтай байгаа 15 тэрбум юань буюу 2.5 тэрбум ам.долларыг төгрөгөөр худалдаж аваад дараа нь төлж чадахгүйд хүрэхэд багалзуур шахах ямар гинжин хэлхээ үүсч болох. Үүний ард "Bank of China" монголд салбараа нээнэ. Тэд орж ирээд манай ЖДҮ болон 888 төслийнхнийг жагсаагаад зээл өгөөд эхлэхгүй байх. Харин төсвийн гол бүрдүүлэгч том хэдийг маань өөд нь татаж гартаа хийж эхлэх болов уу гэсэн таамаг нь бараг үнэн болох байх. Гадаадын банкны салбар стратегийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг анхаарлынхаа төвд авдаг гэж харвал манай уул уурхай салбар л тэдний сонирхол болж таарна. Манай улсын арилжааны банкуудад томоохон найдвартай харилцагч хуруу дарам цөөхөн. Энэ найдвартай том хэд нь гадны төрийн мэдлийн банк руу шилжих юм бол дотоодын банкны систем хэнтэйгээ харилцаж ажиллах вэ. Ядаж байхад гадны банкны зээлийн хүү татгалзахын аргагүй бага олон хөнгөлөлттэй байж таарна. Тэгэхээр гадны банк дагаж эргэлдэх их мөнгөний эргэлтээс бид орон сууцны зээлээ авч, ногооны хашаагаа томсгох нь шууд тусгал хол харагдана. Ямар нэг хэмжээгээр зээл олголт нэмэгдэж тэр нь дунд шатанд хүрч мэдрэгдэх хэсэг үе байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тун бага хувь жижиг дундын зээлэнд 5-10 хувь л гэж байдаг гэж байна.
5
Манай банкууд ч ирж яваа банкны лууг зүгээр хараад галаар тургихийг нь хүлээхгүй гэж шийдсэн бололтой. Монголын банкуудын холбоо ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоотоор хандаж дүгнэлт хүргүүлсэн бол эдийн засгийн асуудлаар мэргэшсэн хэсэг судлаач тусгай судалгаа хийж дүгнэлт гаргасан талаараа мэдэгдэж байна. Энэхүү дүгнэлтийн цөм нь хэрвээ одоогийн эрх зүйн зохицуулалт хангалтгүй нөхцөлд гадны банк салбараа нээх нь,
5
-Ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гадны банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал. Төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрх зүйн орчин Монголд байна.
6
-Хятад улс юаниа олон улсын валют болгох бодлогыг баримталж байгалийн баялагтай оронд төлбөрийг нь аль болох юаниар хийх сонирхол давамгайлж байгаа. Эндээс бид нэг улсын мөнгөн тэмдэгтийн нөлөөнд орчихвол тухайн улсын хамаарал илүү хүчтэй болж эргээд гарахад хэцүү болно. Энэ үндэслэлүүдийг хэн ч толгой дохин дэмжинэ.
6
Ер нь "Bank of China" салбар манайд нээгдэх тухайд саналын зөрүү маргаан байгаа нь өнөөх гадаадынхнаас айдаг ужиг жийрхэл гэж авч үзэх нь энэ тохиолдолд хөнгөднө. 2.3 их наяд ам.долларын активтай банкны дэргэд бүгдээрээ нийлээд 12.5 тэрбумын л активтай манай банкууд яах вэ, энэ улсын мөнгөний бодлого хэний гарт орох вэ гэсэн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд асуудал болох тул айх байтугай л асуудлыг тавих ёстой байх. Гэхдээ гадны банк үйл ажиллагаа явуулах нь огт байж болохгүй зүйл гэж туйлшрахгүй гэдгээ ч эдийн засагчид хэлж байна. Хамгийн гол нь гадны банк орж ирэхтэй үүсэх харилцааг сайн судалж, боловсронгуй болгосон эрх зүйн орчин одоогоор байхгүй байгаа. Хууль эрх зүйн орчноо бий болгоогүй цагт үйл ажиллагаагаа явуулах нь аюултай. Энэ нөхцөлд хамтран ажиллах, Төвбанк болон Засгийн газраар дамжуулан үйл ажиллагаа явуулах нь зөв гэж эдийн засагчид төрд зөвлөж байгааг давтан хэлэх нь зөв байх.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/