Монгол Улсын Ерөнхий сайд МҮОНТ-ээр ард түмэндээ хандсанаас хойш Засгийн хувь заяаг хэрхэн шийдэх тухай олон таамаг явж байна. Зарим сайд болон Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д өргөн барина гэсэн түүний үг аль яамыг, хэнийг золигт гаргах бол гэсэн хүлээлтийг үүсгэсэн. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд яамдын Төрийн бичгийн дарга нартай уулзсан гэх мэдээлэл байна. Зарим сайтад тавигдсан мэдээллээр бол Ерөнхий сайд Төрийн нарийн нартай яамдыг нэгтгэх асуудлаар ярилцсан гэнэ.
ө
Ингэхдээ дөрвөн яамыг хэвээр үлдээж, бусдыг нэгтгэх тухай яригдсан бололтой. Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Батлан хамгаалахын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг оролдохгүй. Харин Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамыг нэгтгэж Сангийн яам, ССАЖЯ-ны аялал жуулчлалыг БОНХЯ-тай нэгтгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЗТ, БХБЯ, ЭХЯ-ыг нэгтгэж Дэд бүтцийн яам, ХЯ, НХЯ, ЭМЯ-ыг нэгтгэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, ССАЖЯ-ны соёлын салбарыг БШУЯ-тай нэгтгэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэсэн хувилбарыг танилцуулсан сурагтай. Үндсэндээ Засгийн газар есөн яамтай болно гэсэн үг.
а
Хэрэв энэ хувилбараар асуудал шийдэгдвэл сайд нарын суудлын асуудлыг яригдана. Энэ удаад Л.Болд, Х.Тэмүүжин, Д.Бат-Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар танхимдаа үлдэх бололтой. Харин Ц.Оюунгэрэл, Н.Батбаяр, А.Гансүх, Я.Санжмятав, Д.Ганхуяг, С.Оюун, Ц.Баярсайхан, С.Эрдэнэ, Н.Удвал, Л.Гантөмөр, М.Сономпил, Ч.Улаан нараас хэн нь шинэчлэлийн багтаа үлдэх нь сонирхолтой асуулт хэвээр байна. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Зам тээврийн сайд А.Гансүх нараар хязгаарлагдаж байсан явах хүмүүсийн таамаг илүү өргөн хүрээнд яригдах бололтой. Ерөнхий сайд цаашлаад АН-ынхан бусад намууд тодруулбал МАХН, Иргэний зориг намтай хуваалцсан бялуугаа цаашид ч хамтдаа амтлах уу, эсвэл замын дундаас буцах уу гэсэн асуулт тулгарна. Бас нам доторх фракциудадаа бялууг хэрхэн хүртээх гэх мэтээр бараг л шинэ засаг байгуулах хэмжээний асуудал яригдах болов уу. Бүр өөр сонголт хийж, МАН-тай ярьсан тохирсон зүйл байхыг ч үгүйсгэх аргагүй. Энэ мэтээр олон таамаг дэвшүүлж болох Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяаг шийдэх асуудлын эхлэл ирэх сарын нэгэнд тавигдана.
ө
Энэ намрын улс төрийн хүрээний халуухан сэдэв болоод буй энэ асуудал Ерөнхий сайдын танилцуулгаас ихээхэн хамаарна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэнтэй, ямар намтай, аль фракцтай тохироо хийж, хэнийгээ авч үлдэх нь дараагийн алхамд нь том шийдэл авчирна. Үлдсэн хоёр жилд гар, сэтгэл нийлэх хүнээ авч үлдэн эсвэл сонгох нь мэдээж. Ингэх нь мөдхөн хаалга тогших дараагийн сонгуулийн үр дүнд шууд хамааралтай.
б
В.Бат