Хэд хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган твиттер, фэйсбүүк хуудсаараа Оюутолгойн татварын асуудал шийдэгдэж далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой болсон. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаар ирэх онд нэг тэрбум ам.доллар, 3000 ажлын байр бий болж нийт 5 тэрбум ам.доллар цутгах сураг наашилсан талаар цоглог жиргэж олон ч лайк, коммент цуглуулсан харагдсан. Зүгээр нэг жиргээч биш төрийн жиргээч дуугарсан болохоор дараагийн сайн мэдээг олон нийт хүлээж суусан байх.
6
Өнгөрсөн жилээс эхний бүтээн байгуулалтаа дуусгасан Оюутолгой энэ өдрийг хүртэл 76700 тонн зэс олборлоод байгаа юм байна. Улс төрд стандарт бус нэгдэл бий болгож байж гацаанаас гарсан Оюутолгой хоёр дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт дээрээ бүтэн жил гацаж тэр хэрээр эдийн засаг хямарсан талаар одоо ч ярьсаар байгаа. Үндсэндээ хоёр орны тэргүүн нар хөгжилд хамтарья гэж хоргой дурдан барьж ирсэнд бид түрхэн зуур тайвширсан байгаа болохоос байдал хүнд хэвээрээ л байгаа. Одоогоор бидэнд хамгийн ойрхон харагдах ам.долларын урсгал бол Оюутолгойгоос л эх авна. Дараагийн хөрөнгө оруулалт дээрээ хөрөнгө мөнгө босгох тал дээр туниж гэдийсэн Рио Тинто -той манай Засгийн газар удтал хэлэлцэж ая эвээр нь шийдэх ёстой 15 асуудлыг багцалж нэг нэгээр нь чагталсаар бүтэн жил өнгөрч байгаа юм. Энэ үед нь хөрөнгө оруулалтандаа нэмж доллар босгох болзол тавиад байсан Оюутолгойтой татварынхан тулж ажиллаж 130 саяын акт босгоод ирсэн. Гацаан дээр гацаа боллоо гэж татварынхныг зүхэх хүмүүс ч байсан. Гэхдээ хууль нэг мөр үйлчлэх зарчмаар бол татварынхны зөв байсан. Харин цаг хугацааны хувьд бол жоохон түргэдсэн гэж зарим хэсэг нь шүүмжлэлтэй хандсан. Одоо энэ бүхэн ард үлдэж хоёр тал эвтэй ярилцаж 130 саяын татварын актаас 100 саяыг нь таг “мартаад” 30 саяыг нь аваад цаашаа ажлаа больё гэж тохиролцсон бололтой. Дараагийн шатны ТЭЗҮ ч хоёр талын зөвшилцлөөр бэлэн болж хөрөнгө мөнгө босгох арга замаа шийдсэн гэж байна. Одоо үүнийгээ батламжлаад тамгалаад авбал манай ангаж цангасан эдийн засагт ам доллар урсан орж эхлэх юм байна. Гэхдээ “ Оюутолгойн далд уурхай ирэх оны эхний улирал гэхэд ажиллаж эхэлнэ” хэмээн салбарын яамны хүн Ройтер агентлагт ярьсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
6
Манай засгийн газар, Рио Тинто хоёрын өнгөрсөн хугацааны үл ойлголцол маргаантай байдал нь эдийн засагт төдийгүй манай улсын гадаад нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байдаг. Оюутолгойн бүтээн байгуулалт удаан хугацаанд зогссон нь хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй гэсэн таагүй пайзыг бидэнд зүүчихсэн. Энэ нөхцөл байдлаас харах юм бол Оюутолгой сураг нь доллар цутгах баярын совин төдий бус хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлж, итгэлийг төрүүлж, уул уурхайн хөрөнгө оруулалтад эргэлт гаргах алхам болно гэсэн хүлээлт давхар бий болсон байгаа. 6,5 тэрбум ам.долларын өртөгтэй, жилдээ 300 мянган тонн зэсийн хүдэр олборлох, хэтдээ Монголын эдийн засгийг одоогийнхоос гурав дахин нэмэгдүүлэх өөдрөг төсөөлөлтэй Оюутолгой манай улс төрчдийн алдаа онооны том жишээ, сургамж болж үлдэж байгааг энд давхар тэмдэглүүштэй. Эрх мэдлийн төлөөх цайрсан популизм хэрээс хэтэрсэн байсан нь энэ төслийн гэрээн дээр төр алдаа гаргах нэг нөхцөл болж байсан. Амлалтаа биелүүлж бэлэн мөнгө тараахын эрхэнд Оюутолгойгоос урьдчилгаа нэрээр халхалсан 250 саяыг манай төр зээлээд авчихсан. Зүгээр ч зээлээгүй жилийн 1.59 хувийн хүүтэй авсан ба энэ хүүгээ Риотинтогоос авах татварт шингээн тооцохоор болсон байдаг. Ингэж сонгуулийн бэлэн мөнгөний амлалтдаа орооцолдож бүдэрсэн Засгийн газар одоо ч РиоТинтойтой яриа хэлцэл хийхдээ нүүр бардам байж чаддаггүй байх талтай. Одоо Чингис бондыг өр гэвэл төр үүгээр зам тавьж барилга барьж байна. Харин Оюутолгойн дээж өрөмнөөс хэлтэлж авсан 250 саяыг хаана ч үгүй цацаж идэх уухын хавтгай найр болгосон нь үнэн. Тухайн цагтаа эх орны хишиг нэрээр уул уурхайн баялгаасаа хувь хүртээх үйл явц авч байгаа иргэдэд, өгч байгаа төрд хоёуланд нь таатай байсан. Гэхдээ баялгаа барьцаалж өрмөө таллаж байгаа нь буруу гэдгийг бүгдээрээ мэдэж байсан. Цаашдаа төр энэ сул талаасаа болж олон шантааж шахаанд орно гэдгийг ч учир мэдэх хүмүүс анхааруулж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хөдөлгөхөд хоёр намын эв нэгдлийн хүч их байсныг энд туйлширахгүйгээр үнэлэх ёстой. Стандарт бус шийдвэрээр эвслийн засгийн газар бий болж байж л Оюутолгойг зуурсан байсан олигархууд, бүлэг фракцуудын гар суларсан нь үнэн. Энэ нь манай улс төрийн түүхэнд нэг шинэ үзэгдэл болж тэмдэглэгдэн үлдсэнийг судлаачид хэлдэг.
7
Үүгээр уул уурхайгаар хол явах төсөөлөлтэй Монгол улсын минь анхны том хөрөнгө оруулалтын төслийн хоёр дахь бүтээн байгуулалтын сураг наашилсныг дахин тэмдэглэе. Энэхүү хоёр дахь бүтээн байгуулалт, далд уурхайн олборлолт эхэлснээр Оюутолгой төсөл эдийн засагт сэхэл өгөх ёстой бол тэрийг нь үзэх л ганц сонголт бидэнд үлдсэнтэй эвлэрэх ёстой. Бас үлдээсэн сургамжийг нь ч санаж явах ёстой байх.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/