Нийгмийг бүхэлд нь саарлаар будаад илүү гарахаар тийм их хар мэдээллийг бид өдөр болгон нэмүү порцоор тархи оюундаа чихэж байна. Шинэ зам, уулзварууд нээгдэж тууз хайчилсан тухай хааяа гарах мэдээг “шоу” гэж унтраагаад хэн нэгэн осолдсон, амиа алдсан талаар хэрэг зөрчлийн мэдээ олж үзэхээр сувгаа солино. Багаар бодоход авто машины ослоор нэг бол барилгын талбар дээр амиа алдсан хэрэг нэг хоёр гарсан л байна. Харамсмаар хэдий ч буруутныг чичлэхээс бус гаргуулахгүйн тухайд бараг ярихгүй тул дараагийнх нь хол давтагдаасай гэж сэм залбирах ээжүүд олон. Үүний дараа “том” хэргүүдийн өөр хоорондоо зөрүүтэй мэдээллүүд сониуч хүмүүсийг гомдоохгүй ар араасаа хөврөх болж. Энэ дундаас онцлоход улстөрчид холбогдсон хэргийг шалгаж байгаа нь шударга биш гэдгийг нотлох хэвлэлийн хурлыг хувиар гаргасан мэт давтамжтай хийж түүнийг нь бид хэвлэлээр “пиг” нийтэлдэг нэг уламжлал тогтоод байгаа юм. Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн шалгагдаж буй хэрэгтэй холбогдуулан хоёр цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл гомдол гаргаад байгаа талаар Ц.Баасандорж өмгөөлөгч мэдэгдсэн байна. Энэ нь нэг хэрэг зөрчилийн талаар хамгийн богино хугацаанд хамгийн олон тоогоор бичигдсэн өргөдөл гэдгээрээ нэг өвөрмөц амжилт тогтоож байгаа байх. Жирийн иргэний нэг өргөдөл эзэндээ очих гэж хэд ч хонодог гэдэг билээ. Түүнийг нь сарын дотор 40 удаа бичээд өгчих нэхэл хатуутай өмгөөлөгч хаана ч байгаа билээ.
6
Шударга ёсны зарчим алдагдахын хэрээр, хууль эрх зүйн тусламж өнгө мөнгө дагаж ямар ялгаатай явагддаг болсныг өмгөөлөгчийн энэхүү зүтгэлээс харж болно. Шагийн архи зарсан гэсэн хэрэгт гүтгэгдсэн таксины жолооч цагдаад гомдол гаргаж хэсэг яваад мухардаж. Тэгээд бууж өгөхгүй байхаар шийдэж 3 шатны прокуророт 15 удаа өргөдөл гаргах боломжтойгоо тооцож гаргаад үүндээ туслах өмгөөлөгч хайж байгаа талаараа хэвлэлд хандаж байсныг санаж байна. Энэ иргэнд 15 өргөдлийг нь бичиж өгөөд эцсийг нь хүртэл хамт явчих өмгөөлөгч олдоогүй л байх.
6
Өмгөөллийн тухай хуульд “...үйлчлүүлэгчийн гэм буруу нотлогдсон, эсхүл нотлогдохгүй байгаа талаар нийтэд мэдээлэхгүй байх, ...Өмгөөлөгч жилд хоёр удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх...” гэж заасан байдаг нь үйл ажиллагаанд нь хэр мөрдөгдөж байдгийг дүгнэж мэдэх юм алга. Гэхдээ “том” хүний хэрэг дээр өмгөөлөл хийж байгаа хуульчдыг харахад хэм хэмжээнээс давсан гэмээр нэг талыг барьсан улайрсан мэдэгдлүүдийг хийж байгаа нь бараг хэвийн дүр зураг болж. Үүнийгээ мөнгө төлж хэвлэлийн хурал зарлаж байгаад телевиз мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгэмд шуугиан болгох зорилгоор хийгээд байгаа тал ч ажиглагдаж байгаад өөрсдөө дүгнэлт хий хэрэгтэй л байх. Энэхүү дараалсан мэдэгдлүүдээрээ хэрэг шалгах үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байна уу гэсэн таагүй сэтгэгдлийг олон нийтэд өгөөд байгаагаа ч мэдрэх ёстой.
6
Эмч, өмгөөлөгч, гал сөнөөгч гээд хүний төлөө зүтгэдэг ариун үйлстнүүдийг бүгд л хүндэлж дэмжиж байдаг. Гэхдээ өвчтөнөө аврахын төлөө хэвлэлийн хурал хийсэн эмчийн тохиолдлыг бид хэлж чадах билүү. Мөн цалингаа нэмүүлэх мэдэгдэл хийж зурагтаар гарсан гал сөнөөгчийг та санаж байна уу. Харин үйчлүүлэгчийнх нь хууль ёсны эрх зөрчигдөж байгаа талаар өмгөөлөгчдийн хэвлэлийн хурлыг байнга л харах боллоо. Гэхдээ том хүний “том” хэрэг дээр л ингэж дуугарах юм.
6
Өмгөөлөгч нарыг өмөөрөх олон зүйл бий. Гэхдээ үйчлүүлэгч нартаа ялгавартай ханддаг болчихдог вий дээ гэсэн эмзэглэл бас байна. Төлсөн мөнгөний хэмжээнд бус хүлээсэн үүрэг ёс зүйнхээ хэмжээнд ямар ч иргэнд адил тэгш үйлчлэх өмгөөлөгч олон байх ёстой. Шударга ёс алдагдаж байгаа энэ үед өмгөөлөгчийг өмөөрөхөд бид бэлэн байна. Гэхдээ өмгөөлөгч өөрөө бас зөв байх ёстой.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/