Дөжирсөн салбарууд
2014-09-15

Улс төрийн намууд, мэргэжлийн хяналтын байгууллага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байгууллага, барилгынхан гээд дөжирсөн салбарууд олноор бий болоод байна. Улс төрийн намууд бол угаасаа архаг дөжирсөн замналтай. Амлалт өгөх түүнийгээ мартах бултах, аргалах, биелүүлэхгүй байх нь ер хэвийн үзэгдэл. Энэ талаар нь хэлэх сануулахыг олон нийт ёстой дөжиртөл нь хэлдэг ч дөрвөн жилээр иргэдээ аргалсаар сурчихсан. Намууд төрийн эрхэнд гарч засаг барихаараа үрэлгэн давхардсан чиг үүрэгтэй нүсэр бүтэцтэй тогтолцоог бий болгож, түүндээ сул чадваргүй албан хаагчдаа чихээд оруулчихдаг. Энэ чадваргүй багийн уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас шууд хохирогч нь жирийн иргэд болсоор байгаа юм.

1

Нийтийн тээвэрт суугаад хот хооронд явах бол маш эрсдэлтэй болсоныг бүгд мэднэ. Хөдөө орон нутгийн замд ганц нэгээрээ биш тав арваараа амь нас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол ар араасаа гарах боллоо. Энд хариуцлага хүлээх байгууллагуудыг нь үнэхээр дөжирчээ гэж хэлэх л үлдэж байна. Барилга дээрээс “юм” унаад мөрөөрөө яваа хүмүүсийн алтан амийг авчихдаг байсан бол одоо барилга дээрээс бэхэлгээ “юм” нь тасарч идэр залуус хоёр, гурваараа унаж амиа алдах боллоо. Энд мэргэжлийн хяналтын байгууллагуудыг үнэхээр дөжирчээ гэж хэлэх болоод байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй 14 давхар барилгаас гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч 49 хоног өнгөрөөгүй байхад дахин барилга дээрээс гурван оюутан залуу унаж амиа алдсан хар мэдээ сонсогдлоо. Өнгөрсөн хугацааны хэд хэдэн осол зөрчилд харьяалах мэргэжлийн байгууллагуудаас өгдөг тайлбар зүүлт яг адилхан, өөр хоорондоо ам зөрөхгүй байгаа юм. Ихэнх тохиолдолд мэргэжлийн хяналтынхан ажлаа хийсэн, хяналтаа тавьсан гэж мэдэгддэг. Тухайн зөрчилтэй барилга обьектийн ажлыг зогсоох шаардлага тавьж, олон талаар стандартыг хангаагүй зөрчлийн дүгнэлт гаргаж, торгууль бичиж, мэдэгдэл шидэж бүхнийг л хийсэн талаараа хэлдэг. Ингээд байхад зогсчихгүй хүний үрсийг дээрээс нисгэчихээд байгаа барилгынхан бас дөжирчихсөн бололтой.

1

Цагдаагийн байгууллага болон бусад холбогдох газрууд зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15 хүртэл барилгын компаниудад аюулгүйн ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Аюулгүй байдлыг хангах гэдэг заавал мэдэгдэл гардан авч байж хийх ёстой ажил биш тухайн компани Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг мөрдөн ажиллах үүрэгтэй байдаг. Гэхдээ манай практикт мэдэгдэл өгсөн нь л зөвдөж байна. Энэхүү амжиж гаргасан мэдэгдлээр л аливаа хэрэг ослын ард хэлэх үгтэй, харуулах цаастай сууж байгаа мэргэжлийн хяналтын албан хаагчдыг бид зурагтаар харсаар бараг таньдаг болж.  Мэргэжлийн хяналтын байцаагч нар муу хүмүүс тул ингэж амиа аргалсан юм хийгээд байгаа бус тавьсан шаардлага нь агаарт замхардаг тул хүн л юм болохоор аргаа барсандаа мэдэгдэл дүгнэлтээ ар араас нь хүргүүлж баримтжуулж аваад, юу болохыг нь харж суудаг байх. Танил талтай хэдэн “босс” тавьсан шаардлагыг нь авч үзэхгүй “чамаас дээр томтой ярьчихсан” гээд арматураа цутгаад байхаар одоо тэр албан хаагч яах ёстой юм. Краных нь суман дээр гарч суугаад хэвлэлийнхнийг дуудаж сенсаац дэгдээдэггүй л юм бол дүрэм журмын хүрээнд ажиллаад бол хүчгүйдэж байгаа юм.

1

Хуулинд “...хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан даалгавар, шаардлага, акт, дүгнэлтийг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасан байгаа. Товчхондоо мэргэжлийн хяналтынхан хяналт тавьж чадах ч зөрчлийг арилгуулахаар тавьсан шаардлагаа үүрэгжүүлж, хариуцлага тооцох чадамжгүй байгаагаа харуулаар байгаа юм.

1

Бид энд зөвхөн барилгын салбарт тавьж буй хяналт хэрэгжихгүй, зөрчил арилахгүй байгаа талаар ярьж байна. Өргөн хүрээнд бол өдөр тутам иддэгээсээ хордлого хүртэх, өмсөж зүүхээсээ харшил авахаас эхлээд агаар орчны бохирдлоос амьсгалаараа хордох гээд тоолж баршгүй эрсдэлд бид амьдарч байна. Энэ бүх эрсдлийн өөдөөс мэргэжлийн хяналтын байцаагч нар гэсэн өргөн хүрээний эрхтэй ч асуудлыг шийдэж чадахгүй байгаа багийг тавьчихаад сууж байна. Таван цаас олох гэж яваа нэгийг өрөвдөж жижигхэн юм гээд дуугай өнгөрөхөөс өгсүүлээд, том дарга нарын “түр байж бай” гэсэн команд хүртэлх зайд хяналтын байцаагч нар нөлөөнд автан, гишгэгдэл алдаж ажлаа хийж чадахгүй байгаа дүр зураг ил харагдаж байдаг. Үүний цаана хоол хүнсний, бараа бүтээгдэхүүний импортын, үйлдвэрлэл барилгын үйл ажиллагааны гээд олон салбарт “аюултай” эрсдэлтэй байдал байнга нүүрлэх боллоо. Ер нь бол мэргэжлийн хяналтын тухай хуулийг эргэн харах хэрэгтэй болсныг нийгэмд түгж буй хар мэдээнүүд чимээлээд байна.

1

2013 оны 12 сард Засгийн газраас оруулж ирсэн Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг гишүүд дэмжихгүй буцааж байсан. Энэ хуулийн санаа нь хяналтыг салгаж харьяа салбар яамд нь өгөх тухай өөрчлөлтийг агуулсан байсан. Энэ хуулиар мэргэжлийн хяналтын төвлөрсөн нүсэр бүтэц задарч жижгэрэх боловч вант улсууд шиг яам бүрийн хажууд хяналтын нэртэй агентлаг бий болж давхардсан шалгалт дарамт эргээд цэцэглэн үлдэх байсан тул олонхийн дэмжлэг аваагүй байдаг. Гэхдээ Монгол Улсад хөндлөнгийн мэргэжсэн нэгдсэн хяналт гэж байх ёстой тухай дуугардаг гишүүд бодлоо орхиогүй байх гэж найдаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргүүдийн нэлээд хэсгийг нь мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжийн дотоод хяналт руу шилжүүлэх ёстой гэдэг тэдний байр суурийг одоо эргэн харах хэрэгтэй санагдлаа. Дэлхийн нийтийн чиг хандлага бол хөндлөнгийн мэргэжсэн хяналтын байгууллага нь бие даасан, хараат бус нэгдсэн байх чиглэл рүү хандаж байна. Зарим оронд хүнс аюулгүй байдал, техникийн хяналтаа салгаад хяналтын хоёр байгууллага байгуулдаг ч бий. Дэлхий нийтээрээ ийм байхад бид байцаагч нар нь хүрэлцэхгүй байна, арга хэмжээ авах торгууль хэмжээ маань бага хязгаарагдмал байна гэсэн олон учирлал хэлсэн нүсэр том хяналтын байгууллагатай байгаа юм.

1

Энэ бүхнээс үүдэн аюулгүй байдалтай холбоотой голлох хяналтаа төр нь авч үлдээд, харин салбарын чанартай хяналтаа мэргэжлийн холбоод буюу төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байгаа хүмүүсийг дэмжих байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг мэргэжсэн, эрсдэлт суурилсан хяналтыг хэрэгжүүлдэг, дарамт шахалт багатай болгох механизмийг бий болгох эрх зүйн зорицуулалтыг эргэн харах хэрэгтэйг хоёр гурваар нь хүний амь авч одоод байгаа аюултай үзэгдлүүд, анги хамт олноороо багшаасаа халдвар аваад байгаа хүүхдүүд бидэнд хэлээд байна.

1

Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд “хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолбор”-ыг хэлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтад байгаа арга хэмжээний цогцолбор гэдэг нь товчдоо бүх талаар бидний аюулгүй орчинд эрүүл, амьд явахад учрах эрсдлийг тогтоох, сэргийлэх үйл ажиллагаа юм гэж ойлгож болно. Цасан дээр ийм том хяналт хийх үүрэгтэй ч амьдрал дээр маш жижигхэн болчихоод байгаа Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоог өөрчлөх талаар парламент хойш тавилгүй хэлэлцэх цаг болсон.

1

Алдаагаа байнга давтаж хүний амиар гэм нь томроод байгаа барилгын салбарын аюулгүй ажиллагааг хангуулахын тулд одоо юу хийх хэрэгтэй вэ гэдэг том асуулт дахин хариултгүй байсаар байна. Жилдээ манай Улаанбаатар шиг хэдэн хот дүүрэг босгочихдог Хятад, Солонгост сар бүр хүн барилгаас унахгүй болоод л байна. Энэ бол тухайн улсын төрийн зөв хуваарилалт зохицуулалт, ААН, хяналтын байгууллагуудын уялдаа холбоо бүхий үйл ажиллагаа, бүх талын стандарт шаардлагын нэгдмэл үйлчлэл, хариуцлагын хатуу чанд тогтолцоогоор биеллээ олж буй аюулгүй үйл ажиллагааны үзүүлэлт байх. Манай улс хөгжилгүйгээ дагаад  аливааг стандартгүй хийж гүйцэтгэн “Монголчилсоор” ирсэн. Энэ бүхэнд цэг биш гэхэд таслал тавих үүднээс мэргэжлийн хяналтын байгууллагыг дэлхийн жишиг тогтолцоонд шилжүүлэх шаардлага харагдаж байгааг дөжирсөн төрийнхөнд дахин хэлье дээ.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ чинь тереес хун амаа цеелех нууц бодлого явагдаж байгаа учраас хуний амь эрсдэнэ уу, хун тахир дутуу болно уу? хэн ч авч хэлэлцэхгуй байгаа юм шиг байгаа юм. одоо ч дээ хуний амь зольбин *н аминаас долоон дор болчихжээдээ
2014-09-15
pppp:
http://cash4visits.com/ref.php?refid=327431
2014-09-15
zaisand:
zaisand barilga deer udur bur hun bertej ami uregdej baigaag medseer baij bariulaad baina batuul uuniig zogsoogooch hairan saihan zaluus
2014-09-15
zahialga:
zahialga ugch bariulsan kompani zahirlii barimchlah heregtei
2014-09-15
зарчим:
засаглалын ялзрал зарчим завхрахаас эхэлмой гэж их сэтгэгч шарль дэ сэконда монтэскю хуулийн амин сүнс бүтээлдээ бичсэн байдаг. манайд улс үндэстний системтэй хөгжих нэгдмэл зарчим алдагдаад удаж байна. зарчимгүй засаглал бол ялзарсан гэсэн үг. ялзарсан зүйл бол амьгүй болсон систем алдагдаж үйл ажиллагаа / процесс / явагдахаа больсон гэсэн үг. зүй зохистой засаглалын процесс зогссон болохоор яаж хүний амь үрэгдэхгүй байж гаслан зовлонгоос ангижирах юм хэнд найдаад хэнд үглээд байнаа бид
2014-09-15