ОХУ, БНХАУ ба тэдний дундад Ази дахь түншүүдээс бүрддэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотноо ээлжит чуулганаа хийж байна. ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикистан гэсэн байнгын зургаа, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, Афганистан гэсэн ажиглагч таван гишүүнтэй байгууллага. Беларусь, Турк, Шри-Ланка улсуудтай албан ёсоор хамтарч ажилладаг билээ. ШХАБ-ын 13 дахь удаагийн уулзалт жилийн өмнө Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болж байсан. Энд манай Ерөнхийлөгч хоёр хөрштэйгээ хол алхах гараагаа бодит болгож хоёр хөршийн тэргүүн нартай уулзаж харилцан бие биенээ урьсан байдаг. Энэ уулзалтаар БНХАУ-ын дарга Си Жиньпин “Юуны өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэе. Таныг хуралдаанд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ удаагийн уулзалт Монгол улс, БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж ойлгож байгаа” гэж байсан нь өнөө олон талаар бодит зүйл болоод байгааг бид мэднэ.
.
Энэхүү байгууллагад ажиглагч гишүүн орон байхын хийгээд элсэн орох нь манай улсад ямар тусгалтай байх вэ. ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутгийн хэмжээ 30 сая ам км буюу Евразийн газар нутгийн 60 хувь. Нийт хүн амын тоо тэрбум 500 сая гаруй байна. Хэрэв Энэтхэгийг элсүүллээ гэхэд л хамардаг газар нутаг, хүн ам, эдийн засгийн хүчин чадал, нөлөө огцом тэлэх нь харагдана.
.
Зарим талаар НАТО тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн хүч бүс нутагт улс орнуудад цэргийн болон улс төрийн эргэлт хийж дотоод асуудалд нь оролцох болсон нь бүс нутгийн энэхүү байгууллага тэлэх шаардлага сонирхлыг бий болгож байгаа гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр ШХАБ 2001 онд байгуулагдаад үндсэн зорилго нь алан хядлага, мансууруулах бодисын улс дамжсан наймаа, салан тусгаарлалттай тэмцэх, эрчим хүчний түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагаа гэж тунхаглаж байгаа ч бүс нутгийн асуудалд НАТО зэрэг хүчнүүдийг хязгаарлах тал дээр ажиллахыг түлхүү харж эхэлсэн гэж олон улсын судлаачид дүгнэлт хийжээ. Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ШХАБ-д 2013 он гэхэд шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журмыг батлах санал гаргасан бөгөөд Бишкекийн чуулга уулзалтын үеэр Монгол, Энэтхэг, Пакистаныг элсүүлэх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээллийн хэрэгслүүдээр зарлаж байсан. Үүнд Монгол Улсыг гишүүнээр элсүүлэхийг дэмжиж нөлөөлнө гэдгээ Син Зиньпин дарга манай улсын парламентын индрээс мэдэгдсэн. Гэхдээ энэ байгууллагад элсэх нь манай улсын хүсэл зориг гэхээсээ хоёр хөршүүдийн хүсэл сонирхол гэж үзэх шинжээчид байгаа. Манай улс сүүлийн 20-оод жилд Америк тэргүүтэй өрнөдийн орнуудтай найрсаг харилцаатай, нягт холбоотой явж ирсэн нь Орос Хятадын анхаарлын гадна үлдээгүй. Энэ сүрхий түншлэл улам тэлж яваандаа пуужингийн довтолгоог илрүүлэх станцыг Монголд барьчихаж магадгүй тухай сэжиг байгаа нь Монголыг ийнхүү нөлөөллийнхөө хүрээндээ яаран оруулах нэг шалтгаан гэж үзэж болно. Энэ талаас нь харвал ШХАБ-д манай улс элссэнээр өрнөдийн орнуудын зүгээс зээл, тусламжаа багасгах, улс төрийн дэмжлэг үзүүлэхээ хязгаарлах хандлага гарч болохыг ажиглагчид давхар анхааруулж байгаа юм. Гэхдээ эдийн засгийн талаасаа манай улс энэ байгууллагуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд зөв оролцвол урд хөршөөс бараг зуун хувь хараат байгаа байдлыг тодорхой хэмжээгээр өөрчлөх боломж нээгдэж болох юм гэсэн зөвтгөл бас байгаа. “Монгол Улс харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэн хөгжүүлэх бодлогоо цаашид ч баримтлана” гэж манай Ерөнхийлөгч мэдэгдсэн байдаг.
.
Ажиглагч гишүүн улсын төрийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбед хүрэлцэн очоод байна. Украинтай холбоотой асуудлаас болж их гүрнүүдийн гадаад бодлогод нь огцом өөрчлөлт гарсан, шинэ нөхцөл байдалд ЕХ болон НАТО-г сөрж зогсохуйц цэрэг хүчний болон эдийн засгийн шинэ хамгаалалт бий болгох процесс явагдаж байгаа үед болж байгаагаараа энэ удаагийн уулзалтад оролцогч талууд өндөр ач холбогдол өгч байгаа байх. ШХАБ-ын гишүүн орнууд энэ удаагийн чуулганаар Украины асуудлаар саналаа нэгтгэж, баримт бичиг гаргана гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Харин шинэ гишүүн элсүүлэх, санхүүгийн институц байгуулах асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй байх гэж таамаглаж байна. Чуулганы үеэр болох хамгийн гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын уулзалт хэлэлцээр байх юм. Энэ уулзалт Монголын хувьд ч цаагуураа маш чухал байх нь тодорхой.
_
Бидний хувьд энэ уулзалтаас чимээлж байгаа зүйл бий. БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай манай Ерөнхийлөгчийн хийх гурван талт хэлэлцээрийн болох газар, цагийг тохирох. Хэвлэл, агентлагуудын мэдээлж байгаар бол В.Путин “Хятадтай л тохирчих, би асуудалгүй очно” гэсэн юм байх. Эндээс ямартай ч гурван улсын хэлэлцээр уулзалт болно гэсэн тов Душанбед яригдах юм байна.
_
Эдийн засгийн салбарын хувьд, гишүүн орнууд санхүүгийн байгууллага хамтарч байгуулах уу гэсэн асуудал урьдын адил хөндөгдөнө гэж байна.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |