Хэлмэгдэгсдийн өдөр гэж жил бүр тохиодог. Хэлмэгдэгсэд гэж хэн билээ. Энгийнээр бол шударга бусаар шийтгүүлсэн, нэгэн цагийн золиос болсон хүмүүс байдаг. 1920-1940-өөд онд Сталин ба Х.Чойбалсан нар тус тусын удирдаж байсан улсдаа Коммунист нам гэсэн дарангуйлал дор ба ердийн хүмүүсийн эсрэг явуулсан улс төрийн хэлмэгдүүлэлт байсан цаг үеийн санамж. Өр нэгтнээ, анд нөхрөө амьд үлдэхийн тулд зольж байсан цаг бусын үхэл хагацал нүүрлэсэн он жилүүдийн тухай дурсамж. Хэн өөрийнхөөрөө дуугарна, хэн үзэл бодлоо чөлөөтэй хэлнэ түүнд цаазын ял өдрийн хоолноос нь ойрхон байсан цаг. Хэлмэгдүүлэлтээр тэр үеийн монголын сор болсон гайхамшигт сэхээтнүүд баривчлагдан шийтгэгдэж, олонхи нь цаазаар авахуулсан байдаг. Мөн түүх соёлын үнэт дурсгал болсон 700 гаруй сүм хийд коммунист хийрхлийн золиос болж сүйтгэгдэж сүм хийдээс оросуудын тоносон олон зуун ачааны тэрэг дүүрэн Монголын соёлын дурсгалууд ЗХУ-д ачигдсан байна. Үүний зарим хэсэг нь одоо болтол Санкт Питербургийн Эрмитаж музейд 2 том танхим дүүрэн үзмэр болон дэлгэгдсэн байдаг... гэж танин мэдлэхүйн эх сурвалжид товч бичжээ. Хэлмэгдүүлэлт гэдгийг бид тэр нэгэн хар жилүүдэд Сталин гэж дарангуйлагч, коминтерн гэх байгууллагын удирдамж дор болоод өнгөрсөн цаг үе гэж дурсдаг.
.
Өнөөдөр хэлмэгдүүлэлт гэж байхгүй болж, төгс ардчилсан нийгмийг байгуулчихаад бид цэцэг өргөж толгой гудайлгаад байгаа бус. Хэлмэгдүүлэлт ямар аймшигтай зүйл болох, жирийн хүний амьдралыг самарч, үндэстний бахархал итгэлийг мохоож чаддаг аймшигт хүчирхийлэл гэдгийг нь тодотгон санаж сэрэхийн тулд энэ өдрийг бид “цэцэгтэй” бас ухааралтай өдөр болгосон. Уйлж байгаа хэн нэг нь. Гэхдээ буруугүй хэрнээ гянданд сууж, тойг хүлхэж яс зааж эрүү шүүлтийг давсан ч буудуулж байж зовлонгоос ангижирсан тэр хүмүүсийн гашуун хагацал зовлонг бид зөвхөн төсөөлөх гэж л оролдож чадна. Тэр үеийн хэлмэгдүүлэлт үзэл суртал, нэг хүний дарангуйлал дор манай үндэстнийг “ген” удамшлаар нь хөнөөх урт хар сүүдэртэй байсан байх. Гадаад нөхцөл байдал цаг үеийн олон хатуу хэцүүг авч үзэн хэлмэгдүүлэлт явагдсан он жилүүдийн улс төрийн зүтгэлтнүүдийг бид сайн муугаар хэлдэг. Ямар ч байлаа энд эрх зүйт төр байгаагүй. Энэ утгаараа хууль үйлчилдэггүй нийгэм журам тогтвол юу болдгийг бидэнд хэлж өгсөн нэгэн үе мөн.
_
Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх боломж олголгүй ялын тогтоолыг гүйцэтгэж байсан нь түүхэн үнэн. Тус хэрэгт гэм зэмгүй 1500 орчим хүн нэр холбогдсон байдаг бөгөөд тэдэнд буудан алах болон 10-20 жил хорих зэрэг ял оноосон байдаг. Тийм учраас бид энэ өдрийг гашуудах гэж бус дахин ийн хэтийдэл гаргуулахгүйн тухайд санаж сэрэх гэж мянга мянган гэмгүй амины төлөө цэцгийн хэлхээтэй хүрэл хөшөөнд очдогоо мартаж үл болно.
_
Өнөөдөр ч хэлмэгдүүлэлт байгаа. Энэ нь үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөгөө хасуулж байгаа жишээгээр шууд нотлогдохгүй ч эрх мэдэл хөрөнгө мөнгөний дор боомилогдож байгаа хэвлэлийн эрх чөлөөгөөр, дээшээ явахгүй бүдгэрч байгаа байгаа иргэдийн дуу хоолойны нэхлээр бодитой байна гэж яригдана. Хувь хүний үзэл бодол, үг санал чөлөөтэй илэрхийлэгдэж байх тэр нөхцлийг хааж боосон, арга хэмжээ тооцсон алхам бүр хэлмэгдүүлэлт сэргэхэд ойрхон, дарангуйлал хаяанд байгааг бидэнд сануулж байгаа юм. Хууль дор нэг мөр байх зарчим алдагдахад ардчилал үлгэр болж хүний эрх хөгийн жижиг болж ирэхийг ардчиллаар замнасан гэх 20 жилийн хойморт ч бид харж л байгаа. Зарим нэг нь биеэрээ туулж цөхөрч яваа. Хуулийн засаглал мөнгөний засаглал болж цөөн хэдэн хүний гарт эрх мэдэл төвлөрөөд ирвэл өнөөдөр хөшөөнд өргөж байгаа цэцгийн хэлхээгээ өөрсдийнхөө хань, анд нөхдийн дурсгалд өргөж болох түгшүүр ойрхон байгааг бид энэ өдрөөр мөнх санах ёстой.
_
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдөр зөвхөн 1930-аад оны хар үед хамаарахгүй. Давхар энэ цагийн хэлмэгдэгсдэд толгой бөхийлгөцгөөе. Нэгэн цагт эх оронч байсныхаа төлөө бөхийсөн тэргүүн, бууны суманд тасарсан халуун амины төлөө өнөөдөр 19 дэх жилдээ цэцэг өргөж байна. Дээр нь энэ цагт хуулийн засаглал, шударга нийгмийн төлөө үхэхэд бэлэн улстөрчид бидэнтэй хамт байхын төлөө бас хундага өргөсөн ч болно.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/