Орос, Хятад, Монгол гурав түүхэндээ байгаагүйгээрээ түншилж эхэллээ. Энэ удаагийн түншлэл нь түүхийн урт хугацаанд дахь харилцаанаас тэс өөр түвшинд харилцан ойлголцол, эрх тэгштэйгээр ижил зиндаанд өрнөж байгаагаараа бүхий л түүхэн дэх гурван улсын харилцааны цоо шинэ хуудас бий боллоо. XIII зуунаас бүтэн хоёр зууны туршид славчуудад Монголын эзэнт гүрэн бүхнээ тулган хүлээлгэж байлаа. Эзэнт гүрэн нуран унасны дараа Манж, хятадууд эзэрхийлэл дэх монголчуудад үзэл суртлаа тулгаж байв. Манж Чин гүрэн нурснаар Хятад Оростой харилцан зөвшилцсөний үр дүнд Монголын 1911 оны тусгаар тогнолыг зөвхөн хэрэг явдал хэмээн тодорхойлж автономит гэсэн хаяг зүүж орхиод, Хятадын вассалыг хүлээн зөвшөөрсөн нь гашуун түүх.
х
Үнэн бодитоор нь түүхийг үнэлэн цэгнэх нь бидний үүрэг. Нэг нь нөгөөдөө тулган хүлээлгэж, нөгөө нь аялдан дагалддаг жишээ Хятадын XX зууны түүхэнд ч бий. Иргэний дайныхаа галд хагас зуун жил хуйхлагдсан тэд Монголыг хойд хязгаар гэж зүтгэсэн ч Ялтын гэрээгээр өөрийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд буулт хийж байлаа.Энэ бол өнгөрсөн түүх. Өнөөдөр янз бүрийн үзэл суртахуун /В.Жириновскийн Энэтхэгийн далайд орос цэргүүд хөлийн ороолтоо угаах нь, Хятадын сайтуудын Ар Монгол хэзээд ч бидний газар нутаг/-ыг үл ойшоон энэ гурван улс өөр хоорондоо харилцан эв найртай оршихыг эрмэлзэж байна.
х
Бие биенийхээ тусгаар байдлыг хүлээн зөвшөөрөх болов. Дэлхийн барууны туйлт системийг олон туйлт болгох гол үзэл санаа Хятад, Оросоос гарч байгаа. Оросууд хэзээний бууж өгдөггүй зангаараа Украиныг дарангуйлахын сацуу Балтийн гурван орон, Польшид сануулга өгөхийг хичээж байна. Хятадууд арай аядуу тайван боловч хоёр алхаж нэг ухрах Күнз сартваахийн номлол ёсоор эдийн засгийн хүчин чадлаар алгуур номхотгохыг хичээх болов. Хоёр санаархагчийн дундах Монгол ашиг олохыг илүү их эрмэлздэг болов.
х
Хоёулангаас нь хараат бус гуравдагч хөрш, гуравдагч зах зээл тэдэнд чухал. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогодоо илүү анхаарах цаг болсон гэсэн үг. Яахав цөмийн зэвсэггүй бүс нутаг, Европын холбоо, АНУ-тай ойрхон байх нь хорын ерөндөг ч гэлээ ТЭД алс хол байна. Ерөнхийлөгч хоёр Солонгосын асуудлыг Улаанбаатарын яриа хэлэлцээрээр ойртуулахыг хичээж байгаа нь гадаад бодлогын бас л нэг ололт. Гэхдээ бид хоёр хөршгүйгээр хөгжилд ойртохын аргагүй. Хөгжлийн бодлогоо тэднээс асуулгүйгээр дэлгэн тавих нь бидний эрх ч гэлээ тэдэнгүйгээр далайн дундах өнчин арал ертөнц тийш тэмүүлэх боломж байхгүй.
х
Хоёр хөршийн тэргүүн нар Монголд айлчлаад ийм л зүйл битүүхэн сануулсан. Хятадууд хойд нутгийнхаа аж үйлдвэрийн салбараа хөл дээр нь босгохын төлөө Австралиас нүүрс, төмрийн хүдэр зөөхийн оронд 70-200-хан км байгаа Монголоос авсан нь дээр гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Мал аж ахуйн түүхий эд, эрчим хүчний асар их боломж энэ нутагт байгааг ч төсөөлнө. Тиймээс саяны айлчлалаар Си дарга умард хөршөөс илүүг амлаад байгаа юм. Тиймээс л асар том зах зээлийнхээ үүдийг бидэнд нээлээ. Асуудалгүй юмаа оруулаад ир гэж байна. Монголчууд бид чинь хүссэн хүсээгүй тэднээс хамааралтай болчихсон. Тэнцүүлэх гэсэн чинь Оросын төрийн тэргүүн ам нээсэнгүй. "Байж болох л юм" гэсэн хариу өгсөн. Халх голын дайнаар ямар тусламж үзүүлснээ Төрийн тэргүүн маань ам нээгээд ч тусыг эс олов. Харилцан ашигтай гэсэн үг л дуулдав. Визгүй зорчих, Оросын зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ хөнгөлөлтэйгээр нийлүүлэх гэхчлэнгээр дуусав. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тэр дундаа мах махан бүтээгдэхүүн оруулах хяналтаа сулруулна гэлээ. Гэхдээ хүссэнээр минь биш шүү. Оросууд Украины хоригоос хамаараад махгүй хэцүүдэж байгаа гэсэн бидний таамаг зөрөв. Мөнөөх хүсэн хүлээгээд байсан транзит тээврийн асуудал ч тэгсгээд намжив. Хийн хоолойг Монголоор дайруулахгүй гэдгээ битүү утгаар "Үгүй" гээд хэлчихлээ. Гэхдээ л урт удаан хугацааны өргөн түншлэлийн амлалтыг В.Путин авахаар ирсэн нь тодорхой болов. Бид ч амлалтаа өглөө.
р
Хоёр хөршийн тэргүүний албан болоод албан бус амлалтыг Тажикстаны нийслэл Душанбэ хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч маань сонсоно. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарт гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохиох санал хүргүүлснээ сануулах болно. Хэн нэгэн нь биш бултаараа нэг туйлт ертөнцийг олон туйлт болгох талаар саналаа хэлэлцэнэ. Бид шийдэх, таслах эрхгүй ч ҮНДЭСТНЭЭ бодон шийдвэр гаргах эрхтэй. Орос, Монгол, Хятад ийнхүү нэг хөнжлийг эв найртайгаар хөдрөх цаг ирсэн байна.
р
Н.Бадамжав