Бодлогын бохирдол 4
2014-09-07

Хөрөнгө оруулагчдыг далласаар бас үргээсээр

Өнгөрсөн жилийн хугацаанд хуулийн орчин хөрөнгө оруулагчдад нэн таатай болсон ч тэд хөдлөхгүй байна. Энэ бол хэн нэг Майкл гомдчихоод хэдэн ногооноороо боогоод байгаа хэрэг биш. Хөрөнгө оруулалт цэцэглэх тэр шаардлагатай орчин, хөрс суурь бүрэн хангагдаж бий болохгүй байгаатай л холбоотой. Манай төр хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж, Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээр нь бонус болгож хайгуулын тусгай зөвшөөрлийн хоригийг тавилаа.

1

Өнгөрөгч 7 хоногт уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулдаг “Дисковер Монголиа-2014” чуулга уулзалт болов. Эдийн засгийн хямрал нүүрлэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар уначихаад байна гэсэн учирлал дунд зохиогдож буй энэ жилийн чуулга уулзалтад ердөө 300 төлөөлөгч оролцсоныг хэвлэлийнхэн онцоллоо. Тоо нь тийм чухал биш байх. Харин юу  ярьж чуулав. Ерөнхийдөө урьд ярьсан зүйлүүдээ л давтан ярьсан гэхэд болно. Төр ямар таатай эрх зүйн орчин бий болгосноо ярьж гадаадынхан бараг дуугарсангүй сонсчээ. Одоогийн хөрөнгө оруулалтын учир зовлон сайн мууг нийлүүлэн харвал хөрөнгө оруулалтыг даллах бас үргээх хоёр зэрэг явагдсаар байна гэж хэлж болохоор байгаа юм.

1

Хөрөнгө оруулагчдын  эргэлзээ ба Оюутолгой

1

“Дисковер Монголиа-2014” чуулсан хөрөнгө оруулагчдын байр суурь хийгээд шинжээч ажиглагчдын дүгнэлт явсаар нэг үзүүр дээр очиж байгаа юм. Энд Оюутолгой буюу Монголын Засгийн газар РиоТинто хоёр хэр ойлголцож далд уурхайн хөрөнгө оруулалтын гацааг хэрхэн гаргахыг гадныхан ажиглаж хүлээж байна гэсэн үгс байгаа юм.

1

Оюутолгой бол Монголын төдийгүй дэлхийд яригдсан том хөрөнгө оруулалт байтал эхний шатаа дөнгөж даваад жил гаран гацлаа. Анхнаасаа гэрээний алдаа байсан уу, байсан. Рио Тинтогийн талд зарим нэг заалтыг ашигтай байдлаар хийж өгсөн үү, өгсөн. Үүгээр дотооддоо хангалттай маргасан, талцсан. Гэхдээ нэгэнт галт тэрэг хөдөлсөн байсан тул араас нь зүүгдэж чаргууцалдах нь гутлын зулгаа барж дэмий тоос босгохоос өөр юмгүй болсныг бид өнгөрсөн хоёр жилд харлаа.  Оюутолгойг хэдий чинээ эргэж ноцно бид төдий чинээ хохирох давхар дэгээнд манай төр эхнээсээ орсон байна. Энэ бүхний эцэст дэлхийд өөрсдийгөө тогтворгүй гэж сурталчлуулахаас өөр үр дүнгүй мухардсан байдалд орж гадаад валютгүй болсон эдийн засаг сөхрөх дээрээ тулж ирсэн нь бултаж гарахгүй үнэн.

1

Одоо хөрөнгө оруулагчид хилийн цаахна ирчихээд Оюутолгойг хараад хүлээзнээд байна гэж зарим хэсэг нь үзэж байна. Яагаад. Энэ нь манай ужиг суурь өвчин болох улс төрийн тогтворгүй байдал, уул уурхай дахь төрийн хэт оролцооноос хол үргэсэн хөрөнгө оруулагчид Монголд “юм” хаяхад эсрдэлгүй болсон гээд хэлчих ганц бодит жишээ хараад байгаатай холбоотой гэж үзэж байгаа хэсгийн саналыг шууд үгүйсгэх аргагүй юм.

1

Өнгөрсөн алдаа өнөөдөр ч өнгөлж байгаа

1

Өөр юу дутлаа гэж хөрөнгө оруулагч эрхмүүд гэдийгээд байгаа вэ. Манай төр хөгжлийн урт, бүр дунд хугацааны тодорхой хөтөлбөргүй мэт явж ирсэн ба хөтөлбөр гээд хүнд үзүүлэх цаас байлаа ч үүнийг нь эрх барьсан намын үзэмжээр, хандивлагчдынхаа эрх ашигт тааруулан цоохорлож өөрчилсөөр ирсэн. Хэрвээ хөгжлийн хэтийн зорилт, стратегидаа хөрөнгө оруулалтыг татах нь манай улсын эдийн засгийн нэг артер судасны нэг салаа мөн гэж суулгасан л юм бол 2012 онд сонгуулийн босгон дээр хийсэн хөрөнгө оруулалтыг үргээсэн хуулийг хэзээ ч батлахгүй байх ёстой байсан. Энэ нь явсаар сонгуулийн бохир тогтолцоо, төрийн эрхийн төлөөх бэлэн мөнгөний амлалт гаарсан сонгуулийн хар мөртэй холбогдож ирнэ. 2007 онд Гэнэтийн ашгийн татварын тухай хууль гаргаж хүний олборлосон алтны 68 хувийг төр нь дээрэмдэж эхэлсэн. Энэ нь тухайн үед төсөвт их мөнгө хүчээр татаж улс төрийн бодлогогүй амлалт, популизмаа барагдуулах гэсэн л нэг арга байсан байх. Гэхдээ үүний үр дагавар нь явсаар өнөөдөр ам.долларын хомсдол, эдийн засгийн уналт болж иргэдийн нуруун дээр бууж байна.

1

Манай төр баригч улс төрийн намуудын 4 улирал шигээ эрс тэс өөр өөр, тогтворгүй хувирамтгай, чиг баримжаагүй авирыг гадныхан мартсан гэвэл гэнэн тэнэглэл болно. Тэд 2012 онд батлагдсан хөрөнгө оруулалтыг чангалсан хуулиас дахин сайн хаширч хол үргэсэн тул одоо тийм амар наашлахгүй. Хөрөнгө оруулалт эдийн засагт том цус сэлбэх нь өнөө маргаашийн эрх зүйн өөрчлөлт найр тавьсан уриагаар бус удаан хугацааны төлөвлөлт стратегитэй төрийн бодлого, үйл ажиллагаагаа, улс төрийн болон эрх зүйн тогтвортой байдлаар хөрсжиж биеллээ олно гэдгийг “ногоон” хаданд гарсан хүлээлтийн нэг жил бидэнд хэлж өглөө. Үнэгүй юм гэж байдаггүй гэдэг шиг болзолгүй баталгаагүй орчинд хийгдэх хөрөнгө оруулалт гэж байхгүй.

1

Дотоодын үргээгчид

1

Хөрөнгө оруулагчид зайгаа барьсаар байгаа нь дотоод шалтгаантай гэж болно. УИХ-ын намрын чуулган ойртохын хэрээр чимээлж байгаа. Засгийг огцруулах сураг хөрөнгө оруулагчдыг дахин үргээх “хонх” болж байгааг үгүйсгэх учиргүй. Нэг телевизээр “засгийн газар огцрохоор дараагийн ерөнхий сайдыг хэнийг байвал зөв гэж та бодож байна” гэсэн төгс асуултыг нэг сэтгүүлч тавьж, тодорхой улс төрийн нөлөө бүхий зүтгэлтэн төрийн хүн дараагийн ерөнхий сайдын талаарх саналаа мөн тодорхой нэр устай нь танилцуулж хариулж байхыг хальт сонслоо. Бид үүнийг намуудын улс төр гэж өөр хоорондоо ойлгох ч отоонд суусан хөрөнгө оруулагчдад бол энэ нь төрийн тогтворгүй байдлын нэг том жишээ болж, шинжээчийнх нь хавтсанд тогтворгүй хэтийн төлөвийн том үндэслэл болж үлдэх юм.

1

Үүний цаана эгзэгтэй энэ үед цаагуураа нэн хортой тусгалтай аяг авир гаргадаг зарим нэг “тодорхой” сонирхол бүхий ТББ-ууд, хөдөлгөөнүүдийн гоомой мэдэгдэл бас бий. Тэдний байнгын шахуу хөөж туусан мэдэгдэл нь гадаадынханд зарим талаар заналхийлэл болж сонсогдох хэмжээнд хүрч сөргөөр нөлөөлж байгааг хэлэх хүмүүс байгаа. Монголд хөрөнгө оруулж бизнес хийснийхээ төлөө шулаач, цөлмөгчөөрөө дуудуулаагүй, шахалт шаардлагыг нь мухарлахын тулд хөдөлгөөнүүдэд мөнгө төлөөгүй хөрөнгө оруулагчид гэж бараг байхгүй гэхэд болно. Үгүйдээ л иргэний хөдөлгөөнүүдийн босгосон сөрөг сурталчилгааг залруулах гэж хэвлэл нийтлэл, телевизийн нэвтрүүлэгт цацсан мөнгө нь хэдэн хүнийх нь нэг жилийн цалинтай тэнцэж байгааг асуувал нэг тоо хэлэх л байх. Байгал эх дэлхийгээ хамгаалж байгаа гэсэн ариун, эх оронч уриатай хөдөлгөөнүүдийн буруу зөвийг улстөрчид лав зоригтой дуугарч хэлж чадахгүй. Хуулиа л дагана гэдэг шиг бөөрөнхийлөөд л өнгөрч байна. Үүнийг тооцвол  хөрөнгө оруулагчид манай оронд хуулийн тун хэврэг хамгаалалт, мөн олон нийтийн зүгээс байнгын дарамтад байгаа нь тодорхой. Иргэний хөдөлгөөнүүдийн сүүлийн үеийн мэдэгдлүүдийг харахад тодорхой асуудал, эрх зүйн зохицуулалт, зүйл заалт дээр саналаа хэлж иргэний дуу хоолой төлөөлөл болох нь тун цөөрч, хийрхэл давамгайлсан, хөрөнгө оруулалтын орчин, гадныханд нөлөөллөө тогтоох гэсэн  явцуу хэлбэртэй “цогтой тэмцэгч” нар болж хувираад байгаа нь харагдаж байгаа. Хэсэг бүлгийн эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү тавигдах зарчим биеллээ олсноор “эх оронч” гэдэг эрхэм ойлголт бас давхар хадгалагдана гэдгийг хөрөнгө оруулагчдын эсрэг үргээлэг хийгээд байгаа энэ хэсэгт хэлж сануулах ёстой.

1

Хөрөнгө оруулагчид өөрсдөө ирнэ

1

Төгсгөлд хэлэхэд, нэг хууль батлаад үүнийхээ ард төдөн сая ам.доллар цутгана гэж хөөрөн зарладгаа ч яам тамгын дарга мяндагтнууд бодох хэрэгтэй мэт санагдлаа. Төр тунгалагжиж, тогтвортой байж авилгаас ангижирч, бодлого нь бохирдлоос гараагүй цагт доллар багцалсан хөрөнгө оруулагчид орж ирэх нь хол байна гэсэн сүүлийн дүгнэлт дээр бид одоо төвлөрөх ёстой болж байна. Улс төрийн алдаа хийрхэлийг нэг мэдэгдлээр цайруулж эс бол сонгуулийн ялагдлаар хүлээдэг бол эдийн засгийн засагт үсэрхийлсэн улстөрчдийн амбиц, ойворгон, алдааг залруулж, бодлогын бохирдлыг арилгах гэж хэдэн жилээр хичээгээд барахгүй байгааг бид одоо харж байна. Төрд байгаа алдаа бүхний заслыг энэ намрын чуулганаас эхлүүлэх хэрэгтэй юм. Улс төрийн намуудын хууль, сонгуулийн шинэ тогтолцооны хууль энэ намрын чуулганаар төрөх ёстой. Эдгээр хууль зөв төгс бууснаар стандарт бус хуурмаг хөгжилд биднийг хөтөлсөн он жилүүд эцэс болж төр бизнес гэсэн зүй бус нэгдлийг задалж, нам дамжсан олигархуудаас хоёр яс салгаж өгч магадгүй юм. Тэгсэн цагт хөрөнгө оруулагчид эрх зүйн нээлттэй орчны дагуу бидэнтэй хамтарч шударга бизнес хийхээр өөрсдөө ирэх юм.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
hhhh:
uursdiin compania demjeh heregtei de. gadniihan gej hul aldaad yamar hereg bna.
2014-09-08
merged aildsan ni:
munge aldval bagiig, ner hundee aldval ikhiig ,,,,aldana gej merged aildsan baidag ajee. buu martagtun.
2014-09-08
ard tumen:
muu neriig husavch arilahgui, sain neriig hysevch oldohgui gedeg manai ardiin mergen surguuliig martaj bolohgui , martval uls dampuurah tul dahiad aldahguig bugdeeree hicheeye.amjilt.
2014-09-08
uhaalag turiig harj baigaa daa:
uhaalag tuiin alsiig harsan tsever bodlogiig huleen hartsgaaj baigaa bolov uu.
2014-09-08