Сурцгаа дүү нар минь
2014-09-05

Эх оронд минь тэр дундаа нийслэл хотод хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ.  Арга ч үгүй биз. Шинэ хичээлийн жил, шинэ амьдрал, шинэ өдөр хоногууд айсуй. Сургуулийн сурагчид, оюутан залуус зуны гурван сар уулзаагүй найз нөхөдтэйгээ, ангийнхантайгаа уулзаад баяр хөөрөөр бялхсан сар яах аргагүй энэ үе.

ы

Манай улсын боловсролын салбар нэг хэсэг шаварт суусан машин дугуй нь эргээд урагш хөдөлдөггүйтэй адил болж хэмээн нэлээд шүүмжлүүлж байсан. Харин одоо энэ салбарт боломжоороо л өөрчлөлт гарч байгаа сайшаалтай.  Л.Гантөмөр  сайд ирэх дөрвөн жилд боловсролын системд шинэчлэл хийнэ гэдгээ мэдэгдсэн нь оргүй зүйл биш аж.  Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн стандартад томоохон дэвшил гарчээ.

й

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн нэг сая 359 мянга 822 ширхэг сурах бичиг, 28 нэрийн ном хэвлэгдэж буй. Үүнд 3.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 86.8 хувь нь төрөөс үнэгүй олгож буй сурах бичгээр хангагдаж байгаа таатай мэдээ эцэг эхчүүдийн магнаг тэнийлгэлээ. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг хэвлэгдэж байгаа аж.

й

2014-2015 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 85 орчим их, дээд сургуульд 180 гаруй мянган оюутан суралцаж байгаа билээ. Монголын хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан “Хичээлийн шинэ жил”  мөнгөн хонхны дуутай сүрлэг сайхан эхэлсэн шигээ ариун эрдмийн зам нь дардан байдаггүй. Сэтгэл догдлуулсан, мэдлэг сорьсон, аз мэдсэн элсэлтийн шалгалт ард үлдэж шинэхэн оюутан болсон залуусын өмнө олон асуудал тулгарна.

й

Ямар ч мэргэжлээр элссэн бай чиний хийх зүйлсийг эх орон чинь бас аав ээж чинь хүлээж байгаа. Өөртөө байгаа бүхнээ оюутан хүү, охиндоо харамгүй өгсөн шүү. Өр зээл тавиад хүү охиноо  оюутан болгосон олон эцэг эх бий. Хүн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв авч явах нь зөвхөн тухайн хүндээ илүү хамаатай мэт боловч нийгэмд хүлээлт үүсгэн адил утгатайгаар харж байдаг.

й

Эрдмийн их далай болсон сургуульд, оюутан хэмээх далайчин завиндаа суулаа.  Нийгэмд цоо шинээр хөл тавьж, бие хүн байх эрх чөлөөг мэдэрч, өөрийнхөө амьдралд эзэн нь байх ухамсартайгаар бие даан оролцож, дурсамж, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг илүү баялаг болгох сайхан боломж энэ гэлтэй. Гэвч таатай сайхан нөхцөлд хандаж буйгаас эцсийн үр дүн нь шалтгаална.

й

"Оюутан байх нь их сайхан, чөлөөтэй, бие даасан орчин" гэсэн бодол, сэтгэлд чи хэрхэн хандаж байна вэ? Тиймээ, оюутан байх нь яг л ийм. Харин их сайхан зүйлд муухайгаар хандвал муу л үр дагавар бий болно. Эрх чөлөөтэй, бие даасан гэсэн санааг хичээлдээ суусан ч, суухгүй байсан ч, боловсролтой байх, эс бөгөөс огтхон ч сурахгүй байх нь ижил утгатайгаар хамаарна гэвэл эндүүрч буй.

й

Өнөөгийн залуус бид их дээд сургуульд сурч төгсөөд л дээгүүр албан тушаалд очих сонирхолтой байдаг. Баргийн ажлыг голж шилдэг. Гэтэл үнэн хэрэгтээ хүн мэргэжлийг голдоггүй мэргэжил хүнийг голдог шүү дээ. Монголчууд “эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээдэг. Үнэхээр мэргэжлээ сонгоод амьдралын их далайд сэлүүрдэн яваа оюутан залуусын маань хичээл зүтгэлээс эх орны минь ирээдүй харагдана.

й

“Тэвчээртэй хүнийг тэнгэр тэтгэдэг” гэдэг. Асар их тэвчээр, уйгагүй хөдөлмөрийн үр шим хэзээ нэгэн цагт ирэх нь дамжиггүй. “Залуу хүнд зорилго байхгүй бол эх оронд ирээдүй үгүй” гэдэг. Эх орныхоо ирээдүйн хөгжлийн алтан түлхүүрийг нэр төртэй атгалцах сурагч, оюутан залуус маань ариун эрдэмдээ шамдан суралцаж амжилт гаргах нь хамгаас чухал. ”Залуу нас, оюутан үе  гэдэг сайн чанарын брэнд юм болов уу гэж хааяа бодогддог. Үнэхээр тийм. Ийм сайн чанарын брэндийг дэлхийд гайхуулах цаг ойрхон байна. Гагцхүү эцэс төгсгөлгүй их эрдмийг судалж байгаа оюутнууд та нараас л хамаарах юм шүү.

й

Боловсрол бол хүний амьдралыг бүхэлд нь өөрчлөх чадвартай. Гагцхүү хүн түүнийг өөртөө хэрхэн зөв ашиглахаас шалтгаална. Бид боловсролыг мөнгө гэж бодвол их дээд сургууль төгссөн хүн бол мөнгөтэй хүн. Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой аврахгүй оюунтай л толгой аварна гэдгийг хаа хаанаа ухаарах цаг иржээ. Тийм ээ эх орны хөгжлийн Алтангадас болсон оюутан залуусдаа амжилт бүтээлийн охь дээдийг хүсье. Сурцгаа дүү нар минь сурцгаа. Ариун эрдмийн зам нь ашид дардан байх болтугай.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
boldhet:
saihan bichjee, bayarlalaa. neeree l oyuyntai tolgoi avarna shvv de!!!
2014-09-06
ganaa:
oyutan zaluustaa amjilt husie
2014-09-05