ОРОС АХ НАР гэх нэрийдэл Халх голын дайны үеэр л бий болсон хэрэг. Коминтерний бодлогын харгислалд, Кремлийн шууд нөлөөн доорх хэлмэгдүүлэлтийг цагаатгасан Халх голын дайн Оросын ард түмэн өөрөө тийм биш юм аа гэдгийг харуулсан. Орос Монголын харилцааны өнгөрсөн зууны түүх Богд хаант Монгол Улсын үеэс эхлэлтэй. Манжаас салах гэж хэрээрээ тэмцсэн Монголын төлөөлөгчдийг Николай хаан хүлээн авч уулзан, тусламж үзүүлэхээ амлаж байлаа. Харамсалтай нь 1915 оны Хиагтын гэрээгээр хоёр гүрний ашиг сонирхлын бүс нутаг өөртөө засах автономит улс гэх статусыг тунхагласан нь монголчуудад хүндээр туссан. 1921 онд тэдний хүчээр улс гэрээ эмхлэн байгуулах боломж бий болсон. 1923 онд монголчууд энэ тусынх нь хариуд тэдэнд худалдааны онцгой зөвшөөрөл өгсөн. Эсэргүүцсэн нэг нь Коминтерний илдэн дор амиа тавьсан. 1924 оны Үндсэн хууль үнэндээ эсэргүүцэгчдийг намнах гол зэвсэг болсон нь бодит үнэн.
.
Халх голын дайн бүхнийг өөрчилсөн. Монгол цэргүүдийн өмнөөс дайралтанд оролцохдоо, -Та нар цөөн, бид олуулаа гэж хэлээд л нуувчнаас ухасхийн босч байлаа. 1939 оны 8 дугаар сард Японы 6 дугаар армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй дайчин байснаас 52000-55000 цэрэг, офицер жагсаалаас гарч, 25000 гаруй хүн амь эрсджээ. Зөвлөлтийн хохирол 25655 болж, дээр нь Монголын талаас 556 хүн гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэдэг нь энэ улс Монголын бүрэн бүтэн байдлын төлөө юу хийснийг бэлхнээ харж болно. Энэ үеэс монголчууд ОРОС АХ НАР хэмээн нэрлэсээр ирсэн юм. Улсыг маань улс шиг болгоход 1945 оны Ялтын гэрээ, НҮБ-д гишүүнээр элсэхэд ЗХУ л хамгийн их нөлөөг үзүүлсэн. Халхавч жийргэвч гэсэн геополитикийн бодлого байсан л байх. Гэхдээ тэр бүхнээс Монгол хожиж гарсан. Тиймээс бид ОРОС АХ НАР гэж нэрлэдэг. Алдаа онооны дэнсэн дээрх ЗХУ, Монголын бүхий л салбарыг хөл дээр нь босгохын сацуу өөрөөсөө хэт хамааралтай болгосон. Эмнэлэг эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, аж үйлдвэр, хот барилгажилт гээд дурдвал өчнөөн гэгээн дурсамжийг тэд л бүтээсэн. Тиймээс бид ОРОС АХ НАР гэж нэрлэдэг.
.
Угсаатны хувьд тэд биднээс хамаагүй дүү. Монголын угсаа 2200 жилээс эхлэх бол эртний славьянчууд төрт улсаа Киевээс эхлүүлэн монголчуудын ноёрхлоор өрнүүлж, Петрийн шинэчлэлтээр төгөлдөржүүлсэн. Киев, Москвагийн вангууд Монголын эзэнт гүрний их хаан Мөнхийн өргөөнд бараалхаж, ах дүүсийн тангараг тавилж байсан нь найман зууны тэртээх үйл явдал. Польшийг номхруулж, өрнөөс халдан довтолгоог таслан зогсоосон нь мөн л тэртээх зууных. Тэр үед оросууд монголчуудыг татар ахан дүүс гэж нэрлэдэг байж. Хожмын түүхэнд татаруудыг эрлэг аймшгийн туйл гэж түүхчид нэрлэсэн ч өнөөгийнхөн арай ул суурьтай хандаж өрнө дорныг холбох гүүр гаргахад монголчуудад слав цустан тусалсан гэж бичих болов. Түүхийг гуйвуулж болно. Харин үндэстний оюун санаанд боргилох санамжийг хэн ч үзэгний үзүүрээр арилгаж үл болно. Ямар ч орос хүнийг гурав маажихад татар цус оргилно гэж өрнийнхөн хэлэлцдэг нь өнөө ч амь бөхтэй. Түүхийг гуйвуулсан олон зуун жилд манай хоёр ард түмний дундах үйл ойлголцлыг лавшруулж байсан ч бие биенээ ах дүүсийн ёсоор ямагт тэврэн ёсолсоор ирсэн нь хоёр ард түмний бахархал.
:
Өнгөрсөн зууны туршид тэд АХ НАР маань байлаа. Ахан дүүс гэж нэг л утгатай үг. Нэг нь ахархаж ихэрэхгүйгээр нөгөө нь даруулж байна гэдэгтээ бус харилцан ахан дүүсийн барилдлага чухал. Бөмбөрцөг дээр ийм он удаан жилийн гүн нягт харилцаатай ард түмэн олон бий гэж үү. Монголчууд бусдын тусыг мартдаггүй ард түмэн. Тэдний бидний төлөө урсгасан цус, тэмүүлсэн сэтгэлийг юутай ч зүйрлэшгүйг энгийн нэгэн нь ч мэднэ. Тиймээс тэднийг ОРОС АХ НАР гэдэг юм. Төрийн бодлогоос илүүтэй ЭВ МОДНЫ НАЙРТ нүүдэлчин, тариачин орос хоёр найрамдлыг илүү их бататгана.
.
Н.Бадамжав