Бусдын толгой дээрхийг харахаас илүү өөрийнхөө толгой доторх буруу зөрүүг ухааран таньж чаддаггүй нь бидний хөгжил дэвшлийн гол саад тээг. Хоорондоо эв зүйгээ олоод ажлаа урагшлуулж чаддаггүй, нэгэнтэй хэлэлцсэнээ нөгөөд муушаан буруутгаж явдаг нь нийгэм эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг улам бүр гүнзгийрүүлнэ. Аль эрт зөвшилцөөд төмөр замаа тавьчихсан, боловсруулах үйлдвэрүүдээ барьчихсан бол өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг торох юмгүй давчих байлаа. Хоорондоо хэрэлдэж уралцсаны хариуд хэн хожив. Бүгд л алдлаа шүү дээ. Нийтийн эрх ашиг гэхээсээ илүү хувиа бодож довоо шарлуулсны гай үнэхээр хүнд тусч байна даа. Гаргасан хууль тогтоомж нь биелдэггүй, наашаа харж инээгээд цаашаа хараад худал хуурмагийн баг зүүчихдэг Монголын төрд гадаадын хөрөнгө оруулагчид нэг хулхидуулна. Хоёр дахиа бол гонж шүү дээ. Тэр тусмаа гуравдагч орны хөрөнгө оруулагчид биднийг сайн мэдэхгүй болохоор “Пээ ёстой хамтармааргүй улс байна” гээд төрөл арилжина.
6
Өвгөөс үлдээсэн энэ газар шороо бүхий л түүхийнхээ туршид анх удаа олдсон маш том боломж байлаа. Бид дангаараа хэзээ ч ашиглаж чадахгүй. Тэр тусмаа дэд бүтэц маш муу хөгжсөн, хүн ам нь тархай бутархай оршин суудаг, хөдөлмөрийн бүтээмж нь нэн дорой Монгол бусадтай хамтрахгүйгээр энэ боломжийг ашиглаж чадахгүй. Хоёр хөршдөө шулуулах вий гэж айхдаа үндэстэн дамнасан том корпорациудад санал тавьж царайчилж эхэлсэн нь саяхан. Тэд ч дуртайяа гараа сунгасан. Өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр хүний мөнгөөр уурхайгаа малтуулж ашгаа голоор нь хуваачихья гэлээ. Хэт эх орончдын буянаар ард түмний ашиг 61 хувиас дээш гээд хуульчилсны харгайгаар хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаад эхэлсэн. Ашгаас нь хувь хүртээд хэдийн боловсруулах үйлдвэрүүдээ барьж нэмүү өртөг шингээгээд гаргачихсан бол эцсийн бүлэгт бид л хожих байлаа.
6
Хятадын төрийн тэргүүн айлчлаад буцлаа. Олон ч хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэлээ. Монголчуудад итгэлгүй ханддаг болсны харгайгаар хүссэн дорвитой хөрөнгө оруулалт ирсэнгүй. Яахав бидэнд мөнгө, техник технологи, зах зээл нь байна. Та нар харин асуудалд яаж хандаж байна гэж тандаад асуулаа. Манай ихэс дээдэс бүлтэгнээд хариу хэлж чадсангүй. Төмөр замын бодлогоо боловсруулж байна гэсэн шүү займчуу хариулт өгөсхийгөөд өнгөрүүлэв. Яг бодитой ямар хамтын ажиллагаа байна гээд лавшруулахаар хэрэлдээд учир зүйгээ олохгүй байгаагаа зөвшилцөж байгаа гэсэн сайхан үгээр хуурсхийв. Дотор хүн хойно “Аан тийм үү. Тэгэлгүй яах вэ” гэх боловч, “Өө дэд бүтцийн асуудалд мөд шийдэгдэхгүй юм байна” гэсэн ойлголттой болоод л нутаг буцав. Хэдий муу хэлэвч хөрштэйгөө мөнхөд хаяа дэрлэхээс хойш ул суурьтай хандаж чадсангүй. Дэд бүтцийн асуудал дээрээс болоод өмнөд хөршийн тэрбум гаруй хүнтэй том зах зээл үүд хаалгаа зурвас төдий нээгээд монголын төрийн бодлогыг хаашаа эргэхийг хүлээж сууна. Тэдэнд ашигтай, бидэнд түүнээс ч илүү ашигтай байсансан.
6
Хэдхэн хоногийн дараа хойд хөршийн төрийн тэргүүн айлчилна. Бас л бөөн итгэл найдварын нүдээр харж байгаа. Шийдсэн асуудал алга. Эрхэм гишүүд найр наадам хэсээд УИХ нь таг чиг, Засгийн газар нь айлчлалтай холбогдуулаад ганц хуралдаан хийхчээн болоод өнгөрөх нь. Өмнө нь ч миний бие бичиж байсан. Энэ том хоёр айлчлалаас том хожоо унагах боломж бий шүү гэж. Ядаж төмөр замынхаа асуудлыг ээлжит бус чуулган зарлаж байгаад ч болов тохиролцоонд хүрье гэж. Ард түмний төлөөлөл юм бол улс орныхоо эрх ашгийн үүднээс нэг ширээнд суугаад гар барилцаад асуудлаа шийдмээр.
6
Нэг том айлчлалыг бид алдлаа. Одоо хойд хөршийн тэргүүний айлчлал үлдсэн. Хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд төмөр замын асуудал багтсан байгаа. Зүүн Ази улмаар Хятадын дотоод гүн рүү тэмүүлэх төмөр зам Монголоор дайрвал ашигтай гэдгийг Оросын хэвлэлүүдээр шуугиад эхэлчихсэн. Нөгөө талаар Монгол малын махаар Алс Дорнод, Сибирийн хэрэгцээг хангахад элдэв төрлийн дарамт шахалт үзүүлэхгүй гэсэн бодлого баримталж байгааг элчин сайдынх нь ярианаас цухалзаж байна лээ. Харин бид энэ бүх гэнэтийн сюрпризийн хариуд ямар давхар олз ашиг унагаах вэ гэдгээ ярилцаж шийдэлд хүрвэл зүгээр юмсан.
6
Улс орны хөгжил гэдэг чинь хувь хүмүүсийн сэтгэлгээ болон өөрчлөлтөөс эхэлдэг. Бид хэдий чинээн зөв сэтгэж, зөв ухаарч, зөв мэдрэмжээрээ байхыг хүсч, үүнийхээ төлөө нэгдэж чадвал хөгжил маань төдий чинээн хурдан байна шүү дээ. Төрийн албан хаагчид нь "ажил хэрэгч" байж, сэтгэл зүрх нь Монголын хөгжлийн төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө "шаналж" байдаг бол бид хөгжинө дөө.
6
Н.Бадамжав