Үнэхээр өвөрмөц өдөр юм. Хүүхэд багачуудын инээд хөөр тэр хавьдаа бол машины чимээг нам дарж байна. Өвөр дүүрэн мөнгөгүй ч хүний дор орохгүй гэсэн хор шартай шинэхэн НЭГ-ийн оюутнууд бие биеэсээ дөлсхийн тойрч дээд курсийн “том” ах эгч нарыг хүндлэнгүй харж зогсох юм. 10 жилийнхэн бол тодорхой. Ижилдэн дассан ангийнхан эцэг эхийг нь орлох багш нь байна. Засвар хийгдсэн цэвэрхэн цэлгэр танхимдаа суунгуут анги даасан багш нь хонх дуугарахаас өмнө амжиж хэн нэгний эцэг эх завсарын мөнгөө өгөлгүй бултсан талаар хэлж сануулснаар энэ хичээлийн жилийг эхлүүлж байж ч магад.
5
Харин гадаа багынхан жигдэрсэн нь содон харагдсан. Толийтол самнасан үсэндээ нар ойлгосон 6 настнууд багшийнхаа өөдөөс нар сөрөн онийж ирээд харж байна. Дараах яриа өрнөж байна.
5
-Ээж . Энэ эгч хэн бэ?
-Багш нь. Чамд эрдэм ном заана.
-Би эрдэм ном сурч яах юм бэ?
-Эрдэмтэй хүн болоод аав ээжийгээ баярлуулахгүй юу.
-... аан. Энд ангид тоглоом байгаа юм уу?
-Сургуульд чинь тоглоом байхгүй ээ. Харин гоё зурагтай ном үзээрэй за. Олон жоохон найз нар байгаа.
-Олон найзтай болох юм уу?
-Тийм. Бүгдээрээ гоё дуулж бүжиглэнэ. Багшийнхаа үгэнд ороорой за.
-Энэ эгч ... багш тэгээд намайг загнах уу?
Багш -Үгүй ээ, ийм хөөрхөн сэргэлэн цовоо хүүхдийг юу гэж загнах вэ. За одоо ангидаа орцгооё гэж байна.
5
Хүү итгэл муутай ч багшийнхаа тэнийсэн алганд бяцхан гараа өгч хөтлүүлэх юм. Төдөлгүй үе тэнгийнхний хамт нэг жагсаалд нэгдэж ээж рүүгээ эргэн эргэн харсаар баяртай гэж бяцхан гараараа дохиод ангийнхаа “алтан” босгыг давлаа. Хуучнаар бол энэ бяцхан хүү болон бусад найз нар адилхан л нэг үеийнхэн хэрнээ хичээлийн явцад сайн муу, тааруухан хүүхэд гэж “ангилагдана”. Энэ нь багшийнх нь өдөр тутмын хандлагаар тархинд нь батажсаар “би тааруу хүүхэд” гэсэн ухамсар болж тархинд нь гүн бат сууна. Анх бүгдийг нь хөөрхөн, ухаантай хүү гэж магтаж байсан багш улирлын дараа чи сайн, чи муу байна гэж ялгаж эхэлнэ. Энэ нь багш хүүхдийг муу хүүхэд гээд байгаа бус өөрийнх нь заасан ярьсныг өөрийн тархиндаа хэрхэн буулгаснаас нь хамаарч бий болсон үнэлгээний үр дагавар.
6
Дээхнэ бол онцчууд, дундчууд /эх орны алтан гурав/ тэгээд муучууд гэж байлаа. Бүр нэгдүгээр ангидаа олж авсан энэ ангиллаасаа дээш гарч шат ахиж төгсөх нь тун ховор. 10 жилийн дараа онц нь онцоороо их дээдэд конкурсдэж, алтан гурвууд барилгын ТМС-д ногоон гэрлээр ордог байв. Ногоон ноль “хоёр” сурдаг ч арай гайгүй нэгийг нь хөдөлмөрч гавшгайч хамт олны халамжинд өгдөг байлаа. Тэндээ ажилчин ангийн эгнээнд багтах итгэл олж чадвал мэргэжил эзэмших курст явах юм.
6
Алтан гурвуудын дунд гайхамшигтай зурдаг, сайхан дуулдаг бүжиглэдэг, шүлэг бичдэг хэний ч дор орохгүй амьдраад явчих авьяастай мэдрэмжтэй нэгэн байх. Нэгэнт л муу сурлагатан гэсэн ангилалд орсон бол энэ авьяасаа хөгжүүлж дээшээ гарна гэж саналтгүй. 10 жил хий эргэсээр нэг төгсөхөд амьдралынх нь гараа ч мөн доод ангиллаас эхлэнэ. Мэдээж насны хоймор гараад ирэхэд “би уг нь ингэж явахгүй хүндээ” гэж санаа алдана. Ингэхдээ алдааг нь тоолж муу дүн тавьж доод ангилалд оруулсан багын багшдаа хэзээ ч гомдохгүй. Болж өгвөл баглаа цэцэг, хайрцаг набор, шил юмтай оччих юмсан гэж ангийнхныгаа уриална. Ухаантай жудагтай л хүмүүс байсан хэрэг. Нэгэн нарны доор адилхан л үрс аав ээжийн хайртай хүү охин ухаантай, цовоо сэргэлэн гэж магтагдаж байснаа ардын сургуулийн алтан босго давангуутаа тааруу хүүхэд, хоцрогдолтой сайн муу сурагч болон ангилагдаж “чихний хонх” нэр хоч зүүж эхэлдэг байлаа. Энэ нь багын багшийнх нь үзэмжээс болсон хэрэг ч бус ерөөсөө л манай боловсролын систем дэх хүүхдээ үнэлэх арга нь буруу байсан гэж салбарынхан одоо үзэж байна.
6
Саяхны хүртэл дээр өгүүлснээр багш хүүхдийг тухайн даалгаварт хэд алдсан алдаагаар нь үнэлдэг байсан хэрэг. Тэр үнэлгээ нь хэд хэд давтагдаад ирэхээрээ тэгээд тухайн хүүхдийн жишиг хэмжээ болоод тогтчихно. Мэдлэгийг нь бус алдааг нь тоолж үнэлдэг байхад хүүхэд бүр жигд үнэлэгдэж идэвх урмаар шагнагдах бус харин ч залхуу хойрго хөшүүн болж эхэлнэ. Сурагч математик дээр 10 бодлого бодсоноос 5 бодлого буруу бодсон бол “дунд”. Энэ нь хэд хэд давтагдахад тэгээд гүйцээ. Дунд сурлагатан ангилалд нэг мөр орно. Багш угтаа бол сурагчийнхаа зөв мэдлэгийн үнэлэх ёстой байтал 5-н алдаа байна гээд дунд тавьчихаж байгаа хэрэг. Харин одоо бол үүнийг өөрчилнө гэж байна. Цээж бичиг гэхэд 100 үгнээс 10 алдлаа. Алдаа тэнцүү арав, зөв тэнцүү 90 гэж үнэлнэ гэж байна. Хүүхэд би 90-ийг зөв хийсэн байна гэж урамшина. Үүгээр сурах идэвх нь нэмэгдэнэ. Хэн нэг “онц” хүүхэд эндээс цойлж гарч, хэн нэг муу хүүхэд сугарч үлдээд байхгүй. Хүүхдүүд жигд идэвх урамтай хичээлдээ оролцох уур амьсгал ангид бий болж эхэлнэ. Мөн бага ангид бол багш сурагчаа үгээр үнэлэх болж байна. Хангалттай, сайн байна, дөхөж байна гэж зэргээр. 4-5 ангид нь бол хувь өгч үнэлнэ. Гэхдээ чадаж байгаа мэдлэгт нь хувь өгч үнэлнэ. Харин 6-р ангиас A, B, C үнэлгээ үйлчилж эхэлнэ. Боловсролын системийн суурь шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа бага дунд боловсролын шинэчлэлийн зөвхөн нэг жижиг хэсэг энд хөндөгдөж байна.
6
“Би эрдэм ном сурч яах юм бэ” гэж ээждээ ундууцаж байгаа тийм алдрай гэнэн үрсийг бид ардын сургуульд орсон хойно нь сайн, дунд, муу гэж ангилан арай л “олгой толгойтой” гэж ад үзэх шахуу байдаг тэр хоцрогдлыг бага дунд боловсролынхон энэ жилээс бүрэн хална гэж байна. Үүний тулд багын багшийг ч шахуу хөтөлбөр төлөвлгөөт цагийн дарамтнаас гаргана гэсэн. Хэчнээн олон хичээлийг бага цагт зааснаар нь бус хүүхдүүдээ хэрхэн хөгжүүлж чадсан бэ, шавь нартаа бие даах чадвар, сурах идэвхийг хэр суулгаж чадсан бэ гэдгээрээ багын багш нар бие биендээ “гайхуулдаг” болох юм байна. Багшийн бага юм шиг энэ өөрчлөлт хүүхдийг маш их өөрчилж чадах юм. Хүүхдүүд нээлттэй чөлөөтэй болж хичээлдээ дуртай явж, аливааг сонирхох гайхах мэдэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлсэн эргэлт гэж болох өөрчлөлт багын сургалтад бий болно. Миний муу охин жоохон залхуудаа, мэдлэг нь төөрөлдсөндөө төрөлхөөсөө тааруухан хүүхэд мэт ангилагдахгүй. Багшийнхаа өгсөн урмаар маргааш нь бусадтайгаа л адил гэдгээ харуулж өрсөлдөх, өөрөө сэтгэж бодож хийх хүсэл дүүрэн хичээлдээ явахаар яардаг болох юм. Бидний хүүхэд азтай үед амьдарч байна. Тэд хэзээ ч муу сурлагатан, эх орны алтан гурав, ТМС-ийн тэнэг хүүхэд гэж ангилагдахгүй. Чадвар байвал сурах дэвжих сонголт нь нээлттэй байгаа.
6
Төгсгөлд хэлэхэд, 80-аад онд миний мэдэхийн нэг “алтан гурав” сурдаг бүтэхгүй гэгддэг эр ТМС ч үгүй хоцорсон санагддаг юм. Харин зах зээлд шилжсэний дараа манай хүн тэр хавьдаа ганц Герман машины завсарын газар нээчихсэн байж билээ. Намайг зорьж очиход машины цахилгааны схем уншчихсан, токарын машины ард тухтай гээч нь сууж байлаа. Мань эр тэр үед Бенз-190 машинд EXEL машины мотор суулгадаг болчихсон хашааных гаднаа машин олноороо дугаарлаастай байлаа. Тэндий дунд мань эрийг “энэ сурлагагүй хүн яаж амьдарна даа” гэж толгой сэгсэрч байсан тооны багш нь ирчихсэн “шавиар машиныхаа тогийг үзүүлж байна” гэчихсэн инээд алдан байхтай таарч байсан юм.
6
Энэ жилээс аль ч сургуулийн бага ангид тааруу хүүхэд, муу сурлагатан гэсэн ойлголт байхгүй болно гэсэн. Бага дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээлээ явуулах нэгэн жилийн эхний өдрийг багын багш нар өнөөдөр эхлүүлж байна. Ардын үрс анги танхимдаа хөөр баяртай, урам хөгжилтэй алаггүй сайхан байж, инээж хөгжиж байгаад эрдэм ном сураасай гэсэн их энгийн зүйлийг бид сургуулиас, багшаас нь хүссээр мөн ч их удлаа.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/