Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг, болж бүтэхгүй бүхнийг бид нийтийн тээвэр рүү чихдэг. Замын түгжрэл, бохир заваан орчин, соёлгүй үйлчилгээ, бухимдалтай жолооч, кондуктор гэхчлэнгээр муугаар хэлэх зүйл мундахгүй. Үнэн хэрэгтээ бодит байдал нь энэ. Муугаар хэлүүлж, ахиц дэвшилгүй өнөөдрийг хүрсэн нийтийн тээврийн салбар шинэчлэгдэх цаг болсныг дээр доргүй ярьдаг. Тэгвэл шинэчлэлийн эхлэл тавигдлаа. Харин бид шинэчлэлийн эхлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ? Элдвээр уур бухимдлаа гаргаж, харааж зүхэж буй шинэчлэл өнөөдөр түвэгтэй мэт байвч маргаашийн хөгжил дэвшлийн эхлэл гэдгийг бодолцох хэрэгтэй. Ганцхан замаар дахин арав, хорин жил сажлах уу эсвэл өөр замаар хүссэн зүйл рүүгээ давхих уу гэдэг нь та биднээс шалтгаална.
1
Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийг богино зайд шуурхай явуулах үүднээс 10 хоногийн хугацаанд шинэ үйлчилгээ нэвтрүүлж, дуусах шатандаа орж байна. Өмнө нь 70 гаруй чиглэлд өдөрт 920 орчим том оврын автобус үйлчилгээнд гаргадаг байсан бол одоо 50 орчим чиглэлд 800 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Ингэхдээ автобус хоорондын зай 2-7 минут. Энэ нь нийтийн тээврийн салбарын дэвшил, түүхэндээ анх удаа шинэ зүйлийг туршиж буй нь энэ. Товчхондоо бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн хувьсгал гэж хэлж болно. Давхацсан олон чиглэлд уралдан давхилдах автобусууд ямар зах замбараагүй байсныг та бид мэднэ. Дээр нь замын бөглөөс. Энэ мэт олон сөрөг үр дагавраас гарахад энэ шинэчлэл тусална. Засч сайжруулах, боловсронгуй болгох зүйл олон байгаа нь мэдээж. Явах чиглэлийг тодорхой болгож, иргэдийг мэдээллээр хангах, буудал бүрт зогсох гэх мэтээр иргэдийг бухимдуулж буй олон бэрхшээлийг шийдвэрлэх нь зүйн хэрэг.
1
Шинэчлэл зарим талаар хүндрэлтэй байгаа ч бидний халаасанд хэмнэлт авчирсан. Өдрийн турш 500 төгрөгөөр унаанд сууна гэдэг багагүй хэмнэлт. Хамгийн багадаа 1000 төгрөг цаашлаад өдөрт 2000, 3000 төгрөгийг зөвхөн унаанд зарлагадана гэдэг чамгүй зарлага. Дээр нь нэг айлаас 2-3 хүн нийтийн тээврээр зорчдог бол автобусны тасалбарт хөөрхөн мөнгө зарлагадана. Тэгэхээр энгийн иргэдийн хамгийн эмзэг асуудлыг хэдхэн хоногийн хугацаанд ч гэсэн хялбарчилсан гэсэн үг. Үүнийг хийхийн тулд нийслэлийн Засаг даргын нөөцөөс 1.3 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаас 1.8 тэрбум төгрөг гаргасан. Иргэдийн унааны мөнгийг хэмнэх цаашлаад нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн эхлэлийг тавихын тулд арав хоногийн хугацаанд 3.1 тэрбум төгрөг зарлагадаж буй. Харин энэ мөнгийг хэн нэгэнд ялархсан уур бухимдал биш дараагийн алхмын эхлэлийг тавих зөв ажил болговол бидэнд хэрэгтэй. Бид энэ удаа 10 хоногийг уурлаж, бухимдаад өнгөрөөж болно. Харин дараа дараагийн ажилд тухайлбал, нийтийн тээврийн төлбөрийг цахим системд шилжүүлэх эхлэлийг тавьж байгаа гэж харвал алсыг харсан дэвшил болно.
1
Дэлхийн метрополис хотын нэг Улаанбаатар бусдын жишигт нийцсэн нийтийн тээвэртэй байх ёстой. Харин тэр жишигт хүрэхийн тулд өнөөгийн нийтийн тээврийн үйлчилгээнд олон шинэчлэл хийх шаардлагатай. Шинэчлэл бүрт уурлаж, бухимдан, ажил сургуулиасаа хоцорлоо, халаасны хулгайч гаарлаа хэмээн бурууг бусдаас хайх нь зохисгүй. Үнэн хэрэгтээ халаасны хулгайч өмнө ч байсан, одоо ч байгаа. Магадгүй хойшид ч байх үзэгдэл. Харин ажил, хичээл сургуулиас хоцрох бол та бидний зохицуулах асуудал. Солонгосчууд нийтийн тээвэртээ өөрчлөлт хийж, хоёр жилийн дараа зөв гольдролдоо орсон гэдэг. Тэгэхээр бидэнд ч цаг хугацаа бас хүлээцтэй зан хэрэгтэй.
1
Монголчуудыг шинэ зүйлд, шинэ орчинд дасахдаа хурдан гэдгийг бид өөрсдөө ч мэднэ, гадныхан ч хэлдэг. Тиймээс ч харааж зүхэж байсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээндээ бид дасч эхэлсэн. Тэгэхээр шинэчлэлийг дээшээ ахидаггүй нийтийн тээврийн салбартаа дэвшил авчрах нэг боломж хэмээн харж, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад үзвэл ямар вэ, нийслэлчүүд ээ.
1
В.Бат