Сайхан мөнгө бүр ихээр халаасанд орж ирэх сураг гарч байна. Сануулаад байгаа нь хөрөнгө оруулалтын орчноо сайжруул гэлээ. Хэн элсэн дээр ус асгахыг хүсэхэв. Тэдний зөв. Асгаад ууршуулаад хаширсан хүмүүс ийм шаардлага тавих нь зүйн хэрэг. Сүүлийн арваад жилд баялгийнхаа хүчээр ой тойнд орохооргүй их хөрөнгө мөнгө цуглуулж амжсан. Юм болгож чадаагүй. Олсон мөнгөө иргэдийнхээ халаасанд баахан чихэж үзлээ. Ихэнхийг нь төрийн томчууд халаасалж үзлээ. Захаасаа л шоронд сууж байна. Луйварчин улс гээд бичээд эхэлсэн. Хүний мөнгийг авчихаад хөөгөөд явуулж байгаа улсыг луйварчин гэхээс өөр яахав.
s
Өмнөд хөршийн төрийн тэргүүнээс олон зүйлийг харж байлаа. Мөнгө бол байна. Харин та нар хэр түнш вэ гэдгээ л батлачих гэлээ. Ядаж ирэхэд нь төмөр замынхаа асуудлыг шийдчихсэн бол айлчлал илүү өргөн цар хүрээтэй, Монголд ашигтай байх байлаа. Аливааг хараар будаад яахав. Гэхдээ л бид Монголыг сонирхсон энэ их мөнгийг өөртөө шингээж чадахгүй байна. Эдийн засгийн бүтэц туйлын эмзэг байгаа маань хамгийн том алдаа болж байна гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай саяхан ярилцлагандаа дурдсан байна лээ.
s
Эдийн засаг хэр найдвартай вэ гэдэг асуулт хамгийн чухал болох нь ойлгогдлоо. Улс төр нь эдийн засгийн эрүүл солилцоог булингартуулаад эхлэхээр ямар гамшиг үүсдэгийг сонгуулиас хойш хангалттай харлаа. Нэг нь жадлан эсэргүүцнэ. Нөгөө нь хийх гэж тэмүүлнэ. Зоосны хоёр тал болохоор нөгөө талгүйгээр ямар ч асуудал шийдэгдэхгүй. Сүүлдээ сайхан холион бантан болно. Эдийн засгийн тулгуур баганагүй улс орон иймэрхүү хямралтай байнга тулгардаг. Өнөөгийн байдлаа харья л даа. Нийт эдийн засгийн орлогын дийлэнхийг уул уурхай бүрдүүлж байгаа. Ирэх таван жилд төсвийн орлогын 30 хүртэлх хувийг Оюутолгой, Эрдэнэт бүрдүүлнэ гээд хөгжлийн прогноздоо заачихаад байдаг.Басхүү 25 орчим хувийг уул уурхайн бусад ашигт малтмал бүрдүүлнэ. Хоёрхон жилийн өмнө төсөөлж байсан эдийн засаг өнөөдөр юу болж хувирав. Ашигт малтмалын орлогын 75 хувийг бүрдүүлдэг нүүрс 16.5, зэс 16 хүрэхгүй хувь болтлоо уналаа. Туйлын эмзэг бүтэц дагаад л намирчихлаа. Ноднингийн бүгдийг нь авч байсан зуун мянган төгрөгөөр өнөөдөр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийн талыг авч байна. Шийр зугаа гээд цөмдөг байсан аяга самар гурав дахин өндөр үнэтэй болжээ. Асар гайхалтай нь байгалийн нөхөн сэргээгдэх болон үл нөхөн сэргээгдэх асар их баялаг, борлуулах зах зээл, ажиллах хүчин байхад л Монгол ядуу байгаад оршиж байгаа юм.
s
Монголын баялгийг сонирхох зах зээл бий. Хоёр хөршийн тэргүүн нар ойр ойрхон айлчлаад байгаагийн учир шалтгаан энэ. Баялгаа нааш нь өгөөч. Газарзүйн байршил, дэд бүтцийн хувьд ч ойрхон юм. Нөгөөтэйгүүр дэлхийн улс төрийн геополитикт үл нөлөөлөх таатай орчинтой гээд л наашаа хандаад байдаг. Бид дотроо хагаралдаад боломжит орчноо нээдэггүй. МАН нь ч АН нь ч бусад улс төрийн хүчнүүд нь ч ТҮМНИЙ нэрийн өмнөөс хоосон уухайлаад даанч ажил хэрэг болохгүй юм.
a
Дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэж олборлодог Хятадын төрийн тэргүүн хоёр хоног Монголд айлчиллаа. Хэдийгээр урд хөрш нүүрсний арвин нөөцтэй ч голлох ордуудын уул, геологийн нөхцөл хүндэрч нийт ордын 60-аас илүү хувь нь 1000 болон түүнээс дээш метрийн гүнд шилжсэн. Мөн нүүрсний ордуудын байршил нутгийн хойд хэсэг болох Өвөр Монгол, Шанхи, Шиньжаан руу шилжиж зах зээлээсээ холдсон. Төрийн бодлогоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй нүүрсний уурхайнуудыг хааж байгаа зэрэг шалтгааны улмаас хилийн чанадаас нүүрс импортолж байгаагаа нууж хаалгүй хэллээ. Манайхан "Аан тийм үү" гэсэн шиг өнгөрөөсөн.
a
Боломжийг алхам тутамдаа л алдаж байна. Ганцхан нүүрсний тухай л энэ шүү дээ. Цаана нь зэс молибедин, алт, төмрийн хүдэр, нефть, шатдаг занар, уран гэхчлэн асар олон нөөц бидэнд бий. Газрын ховор элементийн нөөц ч хангалттай гэж эрдэмтэд дуугарч байна. Ямар эзгүй цөлийн хүчирхэг Израйль, Саудын Араб биш дээ. Ядаж бид чинь тал дүүрэн мал сүрэгтэй юмсан. Ажиллах гар, сэтгэх ухаанаар өвөг дээдэс манийг дутаагаагүй. Нэг л их мөнгө ярихаар ажиллуулж сэтгүүлж энэ Монголоо хөгжүүлчих ухаан төрд минь заяагаасай гэж залбирья даа.
a
Н.Бадамжав