Коксын хийг ярихын өмнө нүүрс болон түүний завсрын эдийн талаар ярих хэрэгтэй. Нүүрс нь нефтээс илүү нийлмэл бүтэцтэй байдаг бөгөөд коксын түүхий эд нь болдог. Түүнчлэн нүүрсэнд гүн боловсруулалт хийж кокс үйлдвэрлэхэд завсрын бүтээгдэхүүн болох хий, давирхай ялгардаг. Манай улсад давирхайг боловсруулах үйлдвэр байхгүй учраас Хятад руу түүхийгээр нь гаргадаг байна. Одоогийн байдлаар давирхайнд 10 мянга гаруй химийн бодис агуулагддаг гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Харин өндөр технологи ихээр хөгжсөн орнууд давирхайнаас 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн ялган авдаг байна. Түүнийг дан ганцаар нь ялгаж авахаас гадна дараагийн төлөвт хувирган төрөлжүүлж, олон янзаар хэрэглэж болдог. Тухайлбал, нүүрснээс талх гарган авч болдог байна. Энэ нь гэхдээ бидний иддэг талх гэж шууд ойлгож болохгүй. Учир нь нүүрснээс метанол гаргаж аваад түүнийг цааш боловсруулахад этилийн спирт болно. Өөрөөр хэлбэл, архины спиртийг улаанбуудайнаас гаргаж авдаг. Тэгэхээр улаан буудай бол талх гэсэн үг. Энэ аргаар Германы үйлдвэрүүд хэдэн сая тонн улаанбуудайг хэмнэдэг байна. Германчууд метанолоо ялгаж аваад спиртээ үйлдвэрлэж, бусад оронд экспортолдог. Тэгэхээр манай улсад давирхайнаас хэрэглээний олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болно гэсэн үг юм. Наад зах нь бензин, түлш, тос тослох материал болон төрөл бүрийн бордоо, ариутгалын бодисыг ялгаруулж болно. Энэ талаар судлаачид туршиж үзсэн баримт ч байдаг байна. Тиймээс судлаачид кокс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж үздэг ч энэ нь ихэхээн хөрөнгө шаардагдах учраас ийм үйлдвэр байгуулах зоригтой бизнесмэн одоогоор байхгүй байна. Төр засаг дэмжээд өгвөл тун боломжтой үйлдвэрлэл. Түүхий эд нь хангалттай байна. Боловсон хүчнээр ч дутахгүй.
6
Олон улсын коксын стандарт ерөнхийдөө 14 хувь байдаг. Манай улсын коксын чанар 13 орчим хувьтай байдаг. Энэ нь үндэсний стандартыг хангадаг байна. Коксын хувийг үнслэгийн хэмжээгээр нь тодорхойлдог бөгөөд үнслэг нь бага байвал сайн гэж үздэг. Тавантолгойн нүүрс 75-95 хувийн коксжих чанартай, маш сайн нүүрс. Гэтэл дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний хэмжээ маш бага. Манай улсын хувьд Тавантолгойн нүүрсний 7 тэрбум орчим тонн нь коксжих нүүрс гэж тооцоолдог. Түүнчлэн Тавантолгойн коксжих нүүрсийг бусад нүүрсний уурхайтай хамааруулаад үзвэл манай улсад ойролцоогоор 10 тэрбум орчим коксжих нүүрс бий гэж үздэг байна. Манай улсын цахилгаан станцуудаас коксын хаягдал ихээр гардаг. Энэ гарсан хаягдлыг дахин боловсруулж баяжуулалт хийгээд коксоо цэвэр нунтгаар нь ялгаж авдаг байна. Ялгаж авсан коксоо савлаад урд хөрш рүү ч гаргах боломжтой. Одоогийн байдлаар коксын хаягдлаар засмал замын суурь хийдэг.
6
Коксыг түүнчлэн ширэм хайлуулахад, хар болон өнгөт металлын үйлдвэрт шууд шатаах замаар ашигладаг. Мөн кокс нь түлшинд хэрэглэгдэхээс гадна кальцийн карбид, унтраагаагүй шохой, хужир, нүүрсний хүчил зэрэг бодисуудыг үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг. Түүнчлэн мэргэжлийн хүний ярьснаар коксын хийнээс метанол буюу хийн шингэн түлш гаргаж болдог юм. Коксын хийнээс шингэн түлшийг нүүрс, биомасс зэрэг түүхий эдээс гарган авах хэд хэдэн хувилбарууд ч байна. Түүний нэг нь бидний яриад байгаа Метанол буюу метилийн спирт нь борлуулах зах зээлийн хувьд илүү уян хатан “хөрвөх чадвартай” бүтээгдэхүүн. Метанолыг бензиний нэмэлт болгон ашиглаж ч болдог байна. Ингэж ашиглах нь таван хувийн этанолын хольцтой бензинтэй зарчмын хувьд адил бөгөөд хөдөлгүүрт ямар нэгэн өөрчлөлт хийлгүйгээр ашиглах боломжтой гэж судлаачид үздэг. Автомашин үйлдвэрлэгч олон компаниуд метанолыг янз бүрийн харьцаагаар бензинтэй ашиглах туршилтыг хийж ирсэн. Түүнээс гадна метанолыг био-дизель гарган авахад олон улсад ашиглаж байгаа юм. Метанол үйлдвэрлэх өөрийн өртгийн үндсэн хэсгийг түүхий эдийн үнэ эзэлдэг учраас коксын үйлдвэрийн дайвар хийг ашиглах нь хамгийн хямд арга зам болдог гэнэ. Манай улсын хувьд метанол коксын хийнээс үйлдвэрлэж болох хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн байх үндэслэлтэй гэж судлаачид үздэг. Нүүрснээс ийм олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болох ч бид түүхийгээр нь л ашигладаг. Нэмүү өртөг шингээгээд гадагшаа экспортлох хийгээд өөрийнхөө хэрэгцээг хангачих шатахууны их нөөц байна. Гол нь үйлдвэрүүдээ зоригтойхон байгуулчих хөрөнгө мөнгөндөө гар татмааргүй байх юм даа.
5
Н.Бадамжав