Хэрвээ ...хүсэлтийг минь хүлээж авахгүй бол Хятадын тэргүүн айлчлах үеэр жагсах болно гэж мэдэгдэж байх юм. Ийм мэдэгдэл бүхий мэдээг телевизээр ойрхон хоёр сонслоо. Маргааш газар хүссэн өргөдлөө цахимаар биш өргөдлөөр өгнө. Шийдвэрлэхгүй бол нөгөөдөр Си Зиньпин даргыг ирэхэд жагсч булайгаа дэлгэнэ гэж байгаатай яг адил. Хэн нэг маань бор гэрийнхээ хойморт суугаад бухимдаж ийм зүйл ярих бол байх л хэрэг. Үүнийгээ хэвлэлийн хурал зарлаж байгаад мэдэгдэж байгаа нь сонин.
5
Өнгөрсөн 7 хоногт УИХ-д суудалгүй намууд нэгдэж Засгийн газрыг огцруулах тухай шаардлага үндэслэлээ мэдэгдсэн. Урьдын уламжлал ёсоор тавьж байсан шаардлагаа энэ удаа 2 зүйлээр баяжуулсан ба үүний “9 дэх” нь их хурц шаардлага. Си Зиньпин даргыг ирэхээс өмнө Засгийн газрыг огцор гэсэн. УИХ яаралтай хуралдаж , энэ долоо хоногийн эхний 3 өдөрт багтаж Засгийн газраа тас савж унагаагаад, алгаа үрж “Таны сайхан саналыг, их мөнгөний хамт хүлээж авах бэлтгэлээ бид хангачихлаа” гээд байж байх юм болов уу даа. Энд улс төрийн хүчнүүдийг элэглэх, дээш доош нь хийх гэсэн бодол байхгүй. Хэлсэн шаардсаныг нь биелүүлэхэд юу болохыг л буулгаж байна. Ийм тэнэг зүйл болох ямар ч боломжгүйг тэд мэдэж байвч зүгээр суухаар гэдэг шиг утгагүй мэдэгдлийг ийм цаг үед хийж л байгаа юм. Өчигдөр газрын тухай гомдолтой хэсэг иргэн хөдөлгөөнийхөн мөн шаардлага нь хангагдахгүй бол Си Зиньпин даргыг ирэх үеэр жагсч хамаг муу муухайгаа дэлгэнэ гэж “айлгалаа”. Энэ мэт хүслийг нь хангахгүй бол урд хөршийн төрийн тэргүүн ирэх үед жагсана гэсэн Засгийг “айлгах төлөвлөгөө” ихсэж байх шиг.
5
Яг л “аавыг ирэхээр хэлнэ дээ” гэж байгаа хүүхдийн томоогүй яриа шиг сонсогдоод байгаа юм. Тэдний жагсч дуу хоолойгоо гаргахыг сонсоод мань юу гэх нь падгүй л дээ. Харин хөршүүд юу гэж мушийх бол гэдэг нь хэцүү. Тэднийг жагсахаар Си Зиньпин даргын бодол санаа хэрхэн угаагдаж, Монголын Засгийн газарт өгөх байсан мөнгө, төслийнхөө хэдэн хувийг буцааж татах, үүгээр нь Монгол төдий чинээ хохирно гэж айлгаагүй л байх. Зүгээр л айлчлалын дараа босгох том улс төрийнхөө нүхийг ухаж байгааг хэн ч ойлгоно. Их хэргийн босгон дээр нэгийгээ сайн хэмлэж тогоон дотроо бүгдээрээ байх бидний цусны юм нь хөдлөөд байгааг Хятадууд ч, Оросууд ч харж л байгаа. Хөршүүд энийг эртнээс харсаар ирсэн ба хааяа энэ тогооны үлгэрийг нь өөртөө унацтайгаар ашигласаар ирсэн.
5
Урд хөрш биднийг өнгөрсөн 20 жилд яаж явж ирсэн, одоо ямар гацаанд орсныг биднээс илүү мэдэж байгаа гэж байна. Түүхэн шийдвэр эгзэгтэй үед дэлхийн нэг гишүүн улс гэдгээ тооцохын оронд улс төр хийх цаг гэж тэнэгтэж овлигогүйтээд байдгийг маань бүр сайн мэднэ. Биднийг энд бие биенээ “айлгах” тоглоомоор наадаж байхад манайд түүхэн гэж болох асуудлыг төрийн гурван тэргүүн нүүр тулж шийдэх болоод байгааг Хятадууд нэгэн нийтлэлээр ил захидал болгон цахим сайтдаа тавьжээ. Биднийг заавал уншиг гээд ил ойрхон эх сурвалж дээрээ тавьсан ч байх. Хятадын junshi.xilu.com вэб сайтад энэ сарын 6-ны өдөр тавигдсан өгүүллийг манай зарим сайт бүрэн эхээр нь орчуулан гаргасан байгаа.
5
Геополитикийн өгөгдөл болон эдүгээ хүртэлх Монголын талаарх хоёр их гүрний амбиц, үл ойшоолтыг тойрч бөөрөнхийлөхгүй ил шулуун өгүүлэнгээ бодит байдлыг хүлээн зөвшөөрүүлэх санааг нягт холбон зангидсан энэ нийтлэлийг олон нийт анхааралтай уншлаа. Юм бодсон байх. Олон нийт гэхийн учир нь энэ бичлэг нь ерөөсөө бүх өрөлтөөрөө бидэнд зориулж сийрүүлэн бичжээ гэж харж болохоор байна. Их энгийн бичлэгтэй хэрнээ маш сайн гаргалгаа тайлбартай. Товч нэгтгэн харвал биднийг Хятад ч, Орос ч залгих гээгүй. Харин гурван талт эрх ашгаар Монголыг хөгжүүлэх гээд байна гэж энэ нийтлэлдээ онцолжээ. Дэлхий нийтийн анхааралд ороод байгаа айлчлалаар тайлагдах зарим гогцооны учиг хэрхэн хөвөрч задрахыг ч тодорхой үндэслэлээр дэлгэрэнгүй гаргаж тавьсан байна.
6
Нийтлэл бичигчийн үзэж байгаар бол Монгол нь Европ, Америк, Японы нөлөө орохоос “найдвартай” урьдчилан сэргийлэгдсэн, Хятад, Оросын хувьд сэтгэл амар харж суух нэг эрчим хүчний бааз байх юм байна. Цэргийн ч юм уу, хуучны ярьдгаар түүхий эдийн бааз биш “Эрчим хүчний бааз” болно гэж бичжээ.
.
“Монголын эргэлзээг байхгүй болгож, Монголын санаа зовинол болон сэжиглэлийг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна. Европ, Америк, Япон зэрэг барууны орнуудын санаархалыг Монголд зөвөөр ойлгуулах нь ярианы хамгийн чухал сэдэв болно. ... Монголыг нүүлгээд аваад явчихна гэж бүү бод...” гэжээ. Энд бичигдсэн бүхэн нэг нийтлэлчийн байрь суурь байж болох ч их гүрнүүдийн тээж буй санаа, ирж буй цагийн угтлыг маш тодорхой буулгаж, хоёрдолгүй хэлэх зорилго агуулсан нь бараг үг өгүүлбэр бүрээс нь сармисны үнэр шиг хурц мэдрэгдэж байна.
.
Мөн энэхүү нийтлэлд манай төрийнхний гуравдагч хөршийн талаар явуулж ирсэн бодлогыг дараах байдлаар дүгнэжээ. “... Ямар ч бодлогогүйгээр АНУ-ыг дагаж, ЕХ-нд найдаж, Японыг өмгөөлж байгаа зэрэг нь Монголын гарцаагүй шаардлага, аргагүй байдалд байгаа байдлыг харуулж байгаа юм.... Монгол өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж, цэргийн тусламж авч, тандалтын радар байгуулахаар төлөвлөж байгаа болон ЕХ-нд нэгдэхийг сонирхож байгаа зэрэг нь Хятад, Оросын “анхаарал”-ыг татахад хүргэж байна. Өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж байгаа юм. Бид Монгол оршин тогтнохынхоо төлөө гаргаж буй хүч чармайлт, сонголтыг буруутгах эрхгүй, Монголын үйл ажиллагаанд гомдоллох эрх бүр ч байхгүй. Хятад, Орос манай хоёр орон Монгол руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж чадаагүйд хамгийн чухал нь байгаа юм...” гэжээ.
.
Одоогийн гурван талт уулзалтын үр дүнд шийдэгдэх асуудлууд нь олон талт нөхцлөөр хэлэлцэгч талуудад 100 хувийн ашигтай байх талаар мөн онцлон дурдахаа мартсангүй. “... Хятад, Орос, Монгол гурван улс энэ удаа “эрчим хүчний коридор”-ын томоохон стратегийн асуудал болон Хятад, Монголын төмөр замын гол шугамыг нээх асуудал, түүнийг Оросын хилийн дотор хүргэж холбох асуудлыг хэлэлцэх нь Хятадын “Шинэ торгоны зам”-ын том судсанд нэг чухал хос шугамыг нэмж өгөх юм. Хятад, Орос Монголоор дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойн шугамыг тавьж Оросын төвийн бүсийн газрын тос, байгалийн хийг Хятад руу шууд дамжуулах боломжтой. Монголын эрчим хүчний төсөлд Хятад, Орос хөрөнгө оруулалт хийж олборлолтыг сайжруулах нь мэдээж гурван талын гол сэдэв байна. ...Хаанаас хаа хүрэх вэ гэдэг нь багахан хэмжээний дотор бол энэ боломж нь “агшин зуур”-ынх ч гэж хэлж бас болно. Мөн Хятад, Орос хоёр улсын зүгээс Монголд үзүүлж буй хамгийн сайхан сэтгэл байх. Ийм боломж бол Хятад, Оросын байр суурь өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ижил байгаа, Хятад, Оросын эдүгээ өөрсдийг нь тогтоон барихын эсрэг тэмцэх нийтлэг шаардлагаас урган гарч байгаа юм” гэжээ.
.
Хэрвээ энэхүү нийтлэлийг түүхэн гэх айлчлалын өмнө бидэнд хаягласан ил захидлын нэг ноорог гэж үзвэл дунд нь ноцтой сануулга бас байгаа юм. “...Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй, өмнөх хойдохоо бодсоор, эсвэл “таг чиг” болчихвол Хятад, Орос хоёр Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явахыг Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг тоохгүй бол Орос Монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг Хятадад зөвшөөрөх болно...” гэжээ.
.
Ийм хэмжээний том анхааруулга бас боломж тээсэн хөгжлийн замыг нээж өгөх уриатай айлчлалын хүлээлт Монголд бий болоод байна. Мэдээж миний бие дурдан буй нийтлэлийг зөөлрүүлж “Хятад, Монгол бол түүхээсээ нэгэн гэр бүл, тасаршгүй мах цусны холбоотой байж ирсэн” гэсэн хийрхлийг үл тоон, алгасан буулгаж байна. Учир нь хийрхэл агуу их хийрхэлээр өрдүүлж явсаар бид агуу атаархагч хардагч, талцагч болсон ба яс юман дээр эх орон гээд нэгдэх эв нэгдлээ ч алдсаар ирсэн нь үнэн. Одоо бид гэнэт ухаарсан болж хоёр хөршөө түшье гэж Хоролмаадах ч хаашаа юм. Гэхдээ хоёр хөрш Монголын тусгаар тогтносон сонголт замналыг минь хүндэтгэж хамтраад манай улсыг хөгжүүлээд өгье гэжээ. Энэ нь шулуухан нэг нөхцөлтэй. Орос Америк хоёрын ширүүн мөчөөрхлийн дунд хоёр талд дундыг бариад яваа Монголыг хөршүүдийнхээ талд туйлбартай зогс гэж Кремл ятгаж байгаа юм байна. Хятадын хувьд Оростой хоршиж Европынхонд сайн юм ойлгуулья, хүч нөлөөгөө дэлхийд мэдрүүлье гэж сонголтоо хийсэн. Дунд нь байгаа Монгол одоо сонголтоо хийж хэнийг түшихээ бултаж булзааруулалгүй хэлэх цаг болсон байна гэж ойлгогдлоо. Сонголтоо хөршийнхөө талд хийвэл манай улсыг балчиг гацаанаас гаргаж танигдахгүй болтол нь өөд нь татаж, Крымийг атаархтал нь хийн хоолой татаж хөгжүүлээд өгье гэх бололтой.
.
Үүний хариултыг өгөхөд Итгэлийн хар ухаан ч хэрэггүй, Долингорын ханцуйнд атгуулах хулхи чулуу ч хэрэггүй. Тусгаар Монгол улсын төрийн тэргүүн нарт тулхтай холч харж, шударга хэлцэл хийж хамтын хөгжлөө өөр түвшинд гаргаж тавих боломж ирж байна. “Ийм тэнцвэртэй, зохистой сонголтоос өөр сонголт Монголд үгүй” гэж тэд энэ нийтлэлээр шууд хэлсэн байна.
.
Дэлхий нийт Монголын том боломжийг чимээлэн байхад бид энд юу ярьж сууна. Си Зиньпин даргын айлчлал их мөнгө зээл авчирна. Түүнийг нь атгах гэж улайрсан Засгийн эрхийн төлөөх тэмцэл өрнөлөө гэх мэтээр улс төржсөн ядуу сэтгэлгээгээр бичээд байвал бид дэлхийн элэг доог болно. Монголд танай манай нөлөө их бага байна гэхгүйгээр “дундаа” хийж хөгжүүлэх эрх ашиг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэг шугаман дээр огтлолцсон боломж шинэ зуунд ганц хувь тохиож. Тэр нь энэхүү дээд хэмжээний гурван талт уулзалтаар биеллээ олох гэж байгаа гэсэн санааг хэлжээ. Европын хоригийн эсрэг дунд хуруу гаргасан Путиний Хятад улстай хийж буй энэ хүчирхэг хоршилоор худалдаа, эрчим хүчний шинэ коридор гаргах төсөл бол манай авто замын төсөл шиг жил бүр шинээр яригдаад байхгүй нь үнэн.
.
Одоо Хятадын нэг эрхмийн нийтлэлээр бус өөрсдийнхөөрөө харцгаая.
.
Ардчиллаар гарч ирсэн манай улстөрчдийн 20 жилийн өөдрөг төсөөлөл, амлалт, түүнийгээ гүйцэлдүүлэх гэсэн зүтгэл их байсан. Амжаагүй, чадаагүй ч юм их байх. Харин энэ удаа хэнээтэн огшиж эх оронч болж шоудалгүй бөөр нийлсэн хөршүүдтэйгээ хамтдаа хөгжих боломжийг хэрхэн хүлээн авах тухай асуудал хариултаа хүлээж байгааг ухаарцгаавал тустай. Үүнийг мэдэрч сөрөг хүчин МАН энэ цаг мөчид эв нэгдэлтэй байхыг олон нийтэд уриалсан. Бүрэн эрхт Монголыг минь устгаж залгих гээгүй, бултаж булзааруулахгүй, шударга тогтвортой хамтрах баталгаа хэрэгтэй гэдгийг хөршүүд бидэнд ил далд олон зөвлөлөө. Эцэст нь ил цагаан сануулж байх шиг байна.
.
Дэлхийн хүндийн төв эргэж байна гэж байгаа. Энэ төвийг эргүүлж чадаж байгаа хоёр эрхэм Монголд ирж байна. Хийрхэгчдэд сануулахад, Си Зиньпин, Путин нарыг ирэхэд жагсч “орилно” гэж айлгах хэрэггүй. Бид жагсч байвал тэд мушийх л байх. Хөршүүд Монгол улс ямар байдалд байгааг, юу хэрэгтэй байгааг биднээс бараг илүү мэдэх ба юу санал болгохоо шийдчихээд ирж байна. Жагсч орилж харагдвал тэд “дахиад бодьё” гээд буцчихна гэж манайхан арай огшоогүй л байх. Та бүхнийг хэн нэгний гар хөл болоогүй, зүгээр улс төр хийж байна гэж харж байгаа шүү. Сүржигнэх шоудах арга барил байх ч энэ өдрүүдэд ядаж тэвчигтүн.
.
Манай төрийн тэргүүнүүд энэ айлчлалд эртнээс бэлдсэн, хэлэх хариултаа цэгнэсэн, бэлдсэн байгаа биз. Одоо тэдэнд элдвээр зааж сургаж, мэдэхгүйгээ мэдэгч болох гэх хэрэггүй. Ес дэх шаардлага, засгийг огцруулах зэрэг хийрхлээ жавжиндаа байлгаж, зангидсан гараа тэнийлгэ манайхаан. Хоёр их гүрний дунд Тусгаар тогтносон улс байх нэр төрийн сонголт хийж, хүнд бэрх зам туулж өгсөж яваагаа санан хормой хотоо уралцалгүй холч тулхтай суусан нь тустай.
.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/