Хуруу даран тоолсон эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” аян дуусгавар болох шатандаа явж байна. Манай орны хувьд дулааны улирал буюу зуны дэлгэр өдрүүдэд эдийн засгийн хүндрэл тэр бүр мэдрэгдээд байдаггүй. Гэхдээ энэ зуны тухайд ам.долларын ханш чангарахын хэрээр хот суурингийнханд мөнгөний асуудлаас үүдэлтэй хүндрэл тасрахгүй үргэлжилсээр. Нийслэлчүүдийн дийлэнх нь орон сууцны найман хувьд хамрагдаагүй ч ямар нэг хэрэглээний зээлтэй байдаг. Мөнгөний ханш суларч, ам.доллар чангарсан энэ үед өрхийн эдийн засагт бүсээ чангалах чамгүй хүч шаардаж байна. Тиймээс ч зуны эхэн сард Засгийн газрын хэрэгжүүлэхээр зорьсон эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” аяны хэрэгжилтийг эдийн засагчид төдийгүй иргэд ч нүд бэлчээн ажигласан биз. Ерөнхий сайдын дэргэхэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийнхний хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон дэд бүтцийн төслийг эхлүүлэх зэрэгт илүүтэй анхаарч ажилласан бололтой. Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн хугацаанд бизнесийн чуулганыг зохион байгуулж, Испани, Герман, Хятад, Япон зэрэг орноос 400 компани оролцлоо. Энэ хугацаанд УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталсан. Өсөлтийг дэмжсэн татварын шинэчлэлийн суурь тавигдсан. “ДЦС-V”-ийн төслийн концессийн гэрээ зурагдаж, 1.3 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн. Нийт таван концессийн гэрээ зурагдсан” гэдгийг онцолж байна лээ.
.
Эдийн засгийн гадаад бодлогодоо манай улс алсыг харсан томоохон зорилт дэвшүүлж байгаа юм билээ. Зүүн хойд Азийн эдийн засаг өнөөдөр дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа. Тиймээс ч манай улс Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн чухал идэвхтэй хэсэг болохоор оролдлого, алсыг харсан томоохон зорилт дэвшүүлсэн гэдгийг ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат саяхан ярьж байсан. Манай улсын эдийн засаг 10 жилийн дотор 10 дахин томорсон. Ирэх 2030 гэхэд 60 тэрбум ам.долларын эдийн засагтай болно гэж төсөөлжээ. Энэ өсөлтөд хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд авч явахаар дэд бүтэц, уул уурхайн салбартаа ач холбогдол өгч байгаа.
.
Манай улсад энэ найм, есдүгээр сард их гүрний удирдагчид зочилно. Урд хойд хоёр хөршийнхөө удирдагчдыг хүлээж авах гээд бэлтгэл хийгээд манай төр, засгийнхан тун завгүй байгаа. Энэ бол хөрш орнуудын жирийн айлчлал бус, дэлхий дахины анхаарал, хараанд энэ айлчлал өрнөнө. Газар нутаг, байгалийн баялгаараар олон улсын анхаарлын төвд байгаа манай улсын хувьд хоёр хөрштэйгөө эдийн засгийн бодлогоо хэрхэн шийдвэрлэхээс гурав дахь орнууд буюу хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах болов уу. Манай улсын хувьд дээрх айлчлалуудаар бүс нутагтай холбоотой дэд бүтцийн том асуудал шийдвэрлэгдэнэ гэсэн итгэлтэйгээр бэлтгэл ажил хийгдэж байгаа гэсэн. Энэ асуудал шийдэгдвэл гуравдагч орнууд хөрөнгө оруулалт хийхэд саадгүй гэж эдийн засагчид үзэж байна.
.
Дээр нь гадаад орнуудтай хамтран ажиллах харилцан ашигтай, хамтын ажиллагааг санал болгосоор ирсэн. Өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа Монгол-Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Манай улс ардчилалд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн хугацаанд тус улсаас буцалтгүй тусламж авсаар ирсэн. Харин тус улс манай улсыг эдийн засгийн хувьд өнгөрсөн хугацаанд хөгжил буурайгаас дээшилсэн гэж үзэж, буцалтгүй тусламжаа зогсоохоор шийдсэн байдаг. Тиймээс ч эдийн засгийн харилцан түншлэлийн шинэ шатанд өнөөдөр гараад байна. Энэ нь бүс нутагтаа Монгол Улс идэвхтэй ажиллаж байгаагийн нэг илрэл болохыг харуулсан хэрэг. Манайх БНСУ-тай эдүгээ хамтын ажиллагааг чөлөөт худалдааны гэрээний хүрээнд компаниуд илүү итгэлтэйгээр хамтарч ажиллах санал тавьж байсан.
.
“ЭЗЭН-100” аяныг хэрэгжүүлж эхлэхэд эдийн засагчид энэ хугацаанд улсын хэмжээнд байтугай хувийн компани ч дорвитой зүйл хийж чадахгүй гэж байсан нь оргүй үг биш байлаа. Долдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн сарынхаасаа саарч, инфляци 14.9 хувьд хүрч, чанаргүй зээл өссөн сөрөг дүнтэй гарсныг саяхан ҮСХ-ноос мэдээлсэн. Гэвч Эдийн засгийг эрчимжүүлэх аяны хүрээнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтад чиглэсэн бодлого барьсан нь эдийн засгийг эрчимжүүлэх итгэлийг сэргээсэн гэж дүгнэж байна лээ. Эрчим хүч, автозам зэрэг гацаж байсан төслүүдийг эхлүүлсэн. Ингэснээр төслүүдийг дагаж хөрөнгө оруулалт орж ирж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм. Дээр нь Эдийн засгийн зөвлөлийнхөн цаашдаа ч үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн. Бизнесийнхний нэгдсэн бодлого, байр суурь төр, засгийнхныг шийдвэрээ гаргахад нөлөөлж, эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах, сэргээхэд дэм болно гэж үзжээ.
.
Ямартай ч эдийн засаг эрчимжих сэргэсэн итгэл иргэдийн амьжиргаанд л хурдхан хүрээсэй билээ.
.
Н.Энх
Уншиж байна |