Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг Үндэсний статистикийн хороо долоодугаар сарын тайланд тэмдэглэснээ өнөөдөр зарлав. Сайн мэдээ нэг ч байхгүй. Ажилгүйдэл буурсан, хүн амын амьжиргааны үзүүлэлт доройтсон, валютын ханш өсч төгрөгийн худалдан авах чадвар доройтсон, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өндөрссөн гээд таатай мэдээ даанч ховор. Цаашдаа ч тун эвгүй байх нь. Гадагшлах болон дотогшлох гадаад валютын урсгалын зөрүүн дээрх ханшийн өсөлт уналт үргэлжилсээр байх юм бол яах болж байна аа.
1
Төгрөгийн ам.доллартай тэнцэх дундаж ханш 25 хувиар уначихлаа. Бизнес эрхлэх ашигтай юу. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэдэн тэрбумын зээл үргүй хоосон болох нь. Дээр нь төгрөгийн ханшийн уналтыг зогсоох гэж Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн ч арилжааны банкуудад зарж байгаа доллар 1896 төгрөгтэй тэнцээд ирлээ. Оны төгсгөл гэхэд 2000 хол даваад талийж одно. Уналт маш удаан үргэлжилнэ. Яагаад гэвэл ид хэрэглээний сарууд эхэлж байна. Монголын өрх бүлийн гурван зуны улирлын зардал нэг л өвлийнхтэй тэнцдэг шүү дээ. Халаалт, гэрэл цахилгаан, хоол хүнс гээд.. асуудал дэндүү их босч ирнэ. Монголчуудын ид хэрэглээний саруудыг энэ эдийн засаг даахгүй нь. Гадаад валютын ханшийн өсөлтийг дагаад инфляци хаданд гарна. Өнөөдөр 14.9 хувьтай байгаа тоо хэмжээ ид ачааллын үед буюу 10, 11 дүгээр сард ямаршуу байхыг төсөөлөхөд хялбархан. Ямар ч эдийн засаг инфляцидаа дарлуулаад ирэхээр өөдөлдөггүй. Ядаж байхад яр гэгчээр улсын төсөв 160 тэрбумын алдагдалтай гараад байдаг. Өгч тэнцүүлсээр байгаад л ийм үр дүнтэй. Татвар төлөгчид л нуруундаа үүрнэ. Шударга бус байгаа биз. Саяхан л мөнгөндөө сагаж байсан төр өнөөдөр хоосон халаасаа эргүүлээд ичих ч үгүй зогсч байна. Статистикээс олон зүйл уншиж болно. Нүүрсний экспорт, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч 70 хувьд орсныг л хэлж байна. Хэн тэр гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж хэн тэр нүүрсний экспортыг гацаасан билээ. Бид өөрсдөө л шүү дээ. Банк санхүүгийн систем өөрөө асуудалтай болжээ. Эрсдэл ихтэй, чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Ийм хямралын үед хэн банкны зээлээ төлж барахав дээ. Томоохон нь ч яахав гаднаас хөрөнгө мөнгө босгоод явна. Жижиг дундынхан яаж хаанаасаа хөрөнгө босгох болж байна. Нэгхэн сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ 32 тэрбумаар нэмэгджээ. Муу амлаад яахав цаашид ч нэмэгдэнэ.
1
Бэрхшээл бидэнд байгаа юу гэвэл байна. Өч төчнөөнөөрөө бий. Харин бэрхшээлийг боломж гэж харвал арай өөр хэрэг. Бэрхшээлийн үнэнийг дэлгэж яавал зохистой гарц хайсан бүхэнд сөрөг хариу цохилт хийнэ. Парламентын танхимаас өгсүүлээд гудамж, гэр бүл дотроо ч бие биенийхээ үгийг эс дуулна. Статистикийн дүн мэдээ ингэж гарчихаад байхад сайхан хийрхэцгээнэ. Хоёр хөршийн тэргүүний айлчлал болгоноор гуйна. Нөгөө л мөнгө. Стратегийн бодлого хэлэлцээд ирэхээр нөгөөдүүл нь толгой дохиод өнгөрнө. Яавал энэ өвлийг даваад туулчих вэ гэх ухааны зүйл дээр л сая нэг ам нээнэ. Баахан мөнгө тоолоод л өгнө. Зарцуулаад үр дүнтэй болсон нь маруухан. Хүний өмнөөс амьд яваа юм шиг ойр зуурын юмандаа зарцуулна. Бид гамшгийг та нарынхаа хүчээр давлаа гэцгээнэ. Ирээдүйн хамтын ажиллагааны талаарх яриа хэлэлцээр цаасан дээр л үлдэнэ.
1
Эхний хагас жилийн статистик мэдээ үнэхээр урам хугалж байна. Засгийн өөрийнх нь харьяаны статистик мэдээ ингэж гарахаар байдал эвгүйтсэнийг бултаараа ойлголоо. Мэдээж жаахан зөөлөн. Гэхдээ ямар хатуу ирээдүй тосч байгааг төвөггүй мэдэж болохоор байна. Эдийн засгийн хүндрэл биш, энэ чинь эдийн засгийн хямрал байжээ гэж халаглана. Амраад ирэхэд чинь байдал ямархан болсныг нүдээрээ үзнэ. Өвгөд энэ жилийн өвөл хатуухан болно доо гэж найр наадмын үеэр хэлсэн үг бор түрийвчний хэмжээг тэмтрээд ирэхээр АСУУДАЛ ургана. Наад зах нь хичээлийн шинэ жилд байгуулагдах ёстой сургууль цэцэрлэгийн талаас илүү нь баригдаагүй л байна. Царцсан хөрөнгө оруулалт гээд тэмдэглэгдчихсэн. Хүүхдээ яаж сургах болж байна. Эмнэлгийг тойрсон өчнөөн асуудал. Бие бие рүүгээ бухсаар хөөрхий эмийн санчийг эрлэгт одуулж байх шив. Өнөө маргаашийн маань хоол хүнс яахав. Ирээдүйгээ л бодмоор байна. Арга тасрахад л монгол хүн ингэж боддог юм билээ. Статистик ингэж л зөгнөж байх юм. Хэдийгээр тоо.. амьдрал баялаг боловч энэ тооны эргүүлгэнд л бид аж төрөх юм даа.
1
Н.Бадамжав