"Монос" групп Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм зарж, тэр нь 16 хүүхдийн аминд хүрэх шахав. Эмийн санч тунг нь хэтрүүлэн өгсөн гэхээсээ өмнө "Монос" групп улсад бүртгэлгүй эмийг зарж, хэрхэн том толгойлсонд, үүнийг хянаж шалгадаг байгууллагууд өнгөрсөн бямба гаригийг хүртэл юу хийж байсан гэдэгт хариулт хайх хэрэгтэй. Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн 30 хувийг дангаараа атгадаг "Монос" групп монополь нэрэндээ дулдуйдан хуулийн гадуур гишгэдэг байсныг үгүйсгэх аргагүй болов. Эрүүл мэндийн шалгаж, хянадаг байгууллагуудыг хэрсэн "Монос"-ын сүлжээ улсад бүртгэлгүй эмийг ч зарах давуу эрхтэй болгодог "ид шидтэй" байж болох. Тиймдээ ч бүртгэлгүй эм зарж, 5-хан хоногтой нярайгаас 2 сартай бяцхан хүүхдүүдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачив.
ө
"Монос" нэг жилд 15 сая ширхэг капсултай эм, 86 сая ширхэг шахмал эм, 1 сая флакон галены бэлдмэл, 3.5 сая савласан үрэл, 80 мянган тюбик тос үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Бас Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 20 гаруй нэр төрлийн эмийг үйлдвэрлэдэг хэмээн албан ёсны сайтдаа бичиж. Товчхондоо Монголын эм хангамжийн салбар цаашлаад монголчуудын эмийн эмчилгээгээр үхэх, сэхэх нь "Монос"-оос ихээхэн хамааралтай гэсэн үг. Харамсалтай нь "Монос" энэ хамаарлыг үл тоодог бололтой. Бусдаас илүү үнэтэй байсан ч "Монос" л найдвартай гэж зорьж очдог мянга мянган хүний эрүүл мэнд, амь наснаас илүү монополь эрх, ашиг орлогоо дээгүүрт тавьдаг байх нь. Эм өвчин намдаах анагаагч ч зарим тохиолдолд түүнээсээ илүү хөнөөлтэй хор болдгийг "Монос"-ынхон мэдэхийн дээдээр мэднэ гэж найдъя.
ө
Нөгөөтэйгүүр Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд, эмийн санчдын мөнгөний төлөөх сүлжээ хүний амиар хэрхэн тоглож болохыг энэ үйл явдал харуулав. Заавал тэр эмийн сангаас ав, зөвхөн тэнд байгаа гэж нэр цохьсон үйлчилгээ эмч, эмийн санчид орлого нэмдэг байхад эмчлүүлэх гэж буй нэгэнд өвчин үүсгэдэг байж ч болох. Эм бол тунгаар нь уусан нэгэн байтугай тунг долоосон нь үхэх аюултай химийн бодис. Тиймээс хариуцлагатай хандах нь зүй ёсны хэрэг. Энд салбарын сайдын оролцоо ч чухал. Тушаал шийдвэр гаргаж, орц хонгил бүрт байх эмийн сангуудыг цэгцлэхээс гадна дутагдсан, дууссан эм тариаг хүссэн, шаардсан газраас авахуулдаг сүлжээг таслах хэрэгтэй. Ингэхдээ эмнэлгүүдийг дэргэдээ өөрийн гэсэн эмийн сантай болох шаардлагыг тавьж, заавал биелүүлэх албан үүрэг болгоход гажуудах зүйлгүй. Ядаж хүүхдэд зориулсан эм бэлдмэлийг тэндээ төвлөрүүлдэг байвал эмээр өвтгөх биш эмчлэх нэг арга болно. Үнэгүй юм байдаггүй учраас иргэд худалдаад л авчихна. Хамгийн чухал нь тэнд химийн бодисыг хольж хутгасан хор биш найдвартай, баталгаатай эм зарах ёстой. Бас эмийн санч нь их мэдэгч царайлж, үл тоомсорлосон хордуулагч бус хэнд, юуг, хэрхэн өгч, яаж тайлбарлахаа мэддэг нэгэн байх учиртай. Үүдний өрөөнийхөө түрээсийн мөнгөө л авч байвал хэн ирээд юу зарж байх нь хамаагүй гэж хандах нь ямар аюултайг бид харлаа. Тиймээс л хувь, хувьсгалын гэхгүй томоохон эмнэлгүүд дэргэдээ заавал эмийн сантай байх ёстойг дахин давтъя.
Х
Хүний эрүүл мэнд, амь насаар тэнчин тавьж, ашиг олж буй хэн бүхэн ажилдаа эзэн болж, хариуцлагатай хандвал бусдын эрүүл, амьд явах өдөр нэгээр ч атугай хасагдахгүй байхсан. Эм уугаад эдгэх биш өвдөх, үхэх вий гэсэн айдас. Эмийн сангуудын аль нь найдвартай вэ гэх эргэлзээ. Энэ бүхэнд цэгцтэй хариулт өгөх яам, агентлаг, газар, хэлтэс мундахгүй олонсон. Харамсалтай нь тэд монопольд үйлчилж, амаа үдүүлсэн амьгүй албад болчихсон. Харин монополь үнэхээр найдвартай нь мөн үү?!
б
В.Хэрлэн