Монголын нийгмийг бүхлээр нь харж чаддаг тийм улстөрч өнөө хэр нь алга. Хуулийн заалт болгон дээр үзэл бодлоо илэрхийлнэ. Харамсалтай нь үнэний зэвийг ирлэдэг төрийн түшээ нь алга. Бүүр засаглалын институциэрээ АСУУДЛЫГ гаргаж тавихыг нь яана. Ерөнхийлөгч нь УИХ, Засгийн газраа буртуутгана. Бусад нь бие биенээ бухна. Асуудлын хариуцлагыг хэн ч хүлээхгүй. Эдийн засгийн хямрал болох гээд байгаа иргэний нийгмийн дуу хоолойг байх ёстой эсэргүүцлийн үг шиг ил тод сонсоно. Төр мэдэж байгаа юм шиг дүр эсгэнэ. Өөрснөө хууль гаргаж тогтоочихоод хэрэгжүүлэх ёстой Засгаа нэг нүдээрээ ч харахгүй.
1
Буруу бүхэн бусдын буруу. Үнэндээ бидэнд засаглалын хямрал нь эдийн засгийн хямралаас илүүтэй нөлөөлөөд байх шиг. Байдал нэг л болохгүй байна. Хэн буруутайг шүүн хэлэлцэх цаг хугацаа алга. Ямар нэг хууль гарна. Маргааш нь жадлан эсэргүүцнэ. Ахиад л нэмэлт өөрчлөлт оруулна. Удахгүй өөрчлөх гээд хэдэн нөхдүүд гүйлдэнэ. Ийм хуулийн тогтворгүй орчинд ямар тэнэг нь хөрөнгө оруулалт хийх юм бэ. Өглөөхөн батласан хуулиа үдээс хойш нь хүчингүйд тооцдог улсад хэн итгэх юм. Хууль биелүүлэх ёстой Засгийн газар нь бүүр алмайрч хоцорно. Өөрийнхөөрөө шийдэх эрхгүй. Хууль хэрэгжүүлэх ёстой Засгийн дараах шатнууд бүр учир тоймоо олохгүй. Нугалаа ингэж бий болно. Нугалаа дундах ашиг хонжоог авлигачид хүртэнэ. Одоо бүр амар болсон. АТГ-ыг ашиглаад нэг нэгнээ намнана. Бамбай хаалтын дор дуртайгаа тэд барьж, хорино. Хуучны НАХЯ шиг. Хуулиар зөвшөөрөгдсөн юм чинь өмгөөлөгчийг нь байлцуулахгүйгээр дуртай мэдүүлгээ авч чадаж байна. Төрийн түшээ нар гэж нэрлэгдэх хэдхэн нөхдийн хийсэн хуулийн ач буянаар Монголын шорон дүүрч байна гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Төр түмний төлөө ажил хийгээд байна уу төрсөн улаан нүүрээ хамгаалах гэж суудал бөглөөд байна уу огтоос ойлгомжгүй. Уг нь түмнээ төлөөлж буй төрийн түшээ гэдэг арай л өөр баймаарсан. Нутгархана, танил тал харна, аймаг битгий хэл сум бүр цаашлаад аравхан хүний жаргал зовлонг мэдэхгүй хүн гэв гэнэтэхэн төрийн өндөр дээд албан тушаалыг хашна. Төрийн түшээ бэлддэг механизм гэж өнөөдөр алга. Уг нь төрд зүтгэх тодорхой шалгуур байх ёстойсон. Хуучин нийгмийн үед гадаад дотоодод сургууль төгсөгчдийг тухайн салбарынхаа хамгийн доод албан тушаалаас эхлэн ажиллуулж байсан. Ажил мэргэжлийн туршлага, амьдралын олон өнгийг мэдэрсэн хүн алдах нь бага байдаг юм билээ. Төрийн түшээ нар энэ туршлагаасаа алдах нь илүү цөөн байсан гэж боддог юм. Өнөөдөр байдал тэс өөрөөр.
1
Төрийн түшээд нэр дэвшүүлдэг намдаа хаанаас ч юм олсон хэдэн төгрөгөөрөө дэнчин тавиад л түмнийг удирдах эрх олж авч байна. АН, МАН-ын тамгатай л бол эзний тамгыг өвөртөлж дуртай, хүссэн бүхэн дээрээ тамга дарна. Гэхдээ өөрийгөө хэзээ мартахгүй. Олон сургууль төгссөн мэдлэг боловсролтой бол гүйцээ гэж ихэнх нь бодно. Улстөрчийн мэргэжилд мэдлэг дээрээс нэмээд совесть басхүү туршлага чухал. Хэн дуртай нь улстөрчийн мэргэжил эзэмшиж чадна. Дээр нь мөнгө байхад л болно. Улаан хэрүүлч, үг ярианы гайгүй баялагтай байхад бүр ч олноос онцгойроод явчихна. Уг нь улстөрч гэдэг мэргэжил баймаарсан. Жорж Оурвэлийн “Амьтдын ферм”-д өгүүлдэгчлэн гахайнуудын засаглал тогтоод байгаа юм биш үү. Тэгээд хүчний байгууллагуудаа нохой шиг ашиглана. Төр барьсан нэг нь нөгөөгөө шахаж шантаажилна. Хөгийн дүр зураг харагдана. Шүүмжилж, санаа бодлоо илэрхийлээд АРД ТҮМНИЙ ИНДЭР ажиллуулаад байдаг. Эрх баригчид толгой дохиод хүлээн авна. Шидсэн чулуу усны долгио үүсгэн эрэг хүртлээ тархдаг байтал манайд эсрэгээрээ ганцхан пүлхийгээд намагт шигдэнэ. Юу ч байгаагүй мэт мартагдана. Эдийн засгийн хямрал яах вэ. Угаас үечлэлтэй хойно. Гол нь засаглалын хямрал гэж хүнд юм байх юм даа.
1
Н.Бадамжав