Үнэ цэн гэдэг үгийг буруу бичиж гэж гомдол мэдүүлэв. Нийтлэлийн агуулгыг огт сонирхоогүйгээр үл барам гарчиган дээр ажиллав. Алдсан юм болов уу гээд гэртээ хариад нэвтэрхий толь ажив. Минийхээр байв. Үнэ цэн гэдэг маш өргөн агуулгатай үг. Хэн нэгний амьдарч байгаа байдал таньд үнэ цэнгүй байж болно. Түүнд халдах эрх байхгүй. Зөрүүлээд чиний амьдрал надад халдах эрхгүй. Жаахан юманд уур хүрч байгаа мэт харагдавч “Чи битгий ....” гэмээр байна. Ном унш, өөрөөр сэтгэх гээд үз. Үг үсгийн дүрмийг тэр бүхнээсээ хар. Өнгөрсөн үеийн Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн нарын ном зохиолоос хар. Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуу, Алдаатай оноотой ч ингэж бичсээр ирсэн юм. Ц.Дамдинсүрэн гуайг олон жилийн турш шаналгасаар ирсэн цөөн үгийн нэг нь энэ. Бас нэг нь ан гөрөөний ангийн, нөгөө нь сургуулийн тэнхимийн ангийн. Аль нь ч шийдлээ олоогүй. Эрхэс огторгуйн гараг, он тооллын гаригийг Г.Бадамсамбуу нэр томьёолж билээ. /өөрөө ч тэр үгээрээ студиэ нэрлэсэн/
1
Утга дээр бус үгэн дээр маргалдагч нарт хариу өгөх гэж цөөнгүй мөр зориулсандаа харамснам. Үнэ цэн гэж чухам юу юм бэ. Монголчуудын үнэ цэн их өөр. Будаа тоншдог, өт иддэг ард түмнээс өөр. Зүгээр амьдралд ирдэггүйг монгол хүн болгон мэднэ. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ "үүрч" ирдэг. Үнэ цэнээ үүрч ирж байгаа юм шүү дээ. Хүн түүнийгээ өөрөө мэдэж зарцуулж байх ёстой. Үнэ цэнийг үгүйсгэж дэвжээх нь хүн өөрөө. Ижийнхээ энгэр, аавынхаа гараас гарсан цагаасаа өөрийнхөө өмнө тулгарсан элдэв асуудалд дан ганц өөрөө л шийдвэр гаргана. Алдах нь ч бий, онох нь ч бий.
1
Үнэ цэнийн тухай ойлголтыг нүүдэлчдийн хүүхэд багаасаа мэдэрнэ. Шонхор хэзээ ч бусдын үүрэнд үүрээ засдаггүй гэдгийг тэд сайн мэднэ. Шонхорууд хараа цуцам өндөрт нисдэг болохоор тэр л өндөр дээрээс гарын алган дээр юм шиг харагдах бүхнийг ихэмсэг нь аргагүй хараачилж, хязгааргүй огторгүйн цэнхэр орчилд хэнд ч хоригдохгүйгээр омог бардам дүүлнэ. Нөгөө л үнэ цэнийн ойлголт. Талын хөх чоно, сайхан сүүлээ сагсалзуулан өргөн хээрт дүүлэн эзэгнэгч үнэг, овоолсон шороон дээрээ гэнэхэн зүүрмэглэх тарвагыг тэнгэрийн дайдаас эрчлэн нумран базах бүргэд миний нутгийн үнэ цэн.
1
Хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх Монголын тэгш өндөрлөг үнэ цэн. Монголын эр хүн болгон хэдий муу хэлэгдэвч буугаа мөрөвчлөөд фронтын тэргүүн эгнээнд эрсдэн унана. Ард үлдсэн эгч дүүс, ижийнхээ төлөө тэд ганхийх ч үгүй сөхөрнө. Үнэ цэнийн тухай, ганц үсгийн тухай биш энэ үгийн утгын төлөө Монгол түмэн 40-өөд мянган хүнээ зольж байж хойд хөршөөсөө эрх чөлөөгөө “худалдаж” авсан юм. Уурлаж унтууцах үедээ ижийнхээ цагаан сүүг залгилснаа санаж, өвдөж эгээрэх үедээ ижийнхээ өлөн сүүг ууж тэнхэрдэг жаягийг мөрөөдөн Монгол минь ямар аугаа үнэ цэнтэй вэ гэж дуун алдмаар санагдах юм.
1
Лан, цэнгийн бараа, ямх сөөмийн нутгаар ч болов эх нутгаа бид арилжихгүй. Учир нь Модуны сургааль бий. Энэ үнэ цэн биш гэж үү. Сэтгэл хомсдвол түмийг алдана, ухаан хомсдвол бүхнийг алдана гэдэг дээ. Хэл бичгээ алдаад эхэлбэл хэтийн үйл хэрэг минь бүрхэг байх болов уу. Ер нь Төрийн хэлний зөвлөлийн Ж.Нэргүй ахад хаяглахад үнэ цэнэ, үнэ цэн гэдэг үгийн үгийн утгыг нийтгэн ариусгаж зохистой хариуг өгөхийг хүсэмжлэе. Буруу бол хүлцэл өчнө.
1
Н.Бадамжав