Монгол хүнд нүүрлэхгүй аюул гэж байхаа больжээ. Одоо бүр ирээдүй хойч үед маань илэрхий заналхийлж эхэлжээ. Эхэлжээ ч биш өрнөөд байгаа юм биш үү энэ үйл явц. Агаар, хөрс, усны бохирдлоос үүдэлтэй өвчлөл монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрчихсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Амьгүй хүүхэд төрөх, үр зулбалт, үргүйдэл эмэгтэйчүүдийг нэрвэж байгаа бол эрчүүдийг элэг, ходоод, түрүү булчирхайн хавдрууд түгшээж байна. Дайны голомтод байгаа мэт хэдэн мянгаараа зарлаагүй дайны фронтонд буу зэвсэггүй сууж байна.
6
1992 оны Үндсэн хуулиар Монгол хүн нутаг дэвсгэр дээрээ хаа ч амьдрах эрх чөлөөтэй гэж тунхагласанаас хойшхи хотжин суурьшсан жилүүдийн гунигт үр дагавар нь энэ болж байна. 500-хан мянган хүнээр тооцож байгуулсан нийслэл хотод өнөөдөр нэг сая 200 мянган хүн амьдран сууж байна. Ирсэн болгон нь хаа сайгүй хашаа хатгаад суучихна. Алга дарамхан газар ачааллаа дийлэхгүй сууж байна. Гений гажигтай хүүхэд 10 мянган төрөлт тутамд гурван хувиар өсөөд байна. Хүний удмын бүтцийг өөрчилдөг цацраг идэвхт, хими болон биологийн гэсэн гурван хүчин зүйл байдгаас хими, биологийнх нь манайд илүү илрэх болжээ. Нарийвчлан судлавал нөгөө утаа униар, хөрс, усны бохирдлын өмнө нь хүний гаралтай бүтээгдэхүүнээс үүдэх хор хөнөөл нэгдүгээрт жагсч байна. Чимээгүй тахал гэгч нь энэ. Учир нь хүснээр тархдаг хор хөнөөл хэрэглэж байгаа хүндээ хор хөнөөл багатай ч гэлээ үр хойчид нь нөхөж баршгүй эмгэг авчирдаг гэнэ. Бид Монгол хүн гэж цээжээ дэлдэх дуртай. Энэ бахархал маань тун удахгүй монгол хүн байсан юм гэх харамслаар солигдох бий. Хоол хүнсний аюулгүй байдлаа манайхаас бусад орон импортоос хараат байхыг чухалчилдаг юм билээ. Бидний өндөр хөгжилтэй хэмээн бахархан ярьдаг тэдгээр улс орнуудад хотжил гэх зүйл аажмаар жам ёсны дагуу явагдсан болохоор тэдний бие организм үүнд дасан зохицохын тулд зовлон амсаагүй. Харин манайд бол эсрэгээрээ. Ерээд оноос өмнө айл болгоны тогооноос гурилтай борцтой шөлний үнэр сэнхийдэг байлаа. Хүүхэд насны минь гэгээн дуртгалын нэгээхэн хэсэг. Хаа нэгхэн баяр ёслолоор хуушуур, бууз хүртэнэ. Айл гэр гайгүйхэн мөнгөтэй болчихоороо цуйван хийж гэр бүлээ баясгана. Тэр нь өдрийн од шиг. Хоолны төрөл зүйл жилийн турш арван хуруунд л эргэлдэнэ. Өнөөдрийн цаг үетэй харьцуулах юм биш. Хоолны нэр төрөл, орцын хувьд замбараагаа алдсан. Будаа тариалдаггүй хэрнээ будаа голлоно. Далайн эрэг хөвөөгөөр нутагладаггүй хэрнээ далайн гаралтай хоол хүнс. Хэрэглэгдэх орц нь бүгд импортоор вагон вагоноор тээвэрлэгдэнэ. Хил гааль дээрээ олигтой нарийн шинжилгээний лаборатори байхгүй болохоор өнгөц шалгаад л нутгийн гүн рүү илгээнэ. Удаан хугацаанд үйлчилдэг хор тээгээд л ирж байгаа хэрэг. Импортоос хамааралтай энэ улс өөрөөр яаж ч өсөн нэмэгдсээр байх хэрэгцээгээ хангаж чадах вэ дээ. Хүндрэл байх нь байна. Харин хүндрэлээс гарсан туршлага бас байна шүү.
6
Палестинчуудтай байгуулагдсан цагаасаа хойш тэмцэж байгаа Израйлийг хар. Эрт урьдын цагт биш саяхан, ердөө 60-хан жилийн өмнө дэлхий дээр нэгэн улс байгуулагдаж гал голомтоо асаасан юм. Энэ бол дэлхийн их дайны хөлд цус нулимстайгаа хутгалдаж, үйлийн үрээрээ үлдэж хоцорсон 7000 хүрэхтэй үгүйтэй хэдэн жүүд байлаа. Еврейн улс байгуулагдсан цагаасаа л хөрш зэргэлдээх лалын ертөнцийнхний халдлага дайралтад байнга өртөж амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэлд ард түмнээрээ нэгдэн орсон юм.
7
Жүүдийн улсын газар нутаг нэг их нүд баясгаж, сэтгэл ханаад байх баялагтай нутаг биш байлаа. Элсэндээ дарагдсан манай Замын-Үүдэрхүү, үржил шим багатай, ашигт малтмал гээд байх зүйл нэг ч байсангүй. Нефтиэр баялаг арабын ертөнцийн хамгийн муу газар нутаг байсан юм. Гэсэн ч жүүдүүд голсонгүй. Анхны нүүж очсон 700 мянга хүрэхтэй үгүйтэй хүн гадны халдлага дайралтаас сэргийлэх үүрэг бүхий батлан хамгаалах салбартаа илүү их хөрөнгө мөнгө төсөвлөжээ. Тэдний дараагийн анхаарсан нэг чухал зүйл бол хүнсний хангамж байсан. Эргэн тойрондоо дайснуудаар хүрээлэгдсэн болохоор тэднээс импортоор хүнсний хангамжаа бүрдүүлэх нь үндэсний аюулгүй байдалд нь шууд сөргөөр нөлөөлөхөөр байсан. Тиймээс ч цоо шинэ эх үүсвэрийг олох шаардлага гарч ирсэн хэрэг.
7
Мэдээж энэ бол хүнсний хангамжийн гол эх үүсвэр болох хөдөө аж ахуйг хөгжүүлэх учиртай гэсэн гарц байлаа. Үржил шим муутай, цөлийн хөрсөн дээр хүнсний ногоо тарьж ургац авна гэдэг нэг л бүтэмж муутай сонсогдох байх. Гэтэл өнөөдөр Изриальчууд чухам энэ л хөрсөн дээр ургуулсан хүнсний ногоогоороо өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй бусад оронд экспортолж байна.
7
Гайхмаар шүү. Монголын хөрс шорооноос хэдэн арав дахин үржил шим муутай газраас 7.2 сая хүн амын хэрэгцээг хангачихаад цааш нь экспортолж байна гэдэг итгэхэд бэрх. Тэд өндөр технологид суралцаж түүнийгээ амьдрал дээр амжилттай туршсаны ач тусаар ийм амжилтад хүрчээ. Бусдаас хамааралгүй, бусдын эрхшээлээс ангид өөрийн улс орноо оршин тогтнуулж үндэсний аюулгүйн байдлаа хамгаалахад зөвхөн батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэхэд голчлон анхаарах бус хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлаа дээдлэх нь улс орныг хүчирхэгжүүлдгийн тод жишээ бол изриальчуудын дээрх арга барил. Хоол хүнсээ бусдаар бэлдүүлдэг улс орны оршин тогтнох үндэс суурь, аюулгүйн байдал үргэлж тэнцвэргүй, сэжигтэй байдаг гэдэг үг ийм л нарийн утга учрыг агуулж байгаа юм.
6
Монголчуудад тэнгэрийн ивээлээр асар уудам газар нутаг заяажээ. Газар доорх болон дээрх баялгаараа дэлхийн аль ч улс орноос илүү гарна уу гэхээс яавч дутахгүй. 30 саяар тоологдох мал сүрэг түүнээс гарах ашиг шим. Хэчнээнийг бол хэчнээнээр нь үр тариа, хүнсний ногоо тариалчих үржил шим бүхий газар шороо байна. Тэгээд хоол нэхдэг ам нь хоёр зуун сая биш хорин сая ч биш хоёр сая зургаан зуухан мянгуулаа. Шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулж байсан тэр жилүүдэд бид хүнсний аюулгүйн байдал гэхээсээ илүүтэй хүнсний хангамжинд анхаарлаа хандуулж байлаа. Яавал ард түмнээ хүнсний хомсдолд оруулахгүй байх вэ, яавал өлсгөчихгүй байх вэ гэдэг асуулт үе үеийн Засгийн газар, УИХ-ын толгойны өвчин болж байсан. Энэ нь ч аргагүй юм. Аюулгүйн байдал ингэж хоёрдугаарт тавигдсанаар импортын чанартай, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн зах зээлд дүүрсэн.
7
Харин өнөөдөр аюулгүй байдалдаа анхаарах цаг болсон. Байдал тун эвгүй болсон. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хийсэн хяналт лабораторийн шинжилгээний дүнгээс үзэхэд 17.5 хувь нь нян, 5.3 хувь нь хөгц мөөгөнцөрийн, 14.8 хувь нь хими, 9.4 хувь нь хүнд металийн бохирдолттой стандартын шаардлага хангаагүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг супермаркет, дэлгүүрийн 9.3 хувь, худалдааны төв захын 12.5 хувь, мухлаг ТҮЦ-ийн 21.7 хувь зориулалтын бус байранд үйлчилгээ явуулж, 44.5 хувь нь агуулахгүй, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүний 29.1 хувь нь бохирдох эрсдэлтэй, бүтээгдэхүүний 71.1 хувийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөсөөр л байгаа гэсэн дүгнэлт гарсан байх юм. Тоонд угаас дургүй бэлгэдэлд анхаарлаа хандуулдаг монголчуудад нэг их аймаар тоо сонсогдохгүй байж болох юм. Гэхдээ энэ бол үндэстний оршин байх эсэх тухай тун чухал асуудал. Хүнсний хангамжаа өөрсдөө шийдье гэхээр төр засгийн тэргүүн нар “Мах гурил байхад юун тансаг юм бэ” гэж загнах нь холгүй. Хэрэглээ нь олон төрөл болоод байхад хуучинтайгаа зууралдаад байх жишээтэй. Далайд ургадаг байцаа тэргүүтнийг ургуулах далай тэнгис нь бидэнд байхгүй. Гэхдээ өндөр технологиор ургуулчих бүхэл бүтэн аж ахуй Арабын цөлд байна. Тэд өөрснөө хангаж байна. Нефтиэр баяжсан Шейх, султанууд мөнгө асгаад тариалж байгаа гэж магадгүй юм. Тэгвэл мөнгөгүй нэг нь улсын хил дээрээ чанар стандартыг нь бүрэн хангасан бүтээгдэхүүнийг нарийн шинжлээд дотогш нэвтрүүлж байна.
7
Импортоос хэт хамааралтай байж болно. Харин чанд хариуцлагатай байх ёстой. Ядаж хоолны газрын эзэн өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө ресторанд хооллуулдаг байх тийм совесттой байх ёстой.
7
Н.Бадамжав