Манай орны хувьд жил бүрийн наймдугаар сард их амралтын үе тохиодог. Улсаас албан ёсоор амралтын улирал гэж онцолж захирамжлаагүй ч, байгаль цаг уурын онцлогоосоо шалтгаалаад бичигдээгүй энэ хууль үйлчилж ирсэн уламжлалтай. Нийслэлчүүд бидний хувьд их хотын нүргээнт дуу чимээ түр намжиж, амсхийсэн үе тохиож байна. Их амралтын энэ өдрүүдэд нийслэлчүүдийн анхаарлаас сарниагүй нэг асуудал бол гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөлийн бүртгэл. Дотоод, гадаад дэлхий дахинд өрнөж байгаа шуугиант үйл явдлаас илүүтэй газар өмчлөлийн асуудал нийслэлчүүдийн хараанд байлаа. Тиймээс ч наймдугаар сарын 1-ний өдрийг умарталгүй хоног тоолон хүлээж, заасан цахим хаяг руу бүртгүүлэхээр хүлээлттэй байсан юм. НИТХ-ын тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.
1
Нийслэлчүүд бид газрын үнэ цэнийг хамгийн сайн мэдэрдэг улс. Тиймээс ч заасан дүүрэгт хол ойр хамаагүй бүртгүүлж газартай болохоор бүртгүүлж байна. Бүртгэл 15 хоногийн хугацаанд явагдана. Гэвч бүртгэл эхэлснээс хойшхи дөрвөн цагийн байдлаар www.umch.ub.gov.mn сайтын цахим бүртгэлийн хэсэг дөрвөн сая гаруй хандалт авсан тухай албаныхан мэдээлж байсан.
1
Өмнөх 2002-2014 оны хооронд нийслэлийн хүн амын 7.6 хувь нь 4850 га газар өмчилж авчээ. Харин улсын хэмжээнд нийт хүн амын 11 хувь нь газраа өмчилжээ. Энэ нь тун чамлалтай тоо юм. Үүний цаана 1.1 сая иргэн өмчлөх эрхээ эдэлж чадаагүй. Мэдээлэлгүй, мэдээллийн тэгш хүртээмж муу, төрийн хүнд суртал, чирэгдэл их, газар өмчлөхөд цаг хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэд газар өмчлөхөд сөргөөр нөлөөлжээ. Газар өмчлөл анх явагдахад иргэд аль болох хотын төв орчимд, дэд бүтэц, нийтийн тээвэр, худаг усандаа ойр гэх мэтчилэнгээр сонголтоо хийхээр эрэлд гарч байлаа. Харин өнөөдөр сонголтууд ард хоцорч, хотоос алслагдсан хэсэг байсан ч хамаагүй, газар өмчлөх бүртгэлд хамрагдахаар хошуурцгааж байна. 10 гаруй жилийн өмнөхтэй өнөөдрийг харьцуулашгүй л дээ. Тухайн үед төвийн ес дүүргийн хаана нь ч газар өмчлөхөд нээлттэй, газар нь ч байлаа. Харин эдүгээ хотын төвийн дүүрэгт гэр бүлийн хэрэгцээнд өмчлөх газаргүй, гэр хорооллыг барилгажуулах нэрийдлээр сөөм газрын үнэ ч тэнгэрт хадчихсан. Газраа аль эрт өмчилж авсан өрх айлууд “манай газар барилгажих төлөвлөгөөнд орчихсон. Хоёр өрөө байрны үнэ хүрнэ” гээд гэдийчихсэн үе.
1
Ийм цаг үед хувьдаа газар өмчлөөгүй хотын иргэн хохирч үлдэж байна. Харин энэ удаад хотын захиргаанаас өмчлөх газрын байршлыг тов тодорхой нэрлэлээ. Тэгээд ч цахим мэдээлэл хөгжсөн энэ үед иргэд дүүрэг дүүргийн газрын алба руу цаас барин гүйлдэж, урт дараалал үүсгээд байхгүй, хаана яваа газраасаа интернэт сүлжээгээрээ дамжуулан газар өмчлөхөөр бүртгүүлж байна. Гэхдээ бүртгүүлсэн иргэн бүр газар өмчлөхөөр хамрагдсан гэсэн үг биш шүү гэдгийг албаныхан анхааруулж байгаа. Энэ үг иргэдийн эгдүүг хүргэж, “дээгүүрээ хуваагаад авчихна биз” гэх жижүүрийн үгийг дагуулж буй юм.
1
Нөгөөтэйгүүр “цахим бүртгэл”-д бүртгүүлсэн ч цаад газар нь засалт хийж, танил талдаа газар өмчлөх эрхийг олгочих вий гэсэн хардалт нийгэмд түгээмэл байгаа. Энэ нь цахим засаглалд итгэхгүй байгаадаа бус. Төрийн албан хаагчдад, цаашлаад төрд иргэдийн итгэх итгэл алдарсныг харуулж байгаа биз.
1
Энэ хавар Төрийн орон сууц корпорациас барьсан орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг автомат машинаар бүртгэсэн. Уг бүртгэлийг явуулахад ч иргэдэд үл итгэх хандлага ажиглагдаж байлаа. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх ажлыг цахимаар явуулахад энэ үл итгэх байдал давтагдлаа. Гэхдээ иргэд азын сугалаанд оролцож байгаатай адил “юмыг яаж мэдэх вэ, бүртгэлд хамрагдчих ч юм бил үү” гээд бүртгүүлсээр байна. Тиймээс ч төрд гэхээсээ өөрийн азандаа найдсан энэ өдрүүдэд өмчлөлийн газар бүртгэх цахим хаяг нь гацаж, вирустэхгүй байвал иргэдийг бухимдлыг намжаах биз. Өмчлөлийн газрын төлөөх цахим марафонд хэн гэдэг нийслэл хүүгийн аз нь гийж, бүртгэлд хамрагдсан байхыг 15 хоногийн дараа л холбогдох албаныхан мэдээлэх биз ээ.
1
Н.Энх